БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин өнгөрсөн сарын 24-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг ХНХЯ-нд хүлээлгэн өгснийг та бүхэн санаж буй байх. Энэ төвийг ашиглалтад оруулснаар хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхэд хэвтэн эмчлүүлэхээс гадна мөн тооны хүн амбулаториор үйлчлүүлэх боломжтой. Хамгийн гол нь хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй, эсэхийг эрт үед нь илрүүлж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэн эрүүл саруул болоход нь чухал үүрэг гүйцэтгэнэ.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд бий аж. Тэдгээрээс 1281 нь харааны, 856 нь хэл ярианы бэрхшээлтэй. Цаашлаад сонсгол муу 848, хөдөлгөөний бэрхшээлтэй 2571 хүүхэдтэй гэхчилэн үргэлжилнэ. Мөн тэргэнцэртэй 594, байнгын асаргаанд байдаг 5648 хүүхэд бий. Тэдэнд хүрч үйлчлэх, эмчилгээ авах заримыг нь эрүүл саруул болгох асар том зорилго энэ төвийнхөнд бий. Засгийн газар энэ төвд 189 хүн ажиллуулахаар болж, цалинг нь улсын төсөвт суулгасан.
Түүнчлэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийг хүлээлгэж өгөхдөө хоёр жилийн хугацаанд хамтран ажиллаж, дутуу байгаа хэрэгцээтэй 155 нэр төрлийн багаж, хэрэгслийг нь нэмж хандивлана гэдгээ илэрхийлсэн. Харамсалтай нь, “Хүчит чулуу” компанийнхны урагшгүй байдлаас болж уг төв үүдээ нээж чадахгүй өдий хүрлээ. Тодруулбал, “Хүчит чулуу” компани уг барилгын гадна талын цэвэр, бохир усны шугам холбох үүрэг хүлээжээ.
Тус компани ажлын төлбөр болох 800 сая төгрөгийг урьдчилан авсан ч өнөө хүртэл шугамаа холбож дуусгаагүй аж. МХЕГ болон хөндлөнгийн шинжээч нар өнгөрсөн жил “Хүчит чулуу” компанийн ажлыг шалгаж технологийн горим зөрчиж буйг анхааруулсан байна. Ингэж анхааруулсаар байтал тус компанийнхан батлагдсан зураг төслөөс зөрж, чанарын шаардлага хангахгүй шугамыг хагас дутуу угсарсан гэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа эхлэхгүй байгаа гол шалтгаан нь дээрх зөрчил юм байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэгээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн онд удаа дараа хуралдаж, “Хүчит чулуу” компанийн захирал Б.Батзаяаг дуудан, ажлаа гүйцэд хийхийг даалгасан аж. Гэсэн ч бөх зүрхтэй, бүдүүн хүзүүтэй энэ захирал улсын ажлыг урагшлуулахгүй хойш татсанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй өдий төдий хүүхдийг хөлдөө чирч явна гэдгийг ХНХЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Чинзориг хэлсэн.
Тэр ч бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 10-нд тус төвийн барилгын ажилтай биечлэн танилцаж, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэж өгөх, тус төвд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулахыг захисан юм билээ. Гэтэл Б.Батзаяа захирал Ерөнхийлөгчийн үгийг ч үл ойшоож, өнөөдрийг хүртэл ажлаа дуусгаагүйгээс гадна яамны Төрийн нарийн бичгийн дарга болон хэлтэс, газрын дарга нарыг загнаж, зандарч яваа сурагтай.
Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар 2016 онд гэрээ байгуулснаар уг төвийг барьж эхэлсэн. БНХАУ-ын 35 сая ам.долларын буцалтгүй тусламжаар өнгөрсөн сард барьж дуусгасан юм. Барилгын зураг төслийг БНХАУ-ын IPPR олон улсын инженерийн компани гаргаж, гүйцэтгэх ажлыг мөн тус улсын CTCE групп гардан хийсэн. Тодруулбал, хоёр га газарт 14 990 ам.метр талбай бүхий барилга, байгууламж барьж, тоног төхөөрөмжийг угсарч суурилуулаад хүлээлгэн өгсөн билээ.
Гэтэл гадна талын цэвэр, бохир усны шугамын ажлыг гүйцэтгэх болсон монгол компани санхүүжилтээ бүрэн авсан хэрнээ ажлаа дутуу хийж, төрийн байгууллагынхны удаа дараагийн шаардлагыг хүлээж авахгүй гэдийж суугааг дахин онцолъё. Тиймээс ХНХЯ-наас “Хүчит чулуу” компанийг шүүхэд өгөхөөр болжээ. Төвийн гаднах цэвэр, бохир усны холболтыг хийгээгүйгээс худаг гаргаж, бохироо юүлж түр аргацааж буй гэнэ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ийм цогц төв Монголд өмнө нь байгаагүй. Энэ төвийн барилгыг ашиглалтад оруулах гэж буйд олон хүн талархаж, хэзээ нээгдэх бол гэж хүлээж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.Ганчимэгээс энэ талаар тодруулахад “Монголын компани ажлаа дутуу хийснээс Улсын комисс барилгын ажлыг хүлээж аваагүй. Тодорхой ажлуудыг нэмж гүйцэтгэх даалгавар өгсөн. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуусан ажлын хэсэг төвийн үйл ажиллагааг аль болох хурдан эхлүүлэхээр хичээж байна.
Энэ сардаа багтаан Засгийн газрын хурлаар оруулж, төвийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгох, ЭМЯ юуг хариуцах, БСШУСЯ боловсон хүчнийг хэрхэн бэлтгэх болон магадлан итгэмжлэлийн асуудлыг хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Шинэ төв нээгдсэнээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эхийг сургалтад хамруулна. Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд амьдрах ухааны хичээл заана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхийн холбоо, аутизм, дауны холбоод хамтарч ажиллана. МУБИС-ийн Тусгай боловсролын тэнхимийн төгсөгчдөөс найман хүүхэд сонгон авч хамтран ажиллах санал тавьсан. Одоогоор тус төвийн ажилтны орон тоог баталж, 2.5 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. 2020 онд ажилтны тоог 360 болгож нэмнэ. Гол нь Улсын комиссын шийдвэрийг хүлээж байна” хэмээсэн.
Мэргэжилтнүүд энэ төвийг орчин үеийн шаардлагад нийцсэн эмчилгээ хийх боломж бүрдсэн, нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон цогцолбор гэдгийг онцолж буй. Тиймээс уг нь төв ажиллаж эхэлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд олон улсын жишигт нийцсэн цогц үйлчилгээ үзүүлэх аж. Хамгийн гол нь тус хөгжлийн төвд багш, эмч, нарийн мэргэжлийн сэргээн засалтын мэргэжилтнүүд ажиллаж эцэг, эх, гэр бүлийнхэнд зориулж байнга сургалт явуулах юм гэсэн. Нөгөө талаар энэ төв эрүүл мэнд, боловсрол, нийгэм, сэтгэл зүйн чиглэлээр суралцаж буй зарим оюутны судалгааны ажлын суурь бааз болох юм билээ.
Мөн БНХАУ-ын Засгийн газар нэмэлт гэрээ байгуулж, төвийн орц, гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барьж, гэрэлтүүлэг хийж өгөхөөр болжээ. Үүнээс гадна ногоон байгууламж, хүүхдийн спорт талбайг есдүгээр сард багтаан барина. Мөн тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургаж, дадлагажуулах аж. Харамсалтай нь, улсын ажлыг урагшлуулахгүй, хяналт шалгалтыг уландаа гишгэсэн “Хүчит чулуу” компанийнхан хэдийд ажлаа дуусгах нь тодорхойгүй байна. Үүнээс улбаалан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв хэзээ үүдээ нээхийг хэлж мэдэх хүн одоогоор алга.