Би тун удахгүй ээж болно. Анхны үрээ өлгийдөн авах гэж буй бусад бүсгүйн адил догдолж, бас тэр хэрээр айж байна. Гэхдээ энэ жаргалтай, хүлээлттэй айдас. Анхны жирэмслэлт болоод ч тэр үү, гэр бүлийнхэн намайг жигтэйхэн бөөцийлж, бараг л алхаа гишгээ, өмсөх хувцас, идэх хоолыг минь зааж байгаа.
Эмнэлэгт очоогүй өнжсөн долоо хоног үгүй гэхэд хилсдэхгүй. Зарим нь “Хэт бөөцийллөө. Юун сүртэй юм” гэж бодож магадгүй. Гэхдээ өнөө үед эрүүл саруул хүүхэд тээж төрүүлэх нь хүнд даваа болсныг Өрхийн эрүүл мэндийн төвийн захын эмч хэлдэг.
Агаар, орчны бохирдол, ажлын ачаалал, бухимдал, буруу хооллолт, элдэв зуршил гээд олон дарамт жирэмсэн эмэгтэйчүүдэд заналхийлэх болсноос тэр. Энэ бүх эрсдэл, аюулаас сэргийлэхийн тулд эмч нар жирэмсэн эмэгтэйчүүдэд нэмэлт бэлдмэл, аминдэмийг төрөл төрлөөр нь “бичиж өгдөг” болов.
Би найман сарын хугацаанд 7-8 төрлийн витамин, бэлдмэл уусан байна. Хамгийн сүүлд 20 гаруй хоногийн өмнө хяналтын эмчдээ үзүүлэхэд хүчилтөрөгчийн коктейль уухыг санал болгов. Урагт ямар ач холбогдолтойг түүнээс лавлахад “Бодисын солилцоо дэмжиж, хоолны шингэц сайжруулдаг. Дархлаа дэмжинэ. Утаатай үед урагт маш сайн” гэв. “Харшилдаг витамин, бодис найрлагад нь байна уу, үгүй юү гэдгийг хараарай” гэж зөвлөв.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө хүчилтөрөгчийн коктейлийн талаар онцгүй нэвтрүүлэг үзсэн болоод ч тэр үү, түүний ид шидэд нэг л итгэл төрсөнгүй. Ингээд жирэмсний хяналтад давхар орсон “Тод дэлгэц мед” эмнэлгийн эмчээс зөвлөгөө, мэдээлэл авав. Тэрбээр өрхийн эмчээс эсрэг зүйл ярилаа. “Уух шаардлагагүй. Хоолны шингэц сайжруулдаг нь үнэн. Гэхдээ одоо ууж байгаа витаминууд чинь хангалттай” гэж зөвлөлөө. Ийм коктейль нь агаарын бохирдлын уршгаас сэргийлж, хүчилтөрөгчийн хангамж сайжруулдаг гэдэгт энэ эмч эргэлздэг аж.
Өнгөрсөн долоо хоногт өрхийн эмчид үзүүлэх төлөвлөгөөт хугацаа таарав. Тэр намайг “даалгавар”-аа биелүүлсэн, эсэхийг асуулаа. “Хүчилтөрөгчийн коктейлийн талаар янз бүрийн яриа дуулдах боллоо. Уушги, амьсгалын тогтолцоонд ач холбогдолтой гэдгийг нь шинжлэх ухаанаар тогтоосон баримт, судалгаа байхгүй гэнэ. Уухаас болгоомжлоод байна” гэж мэдэмхийрэхэд өнөөх сайхан зантай эмч ихэд бухимдаж, “Хэрэгтэй, ач холбогдолтой учраас л би чамд санал болгосон. Бид мэдэлгүй дээ” хэмээв. “Одоо утаа харьцангуй багассан. Заавал уух ёстой юм уу” гэж хэлээд түүний уурыг бүр ч хүргэв.
Ингээд олон сарын турш найрамдалт харилцаатай байсан бид хоёр анх удаа санал зөрөлдөж, муудалцах нь тэр. Уншигч та ийм нөхцөлд хэнийх нь үгийг дагах байсан бэ.
Сүүлийн үед манай улсад агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Эрүүл мэнддээ анхаардаг иргэд гадуур явахдаа амны хаалт байнга зүүж, гэртээ агаар цэвэршүүлэгч ажиллуулж, хэн нэгэн эмчийн заавраар бус, сайн дураараа хүчилтөрөгчийн коктейль хэрэглэдэг боллоо.
Харин агаарын бохирдлын сөрөг нөлөөг хамгийн их амсдаг эмзэг бүлэг гэгддэг бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдэд эмч нар дээрхийн адил “шахаа хийх нь” түгээмэл. Үүнийг дагаад энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт ихсэж, зах зээлд нийлүүлэгч оширчээ. “Увидаст фарм” эмийн сангийн худалдагч Г.Оюунаа “Хүчилтөрөгчийн коктейль их эрэлттэй. Манайх ихэвчлэн герман, солонгос коктейль худалддаг. Германых нь харьцангуй үнэтэй ч зарим өдөр 50, 60-ыг борлуулдаг” гэв.
“Википедиа”-д “Хүчилтөрөгчөөр баяжуулсан ундааг хүчилтөрөгчийн коктейль гэнэ. Коктейль хэлбэрт оруулахын тулд лакриц (эмийн ургамал)-ын үндэсний экстракт (ханд), хуурай өндөг, сүү зэрэг хүнсний хөөсрүүлэгч ашигладаг. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг оксиген эмчилгээний нэг хэлбэр гэж болох бөгөөд цусан дахь хүчилтөрөгчийн агууламжийг нэмэгдүүлдэг тул эмчилгээний, урьдчилан сэргийлэх зорилгоор ашигладаг” гэж тайлбарлажээ.
Энд бичсэнээр ийм коктейль нь хүчилтөрөгчийн хангамж, агууламжийг сайжруулах шидтэй болж байна. Гэтэл мэргэжлийн зарим эмч, анагаахын салбарын судлаачид үүнийг үгүйсгэх боллоо. ДЭМБ-ынхан хүртэл ийм байр суурьтай буйгаа албан ёсоор илэрхийлсэн.
ДЭМБ-ынхан өнгөрсөн онд хамгийн их агаарын бохирдолтой хотуудад оршин суудаг иргэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалж байгаа талаар судалж, тайлан, мэдээллийг тус оны тавдугаар сард албан ёсны цахим хуудас (WHO)-нд байршуулсан байдаг. Үүнээс улбаалан “Дэлхийн хамгийн бохир агаартай нийслэлд амьдардаг монголчууд хүчилтөрөгчийн коктейль ууж байна” гэсэн нэртэй нийтлэл гадаадын цахим сайтуудад гарсан юм.
Манай иргэд утааны уршгаас сэргийлэхийн тулд хүчилтөрөгчийн коктейль, уушги цэвэрлэх цайг түгээмэл хэрэглэдэг нь эл судалгаагаар тодорхой болжээ. Судалгаа хийсэн Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийнхэн “Монголчууд агаарын бохирдлоос сэргийлж, арга хэмжээ авч байгаа нь сайшаалтай ч энэ нь ямар ч үр дүнгүй. Уушги цэвэрлэх цай, хүчилтөрөгчийн коктейль нь агаарын бохирдол ихтэй хотод нэг төрлийн ашигтай бизнес болсон.
Хорт бодис, тоосонцроос хамгаалах ач холбогдолтойг нь шинжлэх ухаан тогтоогоогүй” гэж онцолжээ. (Энэ талаарх дэлгэрэнгүй судалгаатай танилцахыг хүсвэл интернэтээс “Mongolians drink oxy¬gen cocktails to cope with smog in world’s most polluted capital” гэж хайна уу)
Ийм коктейль ууснаар ойд гурван цаг зугаалсантай дүйх хэмжээний хүчилтөрөгч авдаг гэж сурталчилдаг. АШУҮИС-ийн захирал асан, анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа энэ талаар маш тодорхой ярьсан байв.
Тэрбээр “Төрөл бүрийн микро элемент, уураг, нүүрс ус нь ходоод, гэдсээр дамжин хүний биед шимэгддэг. Харин хүчилтөрөгчийн солилцоо зөвхөн уушгаар дамждаг. Хэзээ ч ходоодоор дамжихгүй. Хөөсөөр баяжуулсан коктейль хий хэлбэрээр шимэгдээд, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлдэг гэдгийг батлах баримт, нотолгоо алга. Хүчилтөрөгч хүнд мэдээж хэрэгтэй. Гэхдээ ийм бүтээгдэхүүнээр хүчилтөрөгчийн хэрэгцээг хангана гэвэл үүн шиг үлгэр байхгүй” гэжээ.
“Энх төрөхүй” жирэмсэн эмэгтэйчүүдийн сургалтын төвийн эх барих, эмэгтэйчүүдийн их эмч Д.Цэндсүрэн ч яг ийм зүйл ярьжээ. Тэрбээр “Жирэмсэн эхчүүдийг түүхий, шүүрхий, ариутгаагүй бүтээгдэхүүнээс татгалзахыг дэлхий нийтээрээ зөвлөдөг байтал хүчилтөрөгийн коктейль уухыг дэмжиж, бизнес хийж байгаа нь хачирхалтай. Коктейлийн найрлагад түүхий өндөг ордог учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй байх магадлал өндөр” хэмээн сэрэмжлүүлсэн байна.
Агаарын бохирдол бидэнд тулгамдсан асуудал. Үүнээс хамгаалах нь мэдээж чухал. Гэхдээ хамгаалж байна гээд элдэв янзын баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэх нь бүр ч урхагтай. Тиймээс эмчилгээний зориулалттай гэх энэ мэт бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ тун болгоомжтой, хашир хандах нь буруудахгүй гэдгийг дээрх эмч, судлаачдын яриа тодотгож байна. Хэн нэг эмчийн санал болгосон бүтээгдэхүүнийг сонгохдоо, хэрэглэхдээ ч судалж, давхар нягтлахад гэмгүй.