Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Уг хуулийг анх 2005 онд баталснаар төрийн худалдан авах үйл ажиллагаа хуулийн нэгдсэн зохицуулалтад орсон бөгөөд өнгөрсөн хугацаанд 20 гаруй удаа өөрчлөгджээ. Энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газар болон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан нар худалдан авах ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлснийг нэгтгэн, хэлэлцэж буй юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд цахим худалдан авах ажиллагааны иж бүрэн зохицуулалт бий болгох, ногоон болон урьдчилсан худалдан авалтыг нэвтрүүлэх, худалдан авах ажиллагааны шуурхай, ил тод байдлыг хангах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шинэлэг, дэвшилт арга замыг санал болгожээ. Харин УИХ-ын гишүүдийн санаачилсан төсөлд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, худалдан авах ажиллагаанд чанарын үзүүлэлтийг гол болгох өөрчлөлтийг тусгасан байна.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд УИХ-аар хэлэлцэн, дэмжсэнээр хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Төсвийн байнгын хороонд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан. Засгийн газрын төслийн үзэл баримтлалыг бүхэлд нь дэмжиж байгаа тул зүйл заалтыг нь суурь болгон, нэгтгэсэн төсөлд хэвээр хадгалах зарчмыг ажлын хэсэг баримталжээ. Ажлын хэсгээс төсөлд хэд хэдэн санал тусгахаар бэлтгэсэн байна.
Тухайлбал, одоо мөрдөж буй хуульд хамгийн бага харьцуулах үнэтэй саналыг “хамгийн сайн үнэлэгдсэн тендер” гэж үзнэ гэж заасантай холбоотойгоор ялсан этгээд чанар муутай, насгүй гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх явдал олон гардаг учир “хамгийн сайн үнэлэгдсэн тендер”-ийн тухай ойлголтыг тодотгон, найруулгыг сайжруулах шаардлагатай гэв. Мөн худалдан авах ажиллагаанд оролцогчдыг сонгон шалгаруулахдаа тухайн компанийн санхүүгийн чадавхаас илүүтэй бараа, ажил үйлчилгээг үзүүлэх мэргэжлийн багийг сонгон шалгаруулж, тэдэнд давуу эрх олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломжтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ ТЭЗҮ бэлэн биш, зураг төсөв нь батлагдаагүй, газрын зөвшөөрөлгүй, дэд бүтцэд холбогдоогүй төсөл арга хэмжээг төсөвт тусгаж баталдаг, Төсвийн болон Барилгын тухай хууль зөрчдөгийг халах эрх зүйн зохицуулалтыг бий болгох боломж бүрдэнэ гэж харж байгаагаа ажлын хэсгийн ахлагч Д.Оюунхорол танилцуулгын үеэр дурдсан. Тендерт шалгарсан боловч чанаргүй ажил гүйцэтгэдэг компаниудын “хар жагсаалт”-ыг нийтэд ил тод зарлах, худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг нь хасах зэрэг заалтыг сэргээх саналыг ажлын хэсгийнхэн гаргаж буй аж. Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, тендерийн маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн процессыг хялбаршуулах шаардлага бий хэмээлээ.
Мөн хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт илтгэл танилцуулав. Тэрбээр “Хуулийг хэрэгжүүлэхдээ худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига, ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааны тогтолцоог нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүссэн” гэв.
Түүнчлэн дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хуулийн холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгож, зохих өөрчлөлтүүдийг хуулийн төсөлд тусгасны зэрэгцээ худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах үүднээс тендерийн хүчинтэй байх хугацааг багасгасан гэж төсөл санаачлагчид танилцуулгадаа дурдсан. Мөн барьцаа төлбөр байршуулж гомдол гаргах, гомдол нь үндэслэлтэй бол барьцаа төлбөрийг буцаан олгох зохицуулалтыг нэмж тусгасан бөгөөд ингэснээр үндэслэлгүй гомдол гаргах явдал буурна гэж үзсэн байна.
С.Наранцогт уг хуулийн төсөлд шинээр тусгасан цахим систем болон ногоон худалдан авах ажиллагааны талаар онцолж байлаа. Цахим тендерийг хөгжүүлэх зорилгоор төсөлд шинэ зохицуулалтыг нэмэх шаардлага үүссэн бөгөөд төслийн цахим тендер нь төрийн худалдан авах ажиллагааг нээлттэй, ил тод, олон нийтийн хяналттай болгож, цаг хугацаа хэмнэх, үргүй зардлыг бууруулах чухал ач холбогдолтой гэв.
Бэлтгэсэн: А:Амар