УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Төсвийн байнгын хорооноос эрхлэн Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар танилцуулав. Тэрбээр
“Сангийн яамнаас татварын шинэчлэлийг таван үндсэн зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж, төсөл боловсруулсан. Татварын шинэчлэлийн нэг гол зорилт нь татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах учраас энэ онд Сангийн яамнаас гааль, татварын шинэчлэлд түлхүү анхаарч, иргэдэд дарамт шахалт учруулдаг биш, тайлбарладаг, ярилцаж, харилцан ойлголцож асуудлаа шийддэг байгууллага болгохын төлөө ажиллаж байна. Макро эдийн засаг, нийгмийн хөгжил, өсөлтийг дагаад татварын орчин өөрчлөгдөж, шинэчлэгдэх ёстой. Эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар аж ахуйн нэгж, иргэдэд татварын таатай орчин бүрдэнэ” гэв.
Улсын хэмжээнд татвар төлөгч 191 мянган аж ахуйн нэгж бийгээс 95.9 хувь нь бичил, жижиг хэмээх ангилалд багтдаг. Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд эдгээр аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжих гэнэ. Тодруулбал, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага бол төсөвт төлсөн татварын 90 хувийг буцаан олгодог болох юм байна. Мөн илүү төлсөн татварыг буцаан олгох зохицуулалт ч уг төсөлд бий аж. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар илүү төлсөн татварыг өөр төрлийн, эсвэл ирээдүйд төлөх татварт суутгадаг юм.
Татварын ерөнхий хуульд туссан татвар төлөгчийн эрх, үүрэг нь татварын албаны эрх, үүрэгтэй харилцан урвуу хамааралтай байх ёстой боловч өнөөгийн мөрдөж буй хууль, тогтоомжид татвар төлөгч, татварын албаны хоорондын эрх үүргийн тэнцвэр алдагдаад байгааг танилцуулгад дурдав. Тиймээс дээрх эрх, үүргийн тэнцвэрийг хангах зорилгоор холбогдох зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх, зайлшгүй зохицуулах шинэ харилцааг тус хуульд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн татварын хууль тогтоомжийг энгийн ойлгомжтой болгож, хуулийн давхардсан зохицуулалтыг төсөлд тусгажээ. Тухайлбал, одоогийн үйлчилж буй хуулиар татвар төлөгч татварын тайлангаа засварлах боломжгүй байдаг. Энэ талаарх бусад улсын туршлагад тулгуурлан татвар төлөгч нь тайлангийн алдаагаа засах боломж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Түүнчлэн татварын давуу эрхийн зарчмыг шинээр нэвтрүүлэх, татварын зорилгоор бусад улстай мэдээлэл солилцдог болох, эрсдэлтэй татварыг урьдчилан хураах, татвар төлөгч татварын өрөө төлөлгүй хөрөнгөө бусдад шилжүүлэх бол уг этгээдээр татварын өрийг төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийхийн эсрэг авах арга хэмжээг шинээр хуульчлахаар тусгажээ.
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын танилцуулгыг хийсний дараагаар хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.
О.Батнасан (УИХ-ын гишүүн): -УИХ-д өргөн мэдүүлснээс хойш есөн сарын хугацаа өнгөрч, анхны хэлэлцүүлгийг нь ч хийж чадаагүй гацаад байсан хуулийн төсөл хөдөлж буй нь сайн хэрэг. Олон улсад жишиг болсон, хялбаршуулсан татварын тогтолцоог нэвтрүүлэх талаарх саналаа би ажлын хэсгийнхэнд өгсөн. Хүн бүр, аж ахуйн нэгж бүхэн адил тэгш үүрэгтэйгээр татвараа төлдөг болох шинэчлэлийг л хийх хэрэгтэй. НӨАТ-ын асуудлыг шийдэхгүйгээр татварын шинэчлэлийг ярих нь учир дутагдалтай. Эдийн засаг өсөж байхад 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварыг буцаан олгоно гэж заасан нь чамлалттай тоо байна.
С.Эрдэнэбат (МҮЭХ-ны дэд ерөнхийлөгч): -Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаа. Иргэдээс бидэнд 1000 гаруй санал ирүүлсэн. Үүнээс хамгийн их давтамжтай хэдийг нь хэлье. Ажилтнуудад олгодог хоол, унааны мөнгө болон банкан дахь хадгаламжийн хүүгээс орлогын татвар авдгийг болиулах хэрэгтэй. Мөн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэж, орон сууцны дэмжлэг үзүүлж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний татварын дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаагаас шалтгаалан хүүхдээ төлбөртэй цэцэрлэгт өгсөн бол тодорхой хувийг нь буцаан олгодог болох, НӨАТ-ын сугалааг болиулж, буцаан олголтын хоёр хувийг тавд хүргэх зэрэг санал олон иргэнээс ирсэн. Орон сууц худалдан авсан иргэний татварын буцаан олголтын хэмжээ гурав хүртэлх сая төгрөг байсныг зургаан сая болгож төсөлд тусгасан нь хангалтгүй байгаа тул үүнийг 10 саяас доошгүй болгохыг саналдаа тусгасан. Эдгээр саналыг хуулийн төсөлд оруулах боломж байна уу.
Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд): -Гаргасан саналуудыг ажлын хэсгийнхэн ярилцаж, шийдвэрлэх байх. НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувийг тав болгох боломжгүй. Манайх НӨАТ-тай 170 гаруй орны нэг. Эдгээр орноос цөөхөн нь НӨАТ-ын тодорхой хувийг буцаан олгодог.
Б.Лхагважав (МҮХАҮТ-ын ерөнхийлөгч): -Орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл гэдэг зарчим үйлчлэх ёстой. Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд онолын суурь зарчмуудыг сайн тусгасан учраас УИХ-аар хэлэлцэх явцад гишүүд үндсэн концепцыг нь эвдэхгүй байхыг хүсэж байна. Манай улсын эдийн засаг ойрын арван жилдээ тасралтгүй өсөх хандлагатай байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлагатай. НӨАТ-ын буцаан олголтын тухайд одоогийн хуулийн хүрээнд эцсийн хэрэглэгч нь аж ахуйн нэгж, иргэд байгаа. Цаашид төр эцсийн хэрэглэгч болох хэрэгтэй. Ингэвэл төрийн худалдан авалт, тендер бүгд цэгцэрнэ. Аж ахуйн нэгж, байгууллагуудын гадаадад төлсөн татварыг давхар татварын гэрээтэй улс орныг харгалзахгүйгээр тооцдог болох зохицуулалтыг тусгасан нь сайшаалтай байна гэв.
Татварын багц хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, дөрөвдүгээр сар гэхэд батлуулах зорилт тавьж байгаа аж.
Бэлтгэсэн: А.Амар