Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ЖАЙКА) тэргүүлэх гурван чиглэлээр Монголд найман төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Өнгөрсөн баасан гарагт ЖАЙКА-гийн гурав дахь чиглэл буюу хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зарим ажлыг нь сурвалжилсан билээ. Улсын хоёрдугаар төв эмнэлгээр орлоо. Тус эмнэлэгт Японы сайн дурын ажилтан Наноми Рика ажилладаг.
Тэрбээр уг эмнэлэгт хөдөлмөр засалчаар ажиллаад нэг жил болжээ. Хөдөлмөр засалч нь Монголын эмнэлгүүдэд урьд өмнө байгаагүй шинэ мэргэжил. Тиймээс Наноми Рика саажилттай, цус харвасан иргэдийн хөдөлмөр эрхлэх чадварыг сэргэхээр ажиллахын зэрэгцээ тус эмнэлгийн дөрвөн ажилтныг мэргэшүүлж буй.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан энэ талаар “Наноми Рика манай эмнэлэгт ажиллаж буй тав дахь сайн дурын ажилтан. Өмнөх ажилтнууд сувилахуйн чиглэлээр ажиллаж байсан. Орчин үеийн сэргээн засах эмчилгээний чиг хандлага өөрчлөгдсөн. Эмчилгээний шинэ аргыг Монголд нутагшуулахаар манайханд чин сэтгэлээсээ зааж сургаж байгаад талархаж байна. Хүний сэтгэлд хүртэл чин сэтгэлээсээ ажиллаж, үлгэр дуурайл үзүүлж буй.
Хөдөлмөр засалч өвчтөнүүдийг нэгбүрчлэн үзсэн. Дараа нь манай эмч ажилтнуудтай хамтарч нөхцөл байдлын үнэлгээ гаргасан. Шигдээс өвчин болон мэс засал, цус харвалтын дараах үед өвчтөний хөдөлгөөнийг аажмаар сэргээн сайжруулахад түүнээс суралцаж Японы туршлагыг авч үлдэхээр хичээж байна.
Ер нь Улсын хоёрдугаар төв эмнэлэг ЖАЙКА-тай олон жил хамтарч ажилласан. 1999-2000 онд Японы буцалтгүй тусламжаар манай эмнэлэгт тухайн үедээ Монгол Улсад байхгүй тоног төхөөрөмж бэлэглэж байлаа. Тоног төхөөрөмжөө өнөөдрийг хүртэл хэрэглэж байна” гэсэн юм.
Өмнө нь цус харвасан, шигдээс болсон, саажилт өгсөн иргэн физик эмчилгээний сувилагчид өөрийгөө даатгачихаад дасгал хөдөлгөөн хийхгүй хойш суудаг байж. Харин япончууд өвчтөн өөрөө идэвхгүй байж, сувилагч иллэг, шарлага хийж, усан эмчилгээнд хамруулдаг байсныг халж, эмчилгээг шинэ шатанд гаргажээ.
Японд сэргээн заслын эмч, хөдөлгөөн болон хөдөлмөр засалч, хэл засалч, сувилагч, протезын мэргэжилтэн хамтарч өвчтөнд багаараа тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Тэндхийн эмнэлэгт хамгийн багадаа 180 хоног хэвтүүлэн хөдөлмөр заслын эмчилгээ хийдэг гэнэ. Эхлээд иргэнийг идэвхтэй хөдөлгөөн хийж, хэвтээ үедээ эргэж хөрвөөх, ганцаар зогсох, бие даан явж сурахад нь тусалдаг бөгөөд үүнийг хөдөлгөөн засал буюу эхний шатны эмчилгээ гэнэ. Хоёрдугаарт, хөдөлмөр засах эмчилгээнд хамруулна.
Тухайлбал, цус харвалтын дараа иргэн үсээ самнаж, шүдээ, нүүрээ угааж чадахгүй байх зэрэг олон бэрхшээлтэй тулгардаг. Дээр нь тоолж чадахгүй, өнгө, дүрс ялгахгүй болох нь ч бий. Эсвэл аав, ээж, гэр бүл, дотнын хүнээ танихгүй болдог аж. Эл өөрчлөлтийг арилган бие даахад нь сургахыг хөдөлмөр засалч гэнэ. Харвалтын дараа алдагдсан үйл ажиллагаа сэргээхэд өвчтөний идэвх зүтгэл чухал гэдгийг ойлгуулж хамтарч ажиллан, хөдөлмөр эрхлэх хэмжээнд хүрсэн үед эмнэлгээс гаргадгаараа япончууд туршлага арвинтай.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Сэргээн засах эмчилгээний тасгаар жилд 9000 орчим хүн үйлчлүүлдэг юм байна. Сүүлийн долоон жил тасралтгүй үйлчлүүлж буй иргэн С.Арсланбаатартай уулзлаа. Тэрбээр 2011 онд тархины цус харвалт оноштой ирж, баруун талынх нь гар, хөл саажсан гэнэ. С.Арсланбаатар “Анх хөл, гар мэдээгүй, босох нь бүү хэл хөрвөөж дийлэхгүй, хоолоо ч идэж чаддаггүй байлаа.
Хүн хөгширч биш хөшиж үхдэг нь үнэн юм байна. Сүүлийн нэг жил бие маань эрс сайжирсан. Япон охин надтай монголоор ярьж, зааж зөвлөдөг. Долоо хоногт 2-4 удаа ирж байгаа” хэмээсэн. Наноми Рика өдөрт 10 орчим хүнтэй ажиллаж, дасгал хөдөлгөөн заадаг аж. Тэрбээр “Харвалтын дараа нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай өвчтөн Японд 180, Монголд 10 хоног хэвтэн эмчлүүлдэг ялгааг хараад анх их гайхсан.
Монголд эмнэлгээс гарсан хүн тав хоног нөхөн сэргээх эмчилгээг эмнэлэгт ирж хийлгэдэг. Харин Японд гэрээр нь очиж үйлчилдэг. Энэ хамгийн том ялгаа. Эмнэлгээс гарсан хүмүүс байнгын зөөх хүнгүйгээс алдаг оног ирж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэдэг. Хөдөлмөр засалчийн хувьд өвчтөнд хийх эмчилгээ олон.
Гэтэл өвчтөн цөөн хоног хэвтдэг тул эмчилгээгээ бүрэн хийхэд хүндрэлтэй. Одоо Монголын эмчилгээний урсгалыг ойлгосон. Дунд сургууль төгсөгчдөд зөв мэдээлэл ойлголт өгч, хөдөлмөр засалч мэргэжлээр суралцахад нь зөвлөх хэрэгтэй юм шиг санагдсан. Энэ ажлыг хийе гэсэн хүсэл, сонирхлыг төрүүлж, сайн бэлтгээсэй” гэсэн юм.
Үдээс хойш нь ЭМЯ-нд зохион байгуулсан эмнэлгийн ажилтны ёс зүйн сургалтыг сонирхлоо. Мөн л манайхан санал тавьсны дагуу Японы сайн дурын ажилтан тус яаманд ажиллаж буй.
2018 оны долдугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд ЭМЯ-ны Ёс зүйн хяналтын хороонд эмч мэргэжилтний ёс зүйтэй холбоотой 40 орчим гомдол ирснээс заримыг нь хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ. Эмч нар хүнээ үзэж, оношилж, эмчилж чаддаг ч угтах үйлчилгээ тааруу, харилцаа муу гэх гомдол хамгийн их ирдэг аж. Харин Японд эмч мэргэжилтнүүд нь жилдээ нэг удаа заавал ёс зүйн сургалтад хамрагддаг гэнэ.
Түүнчлэн угтан авах, анхны харилцаандаа ач холбогдол өгч, чин сэтгэлээсээ үйлчилдэг байна. Тиймээс Японы эмч нарын үздэг ёс зүйн хичээлийг монгол руу хөрвүүлж хичээл заажээ. Ингэхдээ Улаанбаатар хотын эмнэлгүүдээр хийсэн судалгаатай уялдуулж, тодорхой жишээнд тулгуурлан зөвлөгөө өгчээ.
Ёс зүйн хяналтын хорооны Өргөдөл гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг “Орхон аймгийн болон Улаанбаатарын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэгт үйлчлүүлж буй өвчтөнүүдээс судалгаа авч, түүндээ тулгуурлан хичээлийн сэдвээ боловсруулсан.
Хичээлийн 50 хувь нь онол, үлдсэн нь дадлага. Сургалт үр дүнгээ өгөх байх. 11 эмнэлгийн эмч, ажилтнууд сургалтад хамрагдахад есөн эмнэлэг нь ёс зүйн сургалт авъя гэсэн. Хамгийн наад зах нь эмч өвчтөнөө өмнөө зогсоочихоод өөрөө өвчтөний түүх рүүгээ харж ярих ёсгүйг сургалтаар онцолж байсан. Эмч үйлчлүүлэгчийн нүд нэг түвшинд байж, ярилцаж, зөвлөгөө өгөх ёстойг сургалтаар заасан. Япончууд ёс зүйгээ чанд баримталж, хичээж ажилладаг нь тэдний хандлагаас мэдрэгдсэн” хэмээлээ. Сургуулиа төгсөөд удаагүй залуу эмч нарыг чадавхжуулахад дээрх сургалтын зорилго оршиж буй.
ЖАЙКА-гаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулахаар хэд хэдэн ажил төлөвлөсний зөвхөн ганц жишээ нь дээрх ажил юм. Япончууд өөрсдөө амжилттай хэрэгжүүлж, өгөөжөө өгсөн туршлагаа Монголд нэвтрүүлэхийн тулд сайн дурын ажилтнуудаа нааш илгээж эхэлжээ. Өнөө жил Улаанбаатар болон 11 аймагт сайн дурын 42 ажилтан ажиллаж байна. 1992 оноос хойш 558 гишүүн Монголд ирж ажилласан аж.
Сайн дурын гишүүд анх шинэ дэвшилт технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байсан. Өдгөө макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагааг бэхжүүлэх, хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр туршлагаа түгээж буй. Ийнхүү Японоос “импортолсон” ёс зүй, туршлага Монголд амжилттай нутагшиж эхэллээ.