Хятадын профессор Хэ Зянькуй түүхэнд анх удаа генийг нь өөрчилсөн хүүхэд төрүүлэх туршилт амжилттай явуулж, биологи, анагаах ухаанд жинхэнэ хувьсгал хийсэн. Гэхдээ шинжлэх ухааны хувьсгал хийсэн бусад олон нээлтээс ялгаатай нь туршилтаа нууцаар явуулжээ.
Профессоруудаас бүрдсэн их сургуулийн захиргаа ч, хүүхдийг төрүүлсөн эмнэлгийн удирдлага ч, Хятадын эрх баригчид, шинжлэх ухааны нийгэмлэгүүд ч мэдээгүй өнгөрсөн. Ингэх нь ч аргагүй, хүний үр хөврөлд генийн туршилт хийхийг дэлхийн улсуудын олонход, тэр дундаа Хятадад хуулиар хориглодог.
Зарим талаар ийм туршилтыг зөвшөөрдөг, тухайлбал, Британид ч Хэ профессорынх шиг “хэргийг” эрс хязгаарлаж, эрх баригчид нь нарийн хяналт тавьж, генийг нь өөрчилсөн хүүхэд яасан ч төрүүлэхгүй. Өөрөөр хэлбэл, профессор Хэ ёс зүйн тогтсон хэв журмыг төдийгүй Хятадын олон хуулийг зөрчсөн “том толгой”. Шинжлэх ухааны түүхэнд нэрээ мөнхлөхийн сацуу тэрбээр ажлаа хэзээ нэгэн цагт үргэлжлүүлэх боломжгүй, тусгаарлагдмал нэгэн болов.
“ХЯТАДЫН ЭЙНШТЕЙН”
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард дуулиант мэдэгдлээ хийж, дараа нь баривчлагдахаасаа өмнө ч Хэ Зянькуй Стэнфордын их сургуульд ажиллаад амжсан, шинжлэх ухааны ертөнцөд нэлээд алдартай, хүндтэй ген судлаач байжээ.
Гэхдээ түүний бага, залуу насны тухай мэдээлэл тун бага. Эрдэмтний намтар гэвэл Хятадын хэвлэлүүдэд гарснаас өөр байдаггүй. Ирээдүйн эрдэмтэн 1984 онд Хятадын хамгийн ядуу бүс нутгуудын нэг болох Хунань мужид тариачны гэр бүлд мэндэлжээ. Мань овгийнхон эртнээс суурьшсан энэ муж ардын аж ахуй, байлдах урлагаараа алдартай.
Хөдөөгийн оршин суугчдын олонх нь газар тариалан эрхэлдэг. Синьхуа хошууны дунд сургуульд элссэн Хэ физикийн хичээлийг нэн сонирхож, чөлөө зав гармагц л элдэв туршилт хийдэг лаборатори хүртэл гэртээ бие даан байгуулж байснаа нэг ярилцлагадаа өгүүлжээ. 2002 онд өгсөн төгсөлтийн шалгалтын дүнгээр тэрбээр Хятадын Шинжлэх ухаан, технологийн нэр хүндтэй их сургуулийн орчин үеийн физикийн салбарт элссэн байна. Энэ нь Шинжлэх ухааны академийн түвшинд сургалтаа явуулдаг, шилдэг их сургуулиудын нэг аж.
Амбицтай оюутан “Хятадын Эйнштейн” болохыг мөрөөддөг хэмээн хэвлэлүүд бичиж байв. Хэ бакалаврын сургалтаа амжилттай дуусгасан бөгөөд түүний нэрийг их сургуулийнх нь цахим хуудсан дахь гарамгай төгсөгчдийн жагсаалтаас харж болдог байжээ. Харин одоо дуулиант эрдэмтний нэр уг жагсаалтад байхгүй.
Гэхдээ чадварлаг төгсөгч 2006 онд гарамгай амжилт үзүүлэхэд Засгийн газраас нь хилийн чанадад үргэлжлүүлэн суралцах тэтгэлэг олгосон байна. Тийнхүү “Хятадын Эйнштейн” АНУ-ыг зорьжээ.
БАЯРТАЙ, АМЕРИК!
Чухам тэр үед Хэ үйл ажиллагааныхаа талбарыг солихоор шийдсэн байна. Түүний хэлснээр физикийн алтан үе хэвийж, генийн инженерчлэлийн судалгааны өргөн боломж нээгдсэн байв. Ингээд тэрбээр АНУ-ын Техас муж улсын нэр хүндтэй Райсын их сургуульд докторын зэрэг горилох болж, 2010 онд хамгийн өндөр үнэлгээтэй төгсөж, дараа нь судалгааны ажлаа Стэнфордын их сургуульд үргэлжлүүлжээ.
АНУ-д сурч, ажиллаж байхдаа профессор Хэ генийн салбарын эрдэм шинжилгээний арав гаруй нийтлэл хэвлүүлж, олон улсын мэргэжлийн нийгэмлэгүүдэд хүлээн зөвшөөрөгдсөнөөс гадна оюутны хөлбөмбөгөөр тууштай хичээллэж, спортынхон дунд ч алдаршсан байна.
Хятад, Америкийн боловсролыг харьцуулахдаа АНУ-ынх илүү болохыг Хэ нэг бус удаа тэмдэглэжээ. Түүний хэлснээр АНУ-ын их сургуулиуд тухайн оюутны сонирхолд илүү түшиглэж, хувийн боломжийг нь хөгжүүлдэг бол БНХАУ-ын боловсролын хөтөлбөр хэтэрхий стандартчилсан аж.
Гэсэн ч 2012 онд Хэ “Мянган авьяастны төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд эх орондоо эргэн очжээ. Уг хөтөлбөр нь дэлхийн өнцөг булан бүрийн шилдэг эрдэмтдийг БНХАУ-д ирүүлж, тэдэнд ажиллах дээд зэргийн таатай орчин бүрдүүлж өгөх зорилготой байв. Тухайлбал, Хэ Зянькуйд санхүүгийн өндөр тэтгэлэг олгосноос гадна генийн загварчлал, дархлаа болон онцлог өвчнийг судлахад зориулж, Шэньжэнь дэх Өмнөд шинжлэх ухаан, технологийн их сургуульд лаборатори байгуулж өгчээ.
Ажил ч талаар болсонгүй. 2017 оны долдугаар сард түүний удирддаг эрдэмтдийн баг гурав дахь үеийн генийн судалгааны шинэ арга боловсруулсан аж. Азид анхны, дэлхийд шилдэг хэмээн уг аргынх нь тухай Хятадын хэвлэлүүд бичсэн байна. Гэвч тус лабораторид жилийн дараа шинжлэх ухааны ертөнцийг донсолгосон, хосгүй эрдэмтнээс татгалзахад хүргэсэн дуулиант туршилт эхэлжээ. Их сургуулийнх нь цахим хуудасны нэр хүндтэй хөтөлбөрийн шагналтнуудын жагсаалтаас Хэ гэдэг нэрийг харж болох хэсгийг хэдийн хаасан гэнэ.
АЯНГА НИРГЭВ
Түүхэнд анх удаа генийг нь өөрчилсөн хүүхэд төрүүлсөн тухай дуулиант мэдэгдлээ профессор Хэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 25-нд хийжээ. Түүний хэлснээр генийг нь өөрчилсөн ихэр охин Лулу болон Нана ДОХ-ын төрөлхийн дархлаатай, өөрөөр хэлбэл, энэ аймшигт өвчний халдвар авахгүй. “Үүнийг түрүүлж хийх гэж бус, үлгэр дуурайлын жишээ болгох гэж хийсэн том хариуцлагаа би хүлээнэ. Цаашид юу хийхийг нийгэм шийдэх болно” гэж эрдэмтэн тэр үед “Associated press” агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Нийгмийн хариу үйлдэл түүнийг хүлээлгэсэнгүй. Хятадын профессор бөгөөд ген судлаачаас эмнэлэг, их сургууль, хамт олон нь нэн даруй нүүр буруулжээ. Түүний эсрэг дотоодын хэд хэдэн мөрдөн шалгалт хийж эхэлсэн аж.
Хятадын хэвлэлүүдэд Хэ Зянькуйг доктор Франкенштейнтэй жишиж, түүнийг нэг бол худалч, эсвэл солиотой хэмээж байв. Шинжлэх ухааны хамтын нийгэмлэг ч түүний ажлыг эрс буруушаасан, туршилтыг нь ухаангүй үйлдэл хэмээсэн ил захидал нийтэлжээ.
Түүнийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас цалингүй чөлөө авсан, үр хөврөлийн туршилтаа их сургуулийн нутаг дэвсгэрт хийгээгүй, эсвэл цагийн мөнгө төлж өөр сургуулиудад нууц ажлаа хийснийг Шэньжэний их сургуулийнхан мэдээгүй байх гэсэн яриа ч гарч буй.
БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн дэд сайд Зю Наньпин ч профессор Хэгийн мэдэгдэлд үнэхээр цочирдсоноо, Хятадад ийм туршилт хийхийг хуулиар эрс хориглодгийг мэдэгдсэн байна. Улмаар эрдэм шинжилгээний ажил хийхийг Хэ профессорт эрс хориглов.
Гэхдээ хоёр хоногийн дараа профессор Хонконгод болсон генийн өөрчлөлтийн тухай дэлхийн хуралд оролцож, ажлаа хамгаалан үг хэлэхдээ уг нээлтээрээ бахархаж буйгаа, түүх түүний талд орно хэмээн мэдэгджээ. Био инженерчлэлийн чиглэлээр амжилттай үйл ажиллагаа явуулж буй долоон компанийн хамтран эзэмшигч тэрбээр туршилтаа хувиасаа санхүүжүүлсэн аж. Гэсэн ч туршилтынхаа талаар ямар нэг нотолгоо үзүүлээгүй байна.
ХҮН БА ХУУЛЬ
Тус хурлаас хойш профессор сураггүй болжээ. “Youtube” дэх цахим хуудас нь шинэчлэгдэхээ больж, түүнтэй даян дэлхийн сэтгүүлчид холбоо тогтоох гэсэн нь амжилт олсонгүй.
Өнгөрсөн оны арванхоёрдугар сарын эцсээр “New York times” сонинд бичсэнээс үзвэл Хэ Зянькуй “Шэньжэнь” зочид буудалд гэрийн хорионд орж, олон давхар хамгаалалтад байгаа гэнэ. Сарын өмнө Хятадын эрх баригчид мөрдөн шалгалтынхаа урьдчилсан дүнг танилцуулахдаа генийг нь өөрчилсөн ихрийн тухай мэдээллийг анх удаа албан ёсоор нотолжээ. Туршилтад оролцсон бас нэг эмэгтэй удахгүй төрөх аж.
2012 оноос өөрийн лабораторио удирдан ажиллаж байсан их сургуулиасаа профессор сарын өмнө халагджээ. Гэхдээ одоо энэ нь тийм ч чухал биш. “Аюулгүй байдал, үр ашгийн ямар ч баталгаагүй технологи ашигласан генийн туршилтыг Хэ удирдсан. Тэрбээр ёс зүйн зарчмуудыг зөрчиж, шинжлэх ухааны хамтын нийгэмлэгийн нэр хүндийг унагаж, Хятадын хуулийг зөрчсөн” хэмээн мөрдөн байцаагчид тэмдэглэсэн байна.
Хүний үр хөврөл дээр туршилт хийх хоригийг үл ойшоосноос гадна профессор өөр олон хууль зөрчжээ. Жишээлбэл, туршилтад оролцсон найман хос төөрөгдөлд орсон нь тогтоогдов. Тэдэнд Хэ туршилтыг нь Ёс зүйн хорооны зөвшөөрөлтэйгөөр хийж байгаа гэж худал хэлсэн аж.
Энэ нь профессорын үйлдсэн цорын ганц хэрэг биш. Тухайлбал, Хятадын хуульд ДОХ-ын халдвар авсан хүнд хүүхэд төрүүлэхэд нь туслахыг хориглодог байна. Гэтэл туршилтад оруулсан хосын эрэгтэй нь ДОХ-ын халдвар тээгч бөгөөд цусанд нь шинжилгээ хийхдээ сайн дурын эрүүл хүмүүсийг хөлсөлсөн гэнэ.
Одоо Хэ Зянькуй шүүхийн шийдвэр хүлээн гэрийн хорионд байна. “Xinhua” агентлагийн уламжилсан, Хятадын эрх баригчдын мэдэгдэлд дурдсанаар тэрбээр хялбар олз хайн, нэр алдар олох зорилгоор эрх баригчдын хоригийг зөрчсөн гэнэ. Хятадад ийн тодорхойлуулах нь сайн зүйлд хүргэхгүйг илтгэдгийг шинжээчид тэмдэглэжээ.