Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн оны болон өмнөх нэгдүгээр сарын зарим үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо баасан гарагт танилцууллаа. Урьдчилсан гүйцэтгэлээр 2018 онд манай улсын ДНБ өмнөх жилийнхээсээ 1.2 их наяд төгрөг буюу 6.9 хувиар өссөнийг тодотгов. Үүнд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 5.3, санхүү, даатгалын салбарын үйл ажиллагааны нэмүү өртөг 12.3, аж үйлдвэр, барилгын салбарынх 6.2 хувиар өссөн нь түлхүү нөлөөлсөн аж. Түүнчлэн ДНБ-д эцсийн хэрэглээ 60.2, хөрөнгийн нийт хуримтлал 43.1 хувийг эзэлжээ. Энэ нь 2017 оныхоос хөрөнгийн нийт хуримтлал 8.4 пунктээр өссөн бол эцсийн хэрэглээ 2.7 пунктээр буурсан үзүүлэлт гэнэ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх сарынхаасаа 0.6, өнгөрсөн оны мөн үеэс 7.3 хувиар нэмэгдсэн аж. Инфляц 7.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усын бүлгийн үнэ 10.8, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.7, ундаа, тамхины бүлгийнх 4.1, тээврийн зардал 5.9, орон сууц, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ бүлгээрээ 10.5 хувиар нэмэгдсэн нь түлхүү нөлөөлсөн аж. Өмнөх сарын дүнгээс 0.6 хувиар нэмэгдэхэд шингэн болон бусад хүнсний барааны үнэ 3.4, согтууруулах ундаа, тамхиных 0.8, хувцас, бөс бараа, гутлын үнэ 0.7 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.