KFC-гийн Зайсан дахь салбараар үйлчлүүлсэн иргэд хоолны хордлогод орсон нь нийгмийг шуугиулаад байгаа. Тус өвчтөнүүдээс цусан суулга өвчин үүсгэдэг нян илэрсэн нь урьдчилсан байдлаар тогтоогджээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 12-ны өдөр 15-16 цагийн орчимд гэр бүлийн таван хүн KFC-д хоолонд ороод хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн хэмээн манай эмнэлэгт хандажн, гурван хүүхэд нь эмнэлэгт хэвтээд хоёр нь зөвлөгөө аваад буцсан. Мөн тэр дор нь манай тасаг мэдээллийг нь аваад мэргэжлийн хяналтын газарт хүргүүлээд, хамтарч ажилласан.
Хоолны хордлогын үед өвчтөнүүдийн тухайн өдрөөс өмнөх гурав хоног хэрэглэсэн хүнсийг судалж, шинжилдэг журамтай. Үүний дагуу хоёрдугаар сарын 8-11-ний хооронд үйлчлүүлсэн хүмүүсийн судалгааг авч, заримыг нь өрхийн эмчийн хяналтад байлгасан. Зарим нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Урьдчилсан байдлаар өвчтөнүүдээс шигелл гэдэг нян илрүүлсэн. Энэ нь цусан суулга үүсгэдэг нян юм.
Хоолны хордлогын халдварын үед өвчтөнөөс илэрсэн нян, сэжиглэж буй хүнсний бүтээгдэхүүний нян ижил байх ёстой. Одоогоор хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариу гараагүй байна. Хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний хариуг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар гаргах бөгөөд ирэх долоо хоногт хариу гарна.
ХӨСҮТ-д одоогоор 37 хүн хэвтэн эмчлүүлж байна. Урд шөнө 10 орчим хүн нэмж ирлээ. Гадуур өрхийн эмчийн хяналтад 30 гаруй хүн эмчилгээ хийлгэж байна. Бүх өвчтөний биеийн байдал нь харьцангуй хөнгөн байна. Эмнэлэгт ирэхдээ ч ухаан алдсан, хүндэрсэн хүн ирээгүй. Гэхдээ мэдээжийн хэрэг олон удаа суулгасан, бөөлжсөн, халуурсан шинж тэмдэгтэй ирцгээсэн.
Өвчлөгсдийн насны хувьд хамгийн бага нь 3 настай хүүхэд байна. 3-14 насны арван хүүхэд бий. 53-54 настай өвчтөн гээд нас насны хүмүүс байгаа.
Цусан суулгаар үүсгэгдсэн нянгаар халдварласан хүн дутуу эмчилснээс болоод “Эрүүл нян тээгч” болох эрсдэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөө өвдөхгүй хэрнээ бусдыг өвчлүүлээд явдаг. Иймд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бол 7-10 хоног хэвтэн эмчлүүлээд, гурван удаа нян судлалын шинжилгээ хийлгээд хариу нь эерэг гарвал эмнэлгээс гарна. Эмнэлгээс гарсан хойноо гурван сарын турш эмчийн хяналтад байна. Ингэхдээ сар бүр шинжилгээ өгөөд, эрүүл гарвал бүрэн эдгэжээ гэж үзнэ" гэлээ.