Хаврын чуулганаар хэлэлцэхээр хүлээгдэж буй хуулиуд, ээлжит бус чуулган, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-УИХ-ын дарга намрын чуулганыг хааж хэлсэн үгэндээ ээлжит бус чуулган зарлана гэсэн. Ээлжит бус чуулганыг хэзээ зарлах бол?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал нэлээд шахуу байгаа учраас ээлжит бус чуулган хуралдуулах талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр ярьж тохирсон. Үүнийг ирэх сарын 10-15-ны хооронд зарлаж, 14 хоног үргэлжлүүлнэ. Ээлжит бус чуулганаар маш тодорхой, гарах шийдвэр нь бэлэн болсон асуудлыг хэлэлцдэг дэгтэй. Тиймээс ээлжит бус чуулган зарлая гээд л зарлачихаж болохгүй. Үүнээс өмнө бэлтгэлээ хангаж, ямар асуудлыг хэрхэн шийдэх вэ гэдгээ тодорхой болгох нь юу юунаас чухал.
-УИХ-аар нэн даруй хэлэлцэж шийдэх учиртай ямар хуулиуд байна вэ?
-Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хэрэгжилт, төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хуулиар тогтоосон хугацаатай асуудлууд бий. Мөн Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал байгаа. Түүнчлэн Татварын ерөнхий хууль, Худалдан авах ажиллагааны тухай хуулийг нэн даруй батлах шаардлагатай байна.
Саяхан болсон орон нутгийн өөрөө удирдах ёсны үндэсний чуулганаас маш чухал санаанууд гарсан. Үүнийг дүгнэж цэгнээд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд юуг нь тусгах вэ, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуульдаа яаж оруулах вэ гэдгийг ярилцах шаардлага бий. Мөн шүүх эрх мэдлийг хэрхэн өөрчлөх, УИХ-ын хариуцлагын талаар яригддаг асуудлуудын алийг нь Үндсэн хуульдаа тусгах, Засгийн газрын үүрэг, хариуцлага, эрх мэдэл, ажилд шуурхай хандах талаар, төсвийг олон тийш хувааж, чангаадаг явдал, улс төрийн намын санхүүжилт зэрэг асуудлын алийг нь Үндсэн хуульд тусгах вэ, юуг нь холбогдох хуулиар зохицуулах вэ гэдгийг ярилцах хэрэгтэй байгаа. УИХ-ын, орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг тусад нь батална. Эдгээр асуудлыг хүссэн ч, эс хүссэн ч хаврын чуулганаар хэлэлцэх ёстой. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг гүйцээж боловсруулна.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд ахиц гарч байгаа юу?
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон нийтээс цөөнгүй удаа санал авсан. Олон нийтийн хэлэлцүүлэг, ард нийтийн санал асуулгыг хүмүүс хооронд нь хольж хутгадаг. Ард нийтийн санал асуулга бол маш тодорхой асуудлыг ард нийтээр шийдүүлдэг. Ерөнхий зүйл шийдүүлдэггүй. Үндсэн хуульд ард нийтийн санал асуулгаар өөрчлөлт оруулахаар бол ямар нөхцөлд хэрхэн оруулахыг энэ хуульд заагаад өгчихсөн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд ийм өөрчлөлт оруулна гэдгийг тодорхой томьёолоод, үүнийг нь УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжсэн тохиолдолд эцэслэн батлах, эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдэх заалттай. Бүх зүйл үүний дагуу л явах ёстой. Гэтэл зарим хүн энэ хуулийг уншилгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн ерөнхий санал асуулгыг аваад, дараа нь хуулийн төслөө боловсруулах тухай яриад байгаа. Ингэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчинө. Уг хуулийг өөрчилсөн цагт тэдний ярьж байгаагаар хийж болно. Тэгээгүй тохиолдолд энэ хуулиар л явна.
-Энэ хуулийг дагавал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж бараг үгүй юм биш үү. Одоогийн парламент үүнийг хийж чадах уу?
-Нийгмийн захиалга нь энэ парламентад байгаа юм. 28 жилийн хугацаанд нийгэм багагүй өөрчлөгдлөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодорхой болгох зайлшгүй шаардлага байна гэдэгтэй олон нийт санал нэгдэж байна. Харин нуухыг нь авах гээд нүдийг нь сохолж болохгүй. Алдаа согог байвал түүнийг нь засъя. УИХ зарим эрхээсээ татгалзъя, гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмье. Засгийн газар нь эрх мэдэлтэй, ажилласан шиг ажилладаг болог. УИХ хяналтаа тавьж, үрэг, хариуцлагаа тооцсон шиг тооцдог байя гэсэн үзэл баримтлал нэмэлт, өөрчлөлтийн төсөлд сууж байгаа.
-Ерөнхийлөгчийн зарим эрх мэдлийг хумих талаар ярьж байсан. Энэ нь төсөлд сууж байгаа юу?
-1992 оны Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн эрх мэдэл рүү энэ удаадаа халдаж чадахгүй юм шиг байна. Хэвээрээ үлдэнэ.
Бэлтгэсэн: А.Амина