Хөдөөнөөс аав минь цагаан идээ явуулжээ. Нөгөө өөх өгсөн хүнтэй шөнө өдөргүй заргалдав гэгчээр “Хааш нь хийнээ, ийнээ, идэх хүн бахгүй” гэсээр ажлынхандаа тараалаа. Өрөөнд хамт суудаг урсгал зөөлөн магадгүй бүр гунигтай ч гэмээр харцтай, тэгсэн мөртлөө амьдрал дээрээ хөгжилтэй хамтран ажиллагч найз бүсгүй миний “зовлонг” сонсож сууснаа надад амьдралынхаа нэгэн түүхийг хүүрнэж билээ. Найзын маань хүүрнэх түүх гунигтай аж.
“Би аавыгаа ерөөсөө хараагүй өссөн. Баасанжавын гэж өвөөгийн ч биш ээжийн ч биш нэрээр овголсныг бодоход ээж маань эцгийг минь хүрээд ирэх болов уу гэж найдсных биз. Тэгсэн хэрнээ аавын тухай асуухаар юм хэлдэггүй байлаа. Ээж, эмээ, өвөө, нагац ах, эгч нар намайг эрхлүүлж өсгөсөн болохоор би ч тэгж их шалгаадаггүй байж. Цэцэрлэгт байхад ангийн хүүхдүүдийг заримдаа аав нар нь ирж авахад би нэг удаа “Манай аав хаана байгаа юм гэж асууснаа санадаг юм. “Бидэнд аав байхгүй ээ” гэсэн ээжийн энгийн хариулт надад тийм л байдаг юм байх гэсэн ойлголт өгөөд өнгөрсөн.
Харин томрох тусам ялангуяа шилжилтийн насан дээр ирээд эцгийнхээ тухай маш ихээр сонирхож эхэлсэн дээ. Ээжээсээ янз бүрээр асуугаад хариулт авч чаддаггүй байв. Хэнээс асууж болох вэ? Эмээ маань манай гэрээс хамгийн яриач хүн тэгэхээр эмээ л хэлж магадгүй гэсэн совин намайг хуурсангүй. Тэгээд л Энх-Орчлон гэдэг хүн яаж энэ хорвоод төрснийг мэдсэн дээ. Бусад мянга мянган хүнийхээс ялгагдах юмгүй байдаг л түүх.
Намайг эхийн гэдсэнд олдоход аав ээж хоёр ердөө арван наймхан настай өөрсдөө бараг хүүхдээрээ хүмүүс байж. Ээж хотынх, аав Архангайгаас ирсэн оюутан. Ингээд нэгэнт хүүхэдтэй болсон хос гэрлэхээр шийджээ. Ингээд л худ ураг болох хүмүүсээ хөдөөнөөс ирэхийг хүлээж байтал ирээдүйн хүргэн ирээд гэрлэхээс татгалзаж байгаагаа хэлэх нь тэр. Олон шалтгаан тоочсон гэнэ. Одоо хүүхэд гаргах эрт байна, өөрсдөө эхлээд хөл дээрээ тогтох хэрэгтэй, ажил ч үгүй, орон гэр ч үгүй гээд л. Эмээ, өвөө, ээжийн хамгийн гайхшруулж бас гомдоосон шалтгаан нь бол удахгүй төрөх хүүхдээ өөрийнх нь биш байх гэж боддогт байв. Ингэж хэлээд л гарч яваад эргэж ирээгүй аж. Манай ээж өөрөө дөнгөж арван найман настай байж намайг төрүүлнэ гэж бүгдээс зөрж байгаад төрүүлсэн юм гэнэ лээ.
Энэ түүхийг сонсоод би эцэгтэйгээ уулзах хүсэл маань улам их бадарсанд би одоо ч гайхдаг. Яагаад ч юм хармаар сангдаад байж сууж чадахгүй болсон шүү. “Энэ байна шүү дээ би, ааваа! Намайг хараач!” гэмээр ч юм шиг. Бас “Яагаад?” гэж асуумаар байсан. Манай хамаатнууд миний санааг дэмжихгүй гэдгийг мэдэж байсан болохоор эрэлээ их л болгоомжтой хийх хэрэгтэй байлаа. Надад эцгийн маань овог нэр, төрсөн газар болон он сар, мөн төгссөн сургууль нь байв. Аав маань их сургуулиа төгсөөд нутаг руугаа явсан байв. Энэ миний олж мэдсэн анхны зүйл. Бид чинь насанд хүрч, их сургуульд орж байж л харьцангуй эрх чөлөөтэй болдог шүү дээ. Ингээд хоёрдугаар курсийнхээ зун оюутны ажлаар гэж худлаа хэлж байгаад Архангайг зорьлоо. Манай улс хүн ам цөөтөй нь нэг бодлын амар ч юм шиг. Манай аав сургуулиа төгсөж ирээд гурван жил аймагтаа ажиллаад хот руу шилжсэн гэдгийг нэг өдрийн дотор л олж мэдсэн. Хотод хаана ямар ажил хийдгийг нь ч мэдлээ. Аавын маань хамаатнууд аймагтаа байдаг бололтой. Гэхдээ энэ удаа биш гэж би дотроо бодсон юм.
Миний эрэл хотод үргэлжилсээр би эцгийгээ олсон шүү. Утсыг нь олж байгаад эхлээд ярьлаа. Миний хэн гэдгийг сонсоод аав хэсэг дуугүй болчихсон. Харин тэр хүнд миний зүрхний цохилт сонсогдож байсан байх. Би арван хэдэн давхар руу шатаар гүйчихсэн юм шиг амьсгаадаад байж билээ. Бидний анхны яриа нэг л болж өгөхгүй байлаа. Өөрийгөө эхнэр хоёр хүүхэдтэй гээд “Надаас юу хүсээ вэ?” гэж байна. “Надад танаас юу ч хэрэггүй. Зүгээр л тантай уулзаж, харах гэсэн юм” гэлээ. Аав намайг хүрээд ир гэж хэлсэнгүй. Эхнэр хүүхэдтэй хүн арга ч үгүй биз. Гэрийхэндээ гэнэт “Энэ миний охин, танилц” гэлтэй биш. Ингээд бид тэднийд ч биш манайд ч биш дундын зурваст нэгэн зоогийн газар болзов. Анхны дурлалтайгаа болзож байхдаа ч тэгж сандарч байгаагүй дээ. Танихгүй өнгөрөөчихвийдээ гэж бас айж байсан нь илүүц байлаа. Танхимд яг миний эрэгтэй хувилбар ороод ирж билээ. Аав ч гэсэн намайг харангуутаа л таньсан. Өөрийг нь ингэж их дууриасан гэж бодоогүй бололтой.
Манай аав жирийн л нэг эр байлаа. Архичин биш, бас баян бизнесмэн эсвэл дарга сайд ч биш байв. Гэхдээ л тэр хүний харц байдлыг хараад би “ааваа” гэж хэлж зүрхэлсэнгүй. Тэгээд Баасанжав гуай л хэмээн хандлаа даа. Түүний анхны үг юу байсан гээч? “За алив иргэний үнэмлэхийг чинь үзье” гэсэн. Тэгээд үнэмлэхийг минь харчихаад “хугацаа нь таарч л байна” гэснийхээ дараа хэсэг бодлогошросныхоо дараа миний хувийн амьдралын тухай асууж эхэлсэн. Хүүхэд нас минь яаж шуухан өнгөрсөн, аз жаргалтай байсан уу гэх мэт. Бас ээж, эмээ, өвөөгийн талаар ч асуусан. Ямар ч байсан мартаагүй л байна лээ. Ер нь олон зүйл сонирхож асуусан. Харин өөрийнхөө талаар ярих дургүй байсан. Зоогийн газар орсон болохоор зүгээр суугаад байлтай биш юм захиалав. Аав надад мөхөөлдөс захиалсан нь их инээдтэй санагддаг юм.
Тэгээд уулзалтын төгсгөлд миний эрэгтэй хувилбар над руу харж байгаад “Надтай адилхан байгааг чинь харлаа. Бас он сар чинь таарч байна. Гэхдээ л чи миний хүүхэд гэдэгт би эргэлзэж байна” гэдэг байгаа. Тэгж байгаа хүнд чинь би юу гэх билээ дээ. Баасанжав гуай юм нэмж хэлэх гээд байгаа бололтой дүлэгнэж байснаа “Би...юу... эхнэртээ энэ талаар хэлээгүй” гэв. Тэгээд цааш нь үргэлжлүүлэх гээд л бас л дүлэгнээд байна. Намайг өөртэй нь уулзая гээд байх уу, залгаад байх уу, эхнэртэй нь битгий яриарай л гэж хэлэх гээд байна гэдгийг би ойлгосон л доо. Тэгээд өрөвдөөд “Та битгий санаа зов оо. Би ахиж тантай холбоо барихгүй. Энэ утасны дугаарыг чинь одоохон устгачихъя. Та намайг өөрийн хүүхдээ гэж хүлээн зөвшөөрөхгүй байж болно оо. Харин би таныг уучилж байна аа” гэхэд аавын царай гэдэс нь мушгиад байгаад тавирсан хүний шиг болоод “Баярлалаа... чамд маш их баярлалаа” гээд явахын түүс болсон юм.
Миний хүсэн хүлээсэн уулзалт иймэрхүү л болсон доо. Сэтгэл минь ханасан уу гэвэл тодорхой хэмжээгээр. Хэдэн жилийн хүлээлт, асуултууд маань хариултаа авсан гэх үү дээ. Аав маань намайг сэтгэл зүрхээрээ хүлээж авч хайрлана гэж би найдаагүй байсан л даа. Гэхдээ л сэтгэлийнхээ мухарт тэр хүнд гомдож явснаа өөрөө өөртөө ч хэлдэггүй байж. Төрсөн эцгээ уучилж, сэтгэлээ онгойлгоход л миний тэр уулзалтын утга учир байсан юм байлгүй дээ“ гэх найзыгаа сонсоод аав дээрээ очмоор санагдчихаж билээ.