Энэ сарын эхний өдөр буюу өнгөрсөн баасан гаригт АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео тус улсыг хоёрдугаар сарын 2-ноос дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээг биелүүлэх үүргээс түтгэлзэж байгаа талаар мэдэгдэл хийжээ. Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр бол Москва “олон жилийн турш тус гэрээний нөхцлийг ичихгүйгээр зөрчиж” байгаа аж. Гэсэн ч АНУ үүнийг харгалзахгүйгээр сүүлийн зургаан жил дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээг дагаж мөрдсөөр ирснийг тэрээр тэмдэглэсэн байна. Вашингтон уг гэрээнээс зургаан сарын дараа гарах аж. Ингэхдээ АНУ тус гэрээнээс гарах нь зэвсгээр хөөцөлдөх явдалыг өдөөнө гэж үзэхгүй байгаа ажээ.
Тэгвэл ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин энэ сарын 2-нд Гадаад хэргийн сайд Сергей Лавров болон Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нартай уулзах үеэрээ ОХУ-ыг дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээнд оролцохоос түтгэлзэж байгааг мэдэгджээ. Тэрээр “Америк түншүүд тус гэрээнээс түтгэлзэж байгаагаа мэдэгдлээ. Бидний хариу толийн тусгалтай байх болно” гэжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч тус гэрээний талаарх асуудлаар хэлэлцээр хийх санаачлага болон оролдлого хийхгүй байх заавар өгсөн байна. Тэрээр уулзалтын эцэст “Бид зэвсгээр хөөцөлдөж зардал гаргах ёсгүй” гэж онцолжээ.
Тус гэрээ цуцлагдсанаар дэлхийн тогтвортой байдал алдагдах бөгөөд ялануяа Европын орнуудын аюулгүй байдал нэн хурцаар босож ирэх ажээ. Европын дипломат харилцааны тэргүүлэгч Федерико Могерини Румын улсын нийслэл Бухарестад болсон Европын холбооны орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтан дээр “Европын холбоо дунд болон ойрын тусгалын гэрээ цуцлагдахаас сэргийлэхийн төлөө ажиллах болно. Бидний хүсэл зорилго бол эл гэрээг хоёр тал үүргээ бүрэн гүйцэтгэсэн байдалтайгаар хадгалах явдал” гэж хэлсэн байна. Түүний үзэж буйгаар ЗХУ болон АНУ-ын хооронд байгуулсан баллистик болон далавчит пуужинг одоогийн Европын холбооны гишүүн орнуудад байрлуулахгүй байх гэрээнээс хамгийн түрүүнд Европ хожсон аж. Тиймээс Европын холбоо өөрийн бүс тивийг хүчирхэг гүрнүүдийн өрсөлдөөний талбар болохыг хүсэхгүй байгаа аж. Европын холбооны гишүүн орнууд эл асуудлаар хамтарсан мэдэгдэл дээр ажиллаж байгаа аж.
Америкчуудын гол заргалдаад байгаа зүйл нь Оросын “Искандер-К” пуужин хөөргөх төхөөрмжүүд ажээ. Оросууд уг төхөөрмжийг дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээнд гарын үсэг зурсны дараа хөгжүүлж эхэлсэн байна. Пентагоны өгөгдлөөр бол уг төхөөрөмжүүд нэг бол 5000 км хүртэлх тусгалтай агаарын далавчит Х-101 пуужингийн өөрчилсөн хувилбар, нэг бол газарт байрлах холын тусгалтай Новатор»9M729 пуужингаар тоноглогдсон аж.
Москва хариуд нь АНУ-ыг дунд тусгалын пуужинд “Нега”-г ашиглаж байгаад буруутгаж байна. Эл төхөөрөмжүүдийг Америк, Израилийн Агаарын довтолгооноос хамгаалах системд сургуулилтын бай болгон ашигладаг аж. Үүнээс гадна Оросын талыг Америкийн нисгэгчгүй довтолгооны Reaper болон Predator цогцолборууд мөн Румынийн цэргийн баазад МК41 удирдлагатай пуужинг босоо байдлаар хөөргөх төхөөрөмжийг зөвхөн баллистик пуужинг сөнөөх чадвартай SM-3 пуужинд төдийгүй холын тусгалын цөмийн хошуутай далавчит Tomahawk пуужинд хэрэглэх төлөвтөй байгаа явдал ихээхэн зовоож байгаа аж. Удахгүй Польшийн Гданьск хотод Румынийн баазтай адил хоёр дахь бааз нээгдэх гэж байгаа аж.
Зарим мэргэжилтнүүд үзэж буйгаар энэ бүх асуудалд АНУ-ын гол зорилго ОХУ бус харин Хятад аж. Оросын 9М729 пуужингийн талаар гаргаж байгаа хэл ам Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээнээс гарах л шалтаг гэнэ. Хэрэв БНХАУ эл гэрээнд оролцох юм бол тус улсын 2,0 мянган баллистик болон далавчит пуужингийн 95% хувь нь хориглогдох аж. Хятад өөрсдийн пуужинг шинэ үеийн төхөөрөмж далавчит багцаар тоноглож туршилтаа явуулж эхлээд байгаа аж. Дунд болон ойрын тусгалын пуужинг устгах гэрээнээс гарснаар АНУ-д төстэй зэвсэг боловсруулж түүнийгээ Хятадын эргээс хэдэн мянган км зайд Австрали, Өмнөд Солонгос, Японд байрлуулах боломж олдох аж.
Онолын үүднээс бол ОХУ хөрш зэргэлдээ Хятад улсыг мөн түүний өөгшүүлээд байгаа цөмийн цэнэгт пуужинтай, улс төрийн тогтворгүй байдалтай Пакистаныг хазаарлах сонирхол их байх ёстой. Харин Бээжин зүй ёсоор тус гэрээг хадгалах талаар мэдэгдэл хийжээ.