Нийслэлд Японы гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг гурван салбартай дэлгүүрийнхэн худалдан авагчдадаа и-баримт хэвлэж өгөхдөө “Нэмэгдсэн өртгийн татварыг нь хассан дүнгээр бичих үү, хэвээр нь үлдээх үү” гэж асууж байх юм. Энэ нь бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгээс 10 хувийг хасан борлуулж, хэрэглэгчдэдээ “хөнгөлөлт” үзүүлж буй хэрэг бололтой. Яагаад ийм сонголт олгож байгаа, ийм эрхтэй, эсэхийг нь лавлахад худалдагч “Мэдэхгүй ээ, ингэж болно гэж манай захирал хэлсэн. Гэхдээ та баримтынхаа дугаараар сугалаанд оролцож болно шүү дээ” гэлээ. Ингэхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа бол.
Гоо сайхны бүтээгдэхүүн борлуулдаг цөөнгүй дэлгүүр, зарим зоогийн газар, хүнсний дэлгүүр НӨАТ-ын 10 хувийг и-баримт дээр хэвлэж өгөхгүй байж болно хэмээлээ. Мөн зарим гоо сайхны салон, томоохон зах, дэлгүүр и-баримт олгохгүй хэвээр байгаа бөгөөд нэг бус дэлгүүр хямдруулсан бараандаа баримт өгөхгүй хэмээн “гэдийж” байх юм. Энэ нь “Та татвар төлөх үү, үгүй юү, бид ч төлөх бодолгүй байна” гэж байгаатай адилхан сонсогдох аж. Зарим иргэн и-баримт олгохгүй байгааг нь “ховлохоо” мартаагүй хэрнээ НӨАТ-ын 10 хувийг хасуулж тооцуулж буйдаа сэтгэл хангалуун байх шиг. Энэ нь бараа, үйлчилгээ худалдан авахдаа үнийн дүнгийнхээ хоёр хувийг буцаан авахын тулд 10 хувийг төлөх хэрэггүй гэсэн харам бодолтой нь холбоотой болов уу. Гэтэл аль ч тохиолдол нь хуульд харшилсан үйлдэл болохыг албаныхан хэлж байна.
Манай улс 2016 оноос Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж, иргэдийн худалдан авсан бараа, үйлчилгээ тутмын өртгийг задалж мэдээлсэн. Иргэдийн худалдан авалт бүрийн 10 хувь нь НӨАТ-т ногддог гээд түүнийхээ хоёр хувийг буцаан авахаар журам хэрэгжүүлсэн. Урьд нь иргэд бараа үйлчилгээний үнэд төлж буй өртгийнхөө бүтцийг төдийлөн ойлгодоггүй байсныг тодорхой болгосон төдийгүй баримтаар нь баталгаажуулан орлого олж буй аж ахуйн нэгж, иргэдийг бүртгэж эхэлсэн гэсэн үг. Ингэснээр таны авсан баримт тухайн бүтээгдэхүүний борлуулагчдыг мэдээлж, татварын албанд бүртгэлжүүлж, та ч хөнгөлөлт эдлэх боломж бүрдсэнийг Татварын ерөнхий газрынхан хэлсээр байна. Сүүлийн хоёр жилд “НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэв” гэсэн утгатай мэдээлэл цахим орчинд хамгийн ихээр тарж, хамгийн олон хандалт авсан мэдээгээр шалгарсныг ч дуулгав.
...Бараа, үйлчилгээ борлуулж буй аж ахуйн нэгж, хувь хүн бүр и-баримт олгох үүрэгтэй. Мөн хямдруулсан бараанд ч баримт олгох ёстой. Уг баримтад НӨАТ-ын 10 хувийг хасаж бичүүлэх тухай ойлголт байж болохгүй. И-баримт өгөхгүй, эсвэл үнийн дүнгийнхээ 10 хувийг хасаж буй ямар ч байгууллагыг татварын албаны 18001288 утсанд мэдээлээрэй...
Зарим аж ахуйн нэгж татвараас зайлсхийх, борлуулалтын орлогоо нуун дарагдуулах зорилгоор и-баримтыг хоёр сонголттой олгож буйд иргэд шүүмжлэлтэй хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ нь иргэн, аж ахуйн нэгж бүр татвар төлөх, хөрөнгө, орлогоо шударга мэдээлэх тухай хуулийг зөрчиж буй үйлдэл гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Татварын газрын ахлах байцаагч Ж.Баярмаа “Бараа, үйлчилгээ борлуулж буй аж ахуйн нэгж, хувь хүн бүр и-баримт олгох үүрэгтэй. Мөн хямдруулсан бараанд ч баримт олгох ёстой. Уг баримтад НӨАТ-ын 10 хувийг хасаж бичүүлэх тухай ойлголт байж болохгүй. И-баримт өгөхгүй, эсвэл үнийн дүнгийнхээ 10 хувийг хасаж буй ямар ч байгууллагыг татварын албаны 18001288 утсанд мэдээлээрэй. Бид шалгаж зөрчлийг нь арилгуулах төдийгүй аж ахуйн нэгжийг 1.5 сая, хувь хүнийг 500 000 төгрөгөөр, дээр нь тухайн сарын орлогынх нь 20 хувьтай тэнцэх мөнгөөр торгоно. Улмаар байгууллагын болон хувь хүний эзэмшиж буй банкны данс, гүйлгээг хаах зэрэг арга хэмжээг ч авах эрх бий” гэсэн юм.
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав “Иргэдэд татварын дарамт учруулах бус, татварын суурийг өргөжүүлэн, орлого нэг бүрийг бүртгэх зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлсэн гэдгийг иргэд ойлгоосой. Аж ахуйн нэгж бүр и-баримтыг үнэн зөв олгоод хэвшсэний дараа буцаан олголтын хэмжээг нэмэх талаар бодох шаардлагатай. Энэ талаар УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Татварын орлого нэмэгдэхийн хэрээр буцаан олголт нь өсөх боломжтойг иргэд ойлгох хэрэгтэй” гэсэн юм.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлснээс хойш татварын орлогын хэмжээ өсөж, НӨАТ суутган төлөгч аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдсэнийг албаныхан дуулгалаа. Тухайлбал, 2017 онд НӨАТ-аас олсон орлого өмнөх жилийнхээсээ 20 хувиар өссөн бол өнгөрсөн онд 30 хувиар нэмэгджээ. 2018 онд НӨАТ-ын буцаан олголтод 808 000 орчим иргэн хамрагдаж, нийт 120 гаруй тэрбум төгрөг авсныг өмнөх жилийнхтэй нь харьцуулахад оролцсон иргэдийн тоо 30, буцаан авсан мөнгөний хэмжээ 40 гаруй хувиар өссөн дүн аж. Мөн өнгөрсөн жил зарим томоохон зах, худалдааны төвд үйл ажиллагаа эрхлэгчдийг иргэдэд и-баримт олгуулах ажил өрнүүлсэн бол энэ онд ч үргэлжлүүлнэ, ирэх хоёр жилд иргэдэд баримт өгөхгүй байх ямар ч аж ахуйн нэгж, хувь хүн үлдэхгүй гэв.
Иргэдийн хувьд НӨАТ-ын 10 хувийг төлөхгүй ч сугалаанд оролцон азаа үзэх боломжтой гэж ойлгох нь дэндүү хувиа хичээсэн үзэл болох нь. Хувь хүн болон аж ахуйн нэгжүүдийн төлж буй татвараар асар том барилга барин, бүгдээрээ амьдрах боломжтой гэж үзвэл бид одоогоор суурийг нь цутгахад хувь нэмрээ оруулж буй гэдгээ ойлгох хэрэгтэй.