УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын шинэ даргаар томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Санал хураалтад 75 гишүүнээс 63 нь оролцож, 60 гишүүн буюу 95.2 хувийн саналаар Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилохыг дэмжлээ.
Мөн Г.Занданшатарыг ЗГХЭГ-ын үүрэгт ажлаас чөлөөлөх тогтоолыг 96.9 хувь нь дэмжлээ. Г.Занданшатарт УИХ-ын тамга тэмдгийг дэд дарга Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр "Засгийн бүх эрх мэдэл ард түмний гарт байна. Ард түмэн энэхүү эрх мэдлээ сонгосон төлөөлөгч, гишүүдээрээ дамжуулж эдлэхээр Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимд тусгасан. Иймээс та бид ард түмнийхээ хүсэл эрмэлзэл, дуу хоолойг илэрхийлэгч элч төлөөлөгч нь байх Үндсэн хуулийн суруь зарчмыг дагаж мөрдөх учиртай. Дараах гурван асуудалд анхаарал тавьж ажиллах шаардлагатай. Нэгдүгээрт, Монголын ард түмэн иргэд сонгогчид шударга ёсыг хүсэмжлэн шаардаж байна. Шударга ёс нийгмийн бодит хэрэгцээ шаардлага болсныг харж байна. Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүд, төрийн бүх шатанд ажиллаж байгаа алба хаагчдаас шударга ёс, сахилга хариуцлагыг шаардаж байна. Улс төр цэгцрэх хөдөлгөөн эхэлж байна гэж үзэж байна. Шударга бус байдал, хуулийн хэрэгжилтийг хангах талаар хяналт шалгалтын дэд хороо байгуулах ажлыг дэмжиж ажиллана.
Парламентын засаглал, ардчиллыг хэрэгжүүлэхийн төлөө гишүүдтэйгээ хамтран ажиллах болно" хэмээлээ.