Дэлхийн улс орнуудаас хүн амын тоогоороо Монгол хол хоцордог. Тийм атал гуравхан сая ам бүлээс минь цаг бусын эндэгдэл дэндүү олон гарах юм. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, үүнтэй холбоотой стандарт, дүрэм, журмаа мөрддөггүйгээс дайн тулаантай орнуудад амь үрэгддэгээс олон хүн Монголд цаг бусаар хорвоог орхиж, хэдэн мянгаараа эрэмдэг, зэрэмдэг болж байгааг НДЕГ-аас гаргасан тайлан батлаад өгнө.
2017 онд 9621 иргэн хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуучуудын эгнээнд шилжсэнийг тус байгууллагаас мэдээлэв. Хохиролд нь 27.7 тэрбум төгрөг зарцуулсан байна. Харин өнгөрсөн оны урьдчилсан дүнгээр 8833 хүн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас 28.2 тэрбум төгрөгийн тэтгэмж авчээ. Хуулийг гууль болгож байгаа голлох салбар бол уул уурхайн компаниуд болон барилгынхан гэх.
Энэ хоёр салбарт үйлдвэрлэлийн осол хамгийн их гарчээ. Үйл ажиллагаа нь идэвхжих цаг хаяанд ирчихсэн тул иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг холбогдох байгууллагуудаас анхааруулаад байна. Зөвхөн МХЕГ-т мэдэгдэж буйгаар өнгөрсөн жил үйлдвэрлэлийн 283 осол гарчээ. Уул уурхайн салбарт хамгийн олон осол гарсан нь нийт ослын 25.8 хувийг эзэлж буй. Өөрөөр хэлбэл, дөрвөн хүн тутмын нэг нь уул уурхайд осолдож байна. Тэднээс 12 нь амиа алджээ.
Барилгын салбар удаалж, дөрвөн хүн хорвоогоос хальсан гэх. Үйлдвэрлэлийн ослын нэгдүгээр шалтгаан уналт аж. Барилгачин өндрөөс унаж, дээрээс унасан зүйлд иргэд өртөн бэртэх жишээтэй. Мөн ажлын байрны орчныг эмхэлж цэгцлээгүйгээс бүдэрч унан хөл, гараа хугалах нь олонтоо. Манай улс үйлдвэрлэлийн ослын тохиолдол бүрийг олон улсын хөдөлмөрийн байгууллагад мэдээлж, дэлхийн тайланд тусгадаг болоод гурван жил болжээ. Тиймээс олон улсад Монголыг “уналтын мастер” улс хэмээн харах вий хэмээн албаныхан санаа зовж буйгаа нуугаагүй.
Дээрх хоёр салбараас гадна Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт үйлдвэрлэлийн осол цөөнгүй гардаг гэнэ. Хамгийн гол нь тус байгууллага үүнийгээ нуун дарагдуулж, хяналт шалгалтаас бултсаар байгааг холбогдох байгууллагын эрх бүхий хүмүүс хэлсэн. Өнгөрсөн онд тус газарт үйлдвэрлэлийн осол долоон удаа гарчээ. Хөнгөн осол хоёр, ноцтой нь гурав бүртгэгдсэн байна. Түүгээр ч зогсохгүй хоёр хүн амиа алджээ.
Жишээлбэл, УБТЗ-ын ажилтан О өнгөрсөн аравдугаар сарын 25-нд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж хүнд бэртсэн байна. Удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж ажилчин бэртсэн хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн аж. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 33 настай иргэн С хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй нөхцөлд ажиллаж байхдаа халуун зүйлд түлэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Үүнээс дөрөвхөн сарын дараа 30 нас ч хүрээгүй Б хөдөлгөөнт эд зүйлд өртөж хорвоогоос цаг бусаар буцжээ. Өнгөрсөн гурван жил төмөр замын салбарт үйлдвэрлэлийн 56 осол гарсан ч хагасыг нь нуугаад өнгөрсөн гэх мэдээлэл байгаа юм.
Ажлын байранд гарсан ослуудыг архи уусан, гэмт хэрэг үйлдсэн, технологийн горимыг санаатай, санамсаргүйгээр өөрчилсөн зэрэг шалтгаанаар судлан бүртгээгүй орхижээ. Дээрх мэдээллээр бол сахилга хариуцлага хамгийн чанд байх учиртай төмөр замын байгууллагад архидалт газар авч, хэрэг, зөрчил гардаг, ажилтнууд нь технологийн горимоо дур мэдэн өөрчилдөг хэмээн хардаж болохоор байна. “Тэдний нуун дарагдуулсан 28 зөрчил төмөр замын хамрах хүрээний хашаанд гарсан нь тодорхой тул үйлдвэрлэлийн осол хэмээн үзэж болохоор” хэмээн холбогдох байгууллагын мэргэжилтэн хэлэв.
Ер нь төмөр зам дагасан зөрчил буураагүйгээр үл барам ноцтой хэмжээнд хүрснийг эх сурвалж хэлж байна. Өнгөрсөн наймдугаар сард Дорноговь аймгийн Айраг сумын “Цомог” өртөөнд Улаанбаатараас Сайншанд чиглэлд зорчиж явсан суудлын галт тэрэг онхолдож, 120 гаруй хүн гэмтсэн. Зарим нь тархиндаа хүнд гэмтсэн байдаг. Хэдийгээр үер бууж, байгалийн гамшгийн өмнө сөхөрсөн гэж тайлбарладаг ч салбарын учир мэдэх хүмүүс ослыг өөрөөр дүгнэдэг юм билээ. Бүр тодруулбал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг урьдчилан тооцоогүй гэж шүүмжилсэн нь бий. Инженерийн тооцоолол гэж байх ёстой. Зураг төсөл гаргахдаа төмөр замын дэргэдэх хонхор усаар дүүрэхийг урьдчилан тооцож, далангийн налуу тэнхлэгийг тохируулан, зам хэдий хугацааг тэсвэрлэх вэ гэдгийг судалж, аюулыг зайлуулах арга хэмжээ авах зэргээр олон ажил хийх ёстой байсан гэдэг.
Хэт хуучирч, доройтсон замын дэр модыг солиогүй удсан гэх асуудал тухайн үед яригдаж байсан. Ийм мөртлөө МХЕГ-аас УБТЗ нийгэмлэг, харьяа газруудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шалгалт хийе, зөвлөмж өгье гэхэд нь татгалзсан сурагтай. Мэдээллийн мөрөөр МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс тодруулахад “УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа төрийн хяналт шалгалтыг оруулахгүй, Ерөнхий хорооноос зөвшөөрөл ав гэсэн. Оросын эрх бүхий байгууллагын төлөөллийг оролцуулж, хамтарсан ажлын хэсгээр шалгуулна хэмээн албан бичиг шидсэн. Монгол тусгаар тогтносон төрт улс.
Жишээ нь, “Оюутолгой” компанийг шалгахын тулд “Рио тинто”-гоос зөвшөөрөл авдаггүй л байхгүй юу. Тус нийгэмлэг Оросын талтайгаа хамтраад дотооддоо хяналт шалгалтаа хийнэ биз. Түүнийгээ Ерөнхий хороондоо танилцуулах нь тэдний ажил. Энд Монголын хууль тогтоомж үйлчилнэ. Бид төлөвлөгөөт шалгалт хийе гэхээр хүлээж авдаггүй” хэмээлээ. Олон улсын гэрээтэй учраас заавал Оросын талтай хамтарсан шалгалт хийлгэнэ гэсэн нь хуулийн үндэслэлтэй юү гэдгийг түүнээс лавлахад “Монгол, Оросын хоорондын гэрээ бол хууль биш. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг бий бол үүнийг нь УИХ хэлэлцэж байж, хууль тогтоомжид суулгана. Монгол Улсын хуулийг мөрдөхгүй, төрийн байгууллагаар шалгуулахгүй гэсэн ойлголт байх ёсгүй. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хянах ажлыг Засгийн газар зохион байгуулна. Засгийн газрын хяналтыг Шадар сайдын эрхлэх ажлын хүрээний байгууллага болох МХЕГ хийх ёстой юм. Төмөр замд аюултай нөхцөл байдал үе үе гардаг. Төмөр замаар Монголын гурван сая хүн биш юм гэхэд нэлээд нь үйлчлүүлдэг. Тэдний хариуцлагагүй байдал иргэдэд сөргөөр нөлөөлнө. Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангаж чадахгүй байгаа энэ байгууллага үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангаж чадах, эсэх нь эргэлзээтэй. Ажлын байранд гарсан өдий төдий ослыг үйлдвэрлэлийнх биш хэмээн далдалж, хохирсон хүмүүст тэтгэмж өгөхгүй байгаа” гэв.
Албаны хүний хэлснээр бол УБТЗ-ынхны зөрчил хэрээс хэтэрчээ. Улмаар тус байгууллагын гаргасан осол эндэгдэл олон улсын мэдээ тайланд нэгтгэгдэж Монголыг муухай харагдуулахад хүрээд байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, ажлын байрны аюулгүй байдлыг бүрдүүлэхэд төрийн үүрэг оролцоо гэж бий. Тухайлбал, нийслэл, аймаг, сум бүхэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөлтэй байх учиртай. Оны өмнөхөн МХЕГ-аас зарим аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг шалгажээ. Ингэхэд Орхон, Булган, Дорноговь аймагт Хөдөлмөрийн аюулгүй байдлын орон тооны бус зөвлөл байгуулаагүй байжээ. Бүх шатны Засаг дарга зөвлөлийг удирдан зохион байгуулах бөгөөд нутаг дэвсгэртээ гарсан үйлдвэрлэлийн осол, гэмтлийг судлан бүртгэж, гарах зардал төсвийг тооцон, зарцуулах мөнгийг нөөц хөрөнгөөсөө гаргах үүрэгтэй аж. Харамсалтай нь, дээр дурдсан аймгийн Засаг дарга нар аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зөвлөл байгуулаагүй, хөрөнгийг нь төсөвтөө суулгаагүй байжээ.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын дархлаа суларсан нь жилээс жилд өсөж буй үйлдвэрлэлийн өдий төдий ослоос харагдах болов уу. Эдгээрийн цөөнгүй нь удирдлагын зохион байгуулалт тааруугаас гарсныг цагдаагийнхан хэлдэг. “Албан хаагч та даргаасаа ажлын аятай таатай нөхцөл бүрдүүлэхийг шаардах эрхтэй” хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн барилгын компани аюултай нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй бол иргэн та мэргэжлийн хяналтын байгууллагад хандаарай. Үндсэн хуульд заасан эрүүл, амьд явах эрхийнхээ төлөө ажил олгогчоос хариуцлага нэхэж хэвшье. Эс бөгөөс бүлтийтэл хараад хоцорсон үрдээ, цайныхаа дээжийг өргөөд үлдсэн ижийдээ, хоргодон хоргодон явсан гэр орондоо эргээд ирэхгүй байж мэдэх ийм нийгэмд амьдраад дэндүү их удлаа.