Ялалтын “шок”-нд орсон эрх баригчдын дотоод хагарал, талцал улс даяарын асуудал болоод удлаа. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн цөм, хүн амын 60 гаруй хувийн амьдрал өрнөн, буцалж байдаг, Засгийн газрын ажлын тал хувийг үүрч явдаг нийслэл хэмээх их айл ч эрх баригчдын хэрүүл, тэмцлийн “тэнэсэн сум”-наас бултаж, оногдолгүй үлдэж чадсангүй. МАН-ын дотоод хэрүүлээс болж нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурлын даргаа огцруулна гэж гарын үсэг зурсан, зураагүйгээрээ хуваагдчихаад, хуралдаж ч чадахгүй хэдэн сар болсон нь саяхан.
Нийслэлийн ИТХ тогтмол хуралдаж, хотын ажлыг урагшлуулж байх үүрэг, хариуцлага хүлээсэн, улс төр, цаг үеийн ямар ч нөхцөлд ажил нь тасралтгүй үргэлжлэх ёстой бүтэц. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сараас хойш ИТХ-ын ажил доголдоод, өнөө хүртэл жигдрээгүй байна. Нийслэлийн харьяа газар, агентлагуудын удирдах албан тушаалыг “борлуулж” 60 тэрбум төгрөг босгох мэргэн санал гаргасан нь задарч, намынхаа нэр хүндийг шороотой хутгахад нэрмээс болсон гэх Ц.Сандуйг огцруулахаар тэд зунжин, намаржин мунгинаад, эцэст нь, арай гэж даргаа сольсон ч байдал дээрдсэнгүй. Нийслэлийн ИТХ-ын 45 суудлын 34-ийг авч, үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан өөрсдөө хамгийн том сөрөг хүчин, хүчтэй эсэргүүцэгч, гацаагч болж, төсвөө баталж чадахгүй он гаргах дөхсөн нь саяхан. Хуулийн хугацаанд шахагдан аргагүйн эрхэнд арай гэж төсвөө баталсан ч асуудал мөн л дууссангүй.
Өдгөө нийслэл “толгой”-гүй болоод хоёр сарын нүүр үзэх дөхөж байна. Хэдхэн сарын өмнө намын дарга нь “Нийслэлийн Засаг дарга С.Батболд сайн ажиллаж байна. Төлөвлөсөн ажлын биелэлт хангалттай” хэмээгээд, шагнаж байснаа гэнэтхэн “Түүн шиг муу ажиллаж байгаа хүн алга” гээд огцруулах шийдвэрээ Удирдах зөвлөлдөө танилцуулсан. Ингээд С.Батболдыг элдэв янзаар шахаж, дарамталсаар өөрөөр нь өргөдөл бичүүлсэн нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сар. С.Батболд ажлаа өгөхдөө “Улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл, шалтгаанаас болоод ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Дээд түвшний улс төрийн тэмцэл нийслэлийн ИТХ-д нөлөөлөх ёсгүй. Нийслэлд ажил буцалж, өрнөж байх ёстой болохоос улстөржих талбар биш. Тиймээс улстөрчийн хувьд ажлаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа” гэсэн товчхон үгээрээ нам доторх хагарал, тэмцэл цааш тэвчих аргагүй болгосныг маш тодорхой илэрхийлсэн билээ.
Түүнээс хойш нийслэл даргагүйгээр шинэ оноо угтаж, Цагаан сартай золгож байна. Нэгдүгээр сарын 16-нд нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар нийслэлийн шинэ Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэн, С.Мөнхчулуун олонхын санал авсан ч түүнийг албан ёсоор батламжлуулах хүсэлт Ерөнхий сайдад очихгүй долоо хоног, түүнд очсон ч батламжлахгүй арав дахь хоногтоо гацаж байна.
МАН-ын Удирдах зөвлөл болон нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлэг С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэхээр байр сууриа нэгтгэж, бүх зүйл намын даргын төлөвлөгөөний дагуу явж байтал төлөөлөгч С.Мөнхчулуун танхимаас нэрээ дэвшүүлэн, бужигнуулж орхисон. Түүнийг нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлэхэд нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийнхэн хоёр ч удаа завсарлага автлаа сандарсан билээ.
Ингээд С.Мөнхчулуун намын бодлого сөрж, хайрцагласан санал задалсан баатрын дүрээр олны анхаарлын төвд орж, улс төрийн тайзан дээр голлох дүр болоод байна. Гэвч намын даргын өгсөн чиглэлээс зөрж, Удирдах зөвлөлөөс заасан хүнтэй өрсөлдөн, хоёр ч дахин санал хураалгаж гарч ирсэн нь С.Мөнхчулууны шийртэйнх биш, түүний ард буй хүн нийслэлд хүчтэй байгаагийнх гэвэл үнэнд илүү дөхнө. Тийм ч учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх шийдвэрийг нь сөрж, өөдөөс нь сөргөөцөлдөхөд бэлэн гэдгээ хотын даргад нэр дэвшүүлэх үйл явцаар илэрхийлсэн энэ хүчнээс жийрхэж, С.Мөнхчулуунтай гар нийлж ажиллана гэдэгтээ эргэлзэж буй хэрэг.
Гэвч энэ бол МАН-ын л асуудал болохоос нийслэлийн асуудал биш билээ. Улсын зүрх, тархи болсон нийслэлийн ажил хором ч саатах ёсгүй. Нутгийн өөрөө удирдах байгууллага олонхоороо сонгочихоод байгаа Засаг даргыг хурдхан батламжлаад, үгүй бол бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзах шалтгаан үндэслэлээ тайлбарлаж, дараагийн хүнээ санал болгон, нийслэлийг “толгой”-той болгох нь эрх барьж буй намын, Ерөнхий сайдын үүрэг билээ.
“Аз жаргалтай Улаанбаатар” хэмээх гоё мөрийн хөтөлбөрт итгэж, МАН-д үнэмлэхүй ялалт өгсөн нийслэлчүүд утаатай хотдоо түгжирсэн хэвээр гурав дахь өвлөө үдэж байна. Муу хүний заяа завагт гэгчээр энэ жил С.Батболдын үеийнх шиг цас орсонгүй, халтиргаа гулгаагүй, харьцангуй амгалан тайван өвөлжиж буй нь “Аз жаргалтай болгоно” гэж амалчихаад аз жаргалгүй Улаанбаатарт шүдний өвчин, зовлонгийн шалтгаан нэмж суугаа эрх баригчдын аз юм даа.
Нийслэлийн амьдрал хором ч зогсдоггүйтэй адил шийдлээ хүлээсэн асуудал, хийх ёстой ажил хором ч хүлээхгүй ундарсаар байгаа. Өнгөрсөн гурван жилийг УДЭТ-ын хойно “Улаанбаатар” гэсэн бичиглэл тавьж, шөнийн гудамж нээснээс өөр хийсэн зүйлгүй өнгөрөөсөн, нийслэлийг бодлогоор хангаж, засаглах бүү хэл, эрх мэдлийн төлөөх тэмцлээ зохицуулж чадахгүй байгаа МАН-аас амлалтыг нь шаардах эрх нийслэлчүүдэд бий. Харин эрх баригчдын ажиллах хугацаа хоног, хоногоор цөөрч байна. Бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад ганцхан жил үлдлээ. Өнөөдөр “толгой”-гүй байгаа нийслэл хэзээ аз жаргалтай хот болох вэ.