Тэнэг хүнийг таних хэцүү болжээ. Тэд ухаантай үг цээжилдэг болж. Хоосон цэцэрхэж, их мэдэмхийрэгчдийг нэрт эрдэмтэн, зохиолч Л.Түдэв гуай ийн шүүмжилсэн байдаг. Түүний энэ гашуун хухуун үгийн биелэл, утга учир аль ч салбарын албан тушаалтан, жирийн иргэдээс ч цухалзах боллоо. Үг цээжлэх, ухуулан сэнхрүүлэх уран “панал”-тайгаас гадна ямар нэг үйл хэрэг хийсэн, эсвэл хийх гэж байгаа мэтээр эргэлт буцалтгүй итгүүлж үнэмшүүлдэг хүн олшров. Ажил хийдэг хүнийг ч таних хэцүү болжээ. Тэд бүгд дүр эсгэн, хуурмаг үйлдэл хийцгээнэ. Ийм хүмүүсийн төлөөлөл уржигдар Төрийн ордонд утааны асуудлаар хуралдав.
Нийслэлчүүдийн толгой өвтгөж, сэтгэл шаналгасан агаарын бохирдлын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Ерөнхийлөгч 20 гаруй хоногийн өмнө УИХ-ын даргад өргөн барьсан. Тэрбээр уг албан бичигтээ “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах иргэний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа агаарын бохирдлын асуудлаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулна” гэж зорилгоо тодорхойлсон юм. Өвлийн сүүлч үеэр буюу утаа яг мартагдаж эхэлдэг цагаар энэ асуудлаар хуралдаж, олны анхаарлын төвд аваачих нь хэмээн иргэд түүний шийдвэрийг сайшаан хүлээн авсан. 11 000 гаруй гишүүнтэй “Утааны эсрэг ээж, аавууд” группийнхэн гэхэд зөвхөн энэ сонсголтой холбогдуулан Ерөнхийлөгч, БОАЖ-ын сайдад хэдэн зуун зурвас, цахим шуудан илгээгээд амжжээ. Хэвлэлийн байгууллагуудаас эхлээд мэдээлэлд ойр, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг хүмүүс ч энэ санаачилгыг сайшаан түгээж байв. Гэвч 2015 онд баталсан Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу зохион байгуулсан анхны Ерөнхий хяналтын сонсгол олон нийтийн хүлээлтэд хүрсэнгүй. Чухам ямар шийдэлд хүрсэн гэдэг нь ч таавар хэвээр үлдэв. Тэд “Үр дүн, шийдлээ баасан гарагт” танилцуулна гэж хойрголлоо.
Уншигч та санаж буй биз ээ. Агаарын бохирдлын асуудал хариуцсан бүх л газрын төлөөллийг Ерөнхийлөгч одоогоос яг жил гаруйн өмнө цуглуулж, өргөн бүрэлдэхүүнтэй хурал зохион байгуулсан. “Агаарын бохирдол бууруулах үндэсний чуулган” гэсэн бэлгэдэлт, сайхан нэртэй энэ арга хэмжээ утааны асуудлаарх бусад хурал, зөвлөгөөнөөс хамаагүй өргөн бүрэлдэхүүнтэй болсон ч үр дүн гэх зүйл юу ч байгаагүй. “Чуулганаас гарсан зөвлөмж, шийдлийг олон нийт болон холбогдох байгууллагуудад долоо хоногийн дараа хүргэнэ” гээд замхарсан юм даг. Энэ удаагийнх ч тэгэхгүй гэх баталгаа алга.
Агаарын бохирдлын сэдэвт энэ удаагийн эмгэнэлт жүжигт олон хүн тоглов. Гол дүр нь Ерөнхийлөгч байлаа. Тэрбээр уур омог нь бадарсан, ширүүн зантай удирдагчийн дүрд тогложээ. Энэ нь олон хүнд таалагдсан бололтой. Зарим нь “Агаарын бохирдол түүнийг бухимдахаас аргагүйд хүргэж” гэж өмөөрөх. Нөгөө хэсэг нь “Урагшгүй “юм”-нуудтай ингэж л ярих хэрэгтэй” хэмээн түүнийг зөвтгөх аж.
Түүний “Танин мэдэхүйн шинжтэй асуулт, хариултаа зогсоо. Бүгдээрээ шийдэл ярья. Бид утаатай холбоотой асуудлыг хэдэн жил ярьж, өөр хоорондоо мэдээлэл солилцлоо. Гадаадынхан ирчихсэн юм шиг “Утаа ийм, тийм байна” гэж бие биедээ танин мэдэхүйн “юм” яриад, ажил хийж байгаа юм шиг чухал царайлахаа боль. Шийдэж цөхөөд байх зүйл үгүй. Сэтгэл зүрх байвал болно. Мөнгөгүй гэж ярихаа боль. Монгол шиг баян улс байхгүй” хэмээх үг олон нийтийн сүлжээнд тренд болов. Дан ганц утаа гэлтгүй нийгэмд тулгамдсан асуудлын хүрээнд өрнөсөн дийлэнх хурал, зөвлөгөөн, нээлттэй сонсгол ямар ч шийдэлгүй, АХА тэмцээн аятай болдог, эсвэл оролцогчид нь хоорондоо хэрэлдэж, санал зөрөлдсөөр хэдэн тийшээ хараад дуусдагийг тэрбээр тун чиг онож хэлэв. Гэхдээ түүний санаачилсан энэ удаагийн сонсгол ч яг л ийм замаар өрнөсөөр дууссан юм даг.
Сонсголыг ийн бухимдалтайгаар эхлүүлсэн тэрбээр “Цэвэр агаар” сангийн хөрөнгөөс 5.1 тэрбум төгрөг завшиж, үнэтэй машин, брэнд гутлаар өөрийгөө бүрхсэн этгээд өнөөдрийг хүртэл сул чөлөөтэй явж байна”, “Цэвэр агаар” сан зөвхөн 2011-2015 онд дотоод зардалд 932 сая төгрөг үр ашиггүй зарцуулсан нь аудитын шалгалтаар ил болсон” гэхчлэн тоо баримттай, ноцтой баримт үе үе дэлгэсэн ч “Агаарын бохирдлоос ямар аргаар салах вэ” хэмээн маргаашдаа санаа зовж буй хүмүүст энэ тийм ч сонин байсангүй. Шинэ мэдээлэл ч биш юм. Магадгүй тэрбээр Үндэсний аудитын газрынхныг мэдэгдэл хийхээс өмнө (өнгөрсөн оны арваннэгдүгээр сар), эсвэл утааны улирал эхлэх үед энэ баримтуудыг дэлгэж, агаарын бохирдлын асуудалд дэндүү алгуур хандаж буй албан тушаалтнуудыг зандарсан бол цаг хугацааны хувьд хамгийн тохиромжтой үе нь байв. Агаарын бохирдол хариуцсан байгууллагууд ч энэ өвлийг үр дүнтэй өнгөрөөх байсан ч юм бил үү. Гэв чиг түүний дүр, хэлсэн үг нь тод байж чадсан.
Харин сонсголд оролцогч бусад гишүүн, байгууллагын төлөөлөл олны хэсэгт чадан ядан тоглов. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Бидэнд тоо баримт хангалттай бий учир бодит зүйлс ярьж, хийх хэрэгтэй. Гэр хорооллынхон үүнийг хүлээж байна” гэж Ерөнхийлөгчийн хэлснийг давтсан бол нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Энэ онд агаарын бохирдлыг бууруулах ажил ухарсан гэж үзэж байна. 150 гаруй тэрбум төгрөгийн төсөл оруулсан ч 50 хувьтай нь тэнцэх хэмжээний хөрөнгө төсөвлөсөн. Хамгийн гол нь санхүүгийн асуудал хүндрэлтэй байна” гэж нийслэлд ногдсон төсвийг чамлав. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Сүүлийн 10 жилд амьсгалын замын өвчлөл 2.7 дахин өссөн. Энэ нь агаарын бохирдолтой холбоотой. Өсөлтгүй жирэмслэлт, үр зулбалт зэрэг нь нянгийн халдвараас шалтгаалсан байдаг. Яг агаарын бохирдлоос болсон гэж баталсан судалгаа байхгүй” гэж айлгах, тайвшруулахын завсар мэдээлэл өгсөн. Харин Сангийн сайд Х.Булгантуяа “2008 оноос агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт мөнгө суулгаж эхэлсэн. Энэ хугацаанд улсын төсвөөс 221 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт 210 сая ам.доллар зарцуулсан” гэж улиглав.
Агаарын бохирдол хариуцсан толгой яамны сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ахлагч Н.Цэрэнбатыг энэ үеэр асуултаар булсан. Түүний юу хэлэх нь ч сонин байсан. Ерөнхийлөгч “Утаагүй зуух, түлш ярихаа болих хэрэгтэй. Үр дүнгүй гэдгийг нь баталчихсан. Утаагүй зуух гэж байдаггүйг дэлхий даяар нотолчихоод байхад өчнөөн тэрбумынхыг тараасан шүү дээ. Би БОАЖ-ын сайдтай зургаа, долоон удаа уулзсан. Одоо овоо ойлголттой болсон болов уу” гэхэд БОАЖ-ын сайд “Төр ямар нэг бүтээгдэхүүн аваад, түүнийгээ иргэдэд тараадгаа болих хэрэгтэй” хэмээх үгээрээ “толгой дохив”.
Агаарын бохирдлын асуудлаар зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсгол иймэрхүү дүр зурагтай өрнөв. Оролцогчид өнөөх л янзаараа бүгд л сүртэй зүйл ярьж, чухал царайлав. Хэн нь үнэхээр утаанд, нийслэлчүүдийн эрүүл мэндэд санаа, сэтгэлээ чилээж буй, аль нь чухам ажил хийдэг, хийх гэж байгаа гэдэг нь ч тааварлахад бэрх аж.
Ерөнхийлөгч “Би жилийн өмнө онц байдал зарлах санал гаргасан ч хүлээж аваагүй” хэмээн гомдлын үг хэлээд хүүхэд багачууд эмнэлгээс салахаа байж, өвчлөл нэмэгдсэн нь онц байдал зарлах шалтгаан яалт ч үгүй мөн гэж хэдэнтээ онцолсон. Иргэд ч түүнтэй санал нэг байна. Гэвч наана нь бодох зүйл бий. Нийслэлийн агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг ҮАБЗ 2017 онд хүлээн зөвшөөрч, түгшээж байв. Гэсэн ч ямар ч дэвшил, өөрчлөлт гараагүй, утаа улам л өтгөрсөн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиалаар сүржин мэдэгдэл түгээснээс хэтрээгүй. Хуралдаж, сүржин мэдэгдэл гаргах нь утаатай тэмцэх үр дүнтэй арга биш гэдгийг хаана хаанаа ойлгож, асуудалд бодитоор хандах хэрэгтэй болов уу. “Онц байдал зарлаад чухам юу хийх, ямар үр дүнд хүрэх вэ” гэж Ерөнхийлөгчөөс ам асууя.