МАН-ын Удирдах зөвлөлөөс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын шинэ даргад нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа. Түүний нэрийг МАН-ын дарга У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд оруулж ирсэн бөгөөд УЗ-ийн гишүүд хэлэлцээд Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин үүний дараа Г.Занданшатар гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. "УИХ бол Төрийн эрх барих дээд байгууллага . Ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлагыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулж, Үндсэн хууль дахь Төрийн хариуцлагын тогтолцоо, төрийн эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгохын төлөө хамгийн түрүүнд ажиллана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлагаас эхлээд төрийн байгууллагын бүх шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлж, нийгмийн шаардлагыг хэрэгжүүлэх бол УИХ-ын хамгийн чухал зорилт юм. Төрд итгэх ард түмний итгэлийг бэхжүүлэхийн тулд тэдний хүсэмжлэлд тулгуурлаж ажиллах ёстой" гэв.