Сүүлийн өдрүүдэд H1N1 вирус дахин дэлгэрч нийгмийг цочирдуулаад байгаа билээ. Өнгөрсөн долоо хоногт нэг хүн амиа алдаад байсан тус өвчнөөр өдгөө 7 хүн нас барсан тухай өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УИХ-ын чуулганы үеэр хэллээ.
Тэрбээр "Одоогийн байдлаар H1N1 вирусийн улмаас нэг ч хүүхэд эндээгүй. 2017, 2018 онд хатгалгааны эсрэг вакцин хийсэн нь үр дүнгээ өгч байна гэж харж байгаа. Би өнөөдөр 20, 30 жил УИХ-д ажиллаж байгаа гэж гайхуулан ярьдаг хүмүүст хандаж нэг үг хэлмээр байна. Та бүхэн тэр 20, 30 жилдээ сайжруулсан түлшний үйлдвэрээ барихгүй яасан юм бэ, агаарын бохирдлоо бууруулахад зарцуулсан мөнгөө яасан юм бэ, хүүхдүүддээ хангалттай ортой эмнэлэг барьчихгүй дээ.
Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өдөр, шөнөгүй ажиллаж байж томуугийн дэгдэлтийг цурманд оруулаад байна. Энэ салбарынхны хөдөлмөр зүтгэлийг доромжилсон Ё.Баатарбилэг гишүүн уучлал гуйх ёстой.
Өнөөдрийн байдлаар H1N1 вирусийн улмаас улсын хэмжээнд насанд хүрсэн долоон хүн нас бараад байгаа. Улаанбаатарт дөрөв, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь аймагт тус бүр нэг иргэн томуугийн вирусийн халдвар авч нас барсан" гэлээ.