Өмнөх жилүүдийг бодвол энэ өвөл томуугийн улмаас эмнэлэгт хэвтэгсдийн тоо эрс нэмэгдсэн. Учир нь өвчин амархан хүндэрч, уушгины хатгалгаа болж буй. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид, тэр дундаа суурь болон хавсарсан эмгэгтэй хүмүүст ханиад, томуу хүнд тусаж байна. Тиймээс хатгалгаа өвчний талаар мэдээлэл хүргэхээр Улсын гуравдугаар төв эмнэлгийн Уушгины эмгэг судлалын тасгийн эмч М.Эрхэмбаяртай ярилцлаа.
-Улсын хэмжээнд ханиад, томуу ид дэгдэж, бүх шатлалын эмнэлгүүд ачаалалтай байгаа. Танай тасгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Манайх 35 ортой, одоогийн байдлаар 36 үйлчлүүлэгчтэй. Уушгины хатгалгаатай, хүчилтөрөгчийн дутагдалд орсон дөрвөн хүн эрчимт эмчилгээ хийлгэж буй. Биеийн байдал нь тогтвортой байна. Манайд уушгины хатгалгаатай болон амьсгалын эрхтний суурь өвчин нь сэдэрч, хүндэрсэн үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг. Хавсарсан суурь эмгэгтэй, эрсдэлт бүлгийн хүмүүс томуу, томуу төст өвчин тусах нь элбэг. Өвчин нь богино хугацаанд хүндэрч, хатгалгаа болон улмаар амьсгалын дутагдалд орж байна.
Тасгийн ачаалал аравдугаар сараас нэмэгдэж, дөрөвдүгээр сарын сүүлч хүртэл буурдаггүй. Хүйтэрч, агаарын бохирдол ихэсдэгтэй холбоотойгоор ханиад, томуугийн тархалт нэмэгдэж, уушгины хатгалгаа, бөглөрөл, гуурсан хоолойн багтраа, гуурсан хоолой тэлэгдэх зэрэг архаг, суурь өвчин сэдэрдэг.
-H1N1 вирусээр халдварласан хүн танайд бий юү?
-Вируслогийн шинжилгээгээр А хүрээний H1N1-тэй гэж оношлогдсон хоёр хүн хэвтэн эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт нэг үйлчлүүлэгч эдгэрээд гарсан. Хүн амын дунд томуугийн А хүрээний H1N1, H3N2 болон риновирус, боковирус, короновирус, энтеровирус, синцитиальвирусээр үүсгэгдсэн халдвар дэгдээд байна. H1N1-ийн үед халуурах, ханиалгах, толгой, үе мөч, булчингаар өвдөх, хоолой хөндүүрлэх, нус гоожих, зарим үед бөөлжих, суулгах зэрэг ханиадны энгийн шинж тэмдгээр илэрнэ.
-Уушгины хатгалгаа хэрхэн үүсдэг юм бэ?
-Уушгины цулцангууд, жижиг эрэмбийн гуурсан хоолойнуудыг хамарсан амьсгалын замын үрэвслийг хатгалгаа гэдэг. Төрөл бүрийн үүсгэгч, ихэнхдээ нян, вирус, мөөгөнцрөөр үүсгэгддэг. Өвчтөний нас, хавсарсан өвчин бий, эсэхээс хамаарч, хүнд, хөнгөн хэлбэрээр явагддаг. Мөн амьсгалын замын өөрийгөө цэвэрлэх механизм алдагдсан үед үүсэж болно.
-Хэрхэн таних вэ. Хор уршгийг нь тайлбарлахгүй юу?
-Манайд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн олонх нь 45-65 насныхан байна. Уушгины хатгалгаа өвчний үед цэртэй болон хий ханиалгах, халуурах, хоолой, цээжээр өвдөх, амьсгаадах, хамар битүүрэх, нус гоожих, дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хордлогын шинж тэмдэг илэрч болно. Насанд хүрэгсэд нэг минутад амьсгалын тоо нь 30-аас олшрох, цээж хүчтэй өвдөх, 39-40 хэм хүртэл халуурах, цусны судалтай цэр гарвал хатгалгаа хүндэрч байгааг илтгэнэ. Яаралтай эмнэлэгт хандахгүй бол амьсгал, зүрх, судас, олон эрхтний дутагдалд оруулна. Уушги хүчилтөрөгчөөр амьсгалж, нүүрсхүчлийн хийг гадагшлуулах үүрэгтэй. Энэ үйл ажиллагаа алдагдсан үед амьсгалын дутагдал үүснэ. Тиймээс хүчилтөрөгчийн болон антибиотик эмчилгээ сонгодог.
-Монголчууд антибиотикт дасах нь элбэгшсэн гэж эмч нар ярьдаг. Тухайлбал, суурь болон хавсарсан эмгэгтэй өвчтөнүүдэд эм үйлчлэхгүй байх хүндрэл гардаг уу?
-Антибиотикийг эмчийн зааваргүй, дур мэдэн хэрэглэх нь эмд дасалтай болох эрсдэлтэй. Ийм үед өвчин эдгэрэхгүй, даамжрах, ор хоног уртсах, улмаар амь эрсдэх аюултай. Үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд ч эдийн засгийн хохиролтой. Уушгины хатгалгааг хүнд, хөнгөний зэргээс хамаарч, эмчийн заавраар гэрээр болон эмнэлэгт хэвтүүлэн эмчилдэг. Сүүлийн гурван сар антибиотик хэрэглээгүй, биеийн байдал тогтвортой, хөнгөн хэлбэрийн хатгалгаатай хүмүүсийг гэрээр асарна. Харин зүрх, судас, амьсгалын дутагдалтай хүмүүсийг хэвтүүлэн эмчилдэг.
-Хатгалгаа тусаад эдгэрсний дараа уушгинд ямар нэгэн “толбо” үлддэг үү?
-Иргэд өвдсөн үедээ эмнэлэгт хандалгүй, эмийн санчийн зөвлөснөөр дур мэдэн эм ууж, хугацаа алддаг. Эмчийн заавраар, зөв эмчлүүлэхгүй бол уушгинд наалдац болон хатуурал үүсдэг. Архаг хатгалгаа гэж байдаггүй, харин ужиг явцтай байж болно. Өвдөөд 14-өөс олон хоносон бол ужиг гэнэ. Аливаа өвчинд эхлэл болон ид, эдгэрэх үе гэж байдаг. Эмчийн зааваргүй, антибиотик байнга хэрэглэвэл эмд дасахаас гадна дархлаа сулран, мөөгөнцөр үүсэж, ходоод, гэдэсний ашигтай нян устдаг. Улмаар бусад төрлийн бичил биетэн үржиж, шинэ халдварт өртдөг.