Монгол Улсын Ерөнхийлөгчийн охин “Намуун” хэмээх төрийн бус байгууллагаараа дамжуулан хүүхдийн эмнэлэг барих хандив цуглуулж эхлэв. Сүмочид багачуудад эмнэлэг барьж өгөх болсон талаар үнэн, худал нь тодорхойгүй мэдээ сошиалаар хөвөрсөн. Дэлхийн жишигт нийцсэн хүүхдийн эмнэлэг тун удахгүй ашиглалтад орох нь ээ... Шалаар, хонгилоор зулсан ээжүүдийн нүдэнд гэрэл цацарсан нь лавтай.
Бизнесмэнүүд хандив өгөхөө амлалаа. Үйл явдал ийн өрнөв. Хандиваар, тусламжаар босох хөрөнгийн чимээ нэжгээдийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан нь энэ. Үүний цаана нэг л асуудал бий. Монголын төр нялхастаа ээлгүй. Уучлаарай, эрх баригчид аа, Эмнэлэг бидэнд хэрэггүй. Үр хүүхдээ эмнэлгийн оронд “тушааж”, эм, тариагаар “угжих”-ыг эцэг, эхчүүд тэвчихгүй. Эрүүл өсөж, торних орчныг нь бүрдүүлж өгөхийг л та бүгдээс хүсэж байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар өнгөрсөн оны эцэст манай улсын хүн ам 3.2 саяд хүрч, 61 мянгаар нэмэгджээ. Гэвч нас баралт 10-аад хувиар өсөж, монгол хүний эрүүл мэнд хямдхан бараа мэт үнэлэгдсэний нэг баталгаа энэ биш гэж үү. Агаар, хөрс, орчны бохирдол халдварт болон халдварт бус өвчнийг улам өрдөж, мэргэжлийн байгууллагууд “цурманд оруулж” хүчрэхээ болилоо. Хотын утаа нялхсыг хэрхэн хөнөөж буйг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сангийнхан хамтарсан судалгаагаараа нотолсон.
“Ураг амьгүй болон дутуу, жин багатай төрөх, цаашлаад амьсгалын замын архаг өвчин, уушгины хатгалгаагаар хязгаарлагдахгүй болж, амийг нь авч одох болсон” хэмээн тайландаа тодотгожээ. Хүний эрүүл мэндэд онц ноцтой, хор хөнөөл учруулах хэмжээний бохир орчинд амьдарч буй хүүхдүүд, тэр дундаа тав хүртэлх насныхан уушгины хатгалгаа, амьсгалын замын архаг өвчинд нэрвэгдэн, богино хугацаанд хүндэрч байгааг бид энэ өдрүүдэд харж сууна. Хүйтэн, бохир агаараар хооллодог ханиад, томуугийн вирусууд балчир үрсийг анаж, эмзэг цэгт нь “бууриа” засах нь тэр.
Улсын хэмжээнд өнөө жил томуугийн А хүрээний H1N1 вирус дэгдэж, нийслэлд нэг, орон нутагт мөн тооны хүн, хоёр хүүхэд нас барчихаад байна. Улаанбаатарт томуугийн тархалт буураагүй ч эмнэлгийн орны ачаалал багассаныг албаныхан хэллээ. Гэвч аймгуудын хэмжээнд байдал дордож, Өмнөговийн БОЭТ-д уг вирусийн улмаас хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн хоёрынх нь бие маш ноцтой, долоо нь хүнд байгааг ЭМЯ-наас өчигдөр мэдээлэв. Жил ирэх тусам ханиад, томуу “байн”-даа тусаагүй эмд дарагдахаа больж, мутацид орсоор байна. Гэтэл манай төрийн түшээд, аядуу зөөлнөөр “Эмнэлэг барьж өгье” хэмээн ярих нь өнөөгийн нөхцөлд нийцнэ гэж үү.
Ганцхан жилийн дотор байтугай хотын утааг арилгаж чадахгүй нь ойлгомжтой болоод байна. Олон жилийн стратеги, шат дараалсан ажлын дүнд сийрэгжиж юуны магад. Гэвч тэр болтол ханиад, томуу дэгдэхэд хүүхдүүдээ хонгилд зулж, оргил үеийг аргалах уу. Өнгөрсөн онд 400 гаруй хүүхэд уушгины хатгалгаагаар эндэж, ирэх 10 жилд 4000, 5000-аар нь “туг тахиж” байж ухаан орох уу гэдэг асуудал яг одоо яригдах болов. Дахиад хэлчихье, эцэг, эхчүүд үүнийг тэсэж, тэвчихгүй.
Эрүүл мэндийн салбарын зардал 2010 онд 250 тэрбум төгрөг байв. Жил ирэх тусам энэ нь нэмэгдсээр 2017 онд 674 тэрбумд хүрчээ. Одоогийн энэ орчин, нөхцөлд монголчуудын өвчлөл яг энэ байдлаараа анагаах зардал нь 2025 онд одоогийнхоос 33 хувиар нэмэгдэнэ гэж НҮБ-ын Хүүхдийн сангийнхан дүгнэчихлээ. Тодорхой хэлбэл, эрүүл мэндийн байгууллагуудаас жил бүр 4.8 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргаж, 2019-2025 онд хүүхдүүд 1.2 сая хоног хэвтэн эмчлүүлэх, 145 000 удаа амбулаториор үзүүлэх нэмэлт ачаалал эмнэлгүүдэд ирэхээр байна гээд бод доо. Шууд бус санхүүжилт, өвчтэй хүүхдээ асрах гэж ажлаасаа чөлөө авах эцэг, эхийн хөдөлмөрийн үнэлгээг тооцвол нийт зардал бараг 50 тэрбум төгрөгөөр хэмжигдэх нь.
Эмнэлэг хангалттай бий. Улсын хэмжээнд 4005 эрүүл мэндийн байгууллага иргэдэд үйлчлээд, хүрэлцэж л байна. Ханиад, томууны тархалтаар хөл алдсаныг эс тооцвол. Аливаа зүйл хэтрэхээр утгаа алдаж, тогтолцоонд гажуудал үүсгэдгийг нийслэлд аалзны тор шиг хэрсэн эмийн сангийн тооноос харж болно. Иргэд эмэнд донтож, хэрэглээ нь хэтийдсэн. Тэгвэл өдгөө хотоор дүүрэн эмнэлэгтэй болох л дутаж гэнэ. Аймаг, дүүрэг бүрт хүүхдийн эмнэлэг барина л гэнэ. Гэвч өвдөөд очиход ор бэлэн байвал асуудал шийдэгдэх үү. Хамгийн гол нь уушги, амьсгалын замын архаг өвчин эдгэрлээ ч насан туршид нь хууч эмгэг болж үлддэгийг мэргэжлийн эмч нар сануулаад хэдэн жил өнгөрлөө. Бага насныхныг аль болох өвчлүүлэхгүй байхыг дэлхий дахинд зөвлөж буй. Өвдсөн үед нь асрах байр сав зэхэх бус юм. Өвчнөөс урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулмаар байна. Олон улсын жишиг ч ийм.
Урин цаг айсуй. Рашаан, сувиллуудыг “хөдөлгөөнд” оруулж, утаанаас хол, хүүхдүүдээ тоглуулмаар байна. Хүүхдүүд, нялхсын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх газруудыг нэмж байгуулах, идэр насныхныг эрүүл мэндээ эрхэмлэхэд нь тусалмаар санагдана. Бялдаржуулах төвүүдэд явуулах, усан сангийн тоог олшруулах, нийтийн эрүүл мэндийг дэмжсэн спортын арга хэмжээ тогтмол зохиовол үр дүн харагдах бус уу. Ууланд алхагсдыг дэмжин, урамшуулах, дүүрэг, хороо бүрт хүүхдэд зориулсан төв байгуулах, өвлийн спортыг хөгжүүлэх зэргээр эмийн бус идэвхтэй хөдөлгөөнөөр иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулахад хүч нэмж өргөе.
Даатгалаар хөнгөлөлттэй үйлчилдэг рашаан, сувилал улсын хэмжээнд 50 орчим бий. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр нэмэгдэж, тогтмол ашигтай ажиллах болсон. Илүүчилсэн мөнгөөрөө даатгалаар үйлчлэх рашаан, сувиллын тоог нэмэгдүүлж, зорилтот бүлгийнхийг асрах нь одоогийн нөхцөлд хамгийн оновчтой арга гэж эмч нар хэлж байна.
Учир нь уушги өөрийгөө хурдан цэвэрлэдэг тул хэдхэн хоног “ориг” агаар амьсгалахад хордлогоо бүрэн тайлдаг хэмээн сурталчилсан. Тав хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдийг сувилалд амраах тухай яриа гарахад олонх нь “Дэмий мөнгө зарах гэлээ” хэмээх бухимдал нийгэмд илүүрхэв. Олуулаа болцгооё гэдэг хэрнээ томчууд үрсийнхээ төлөө юу хийсэн юм бэ. Утаа бууруулах нэрээр 500 гаруй тэрбум төгрөг “идэж”, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд нь халдчихаад хэдэн цаас харамлаж суух нь хүн ёсонд нийцэхгүй л болов уу.