Монголчууд эм уух биш, идэх донтой болсон. Тун нь таарвал эм, хэтэрвэл хор болдгийг умартсан хэрэг. Ямар нэгэн эмгэг, шаналгаагүй хэрнээ байнга өвчин намдаах эм ууж, тайвширдаг гаж хүсэлтэй болсон цөөнгүй хүн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандах болжээ. Түүнчлэн нянгийн гаралтай үрэвсэлт өвчин монгол хүний биеэс барагтай бол ховхрохоо больсон нь антибиотикт дассаны илрэл гэж эмч нар сануулсаар байна. Үүний уршгаар эрхтэн шилжүүлэн суулгах, бусад нарийн төвөгтэй хагалгааны дараа өвчтөнүүд янз бүрийн вируст амархан өртөж, өндөр тунтай эм үйлчлэхээ больсон нь аюул дагуулж байгаа гэх. Хамгийн ойрын жишээ татахад, эмэнд тэсвэртэй, олон эмэнд дасалтай сүрьеэтэй танилцаад бид удаж байна. Эмчийн заавраар, цаг тухайд нь эмээ уувал курс эмчилгээгээр эдгэрдэг өвчин. Гэвч монголчуудын сүсгээрээ эм хүртдэг “заншлаас” болж сүрьеэ улам тэсвэржиж, дарагдахаа болиод байгааг эмч, мэргэжилтнүүд хэлсэн юм. Монгол хүн хэзээнээс эм ингэтлээ шүтэх болов. Ижий, аав, эмээ, өвөөгийн үед сөд өвс, таван салааг ходоод, гэдэсний элдэв өвчинд буцалгаад уучихдаг. Эмч, домч залахгүй, аль болох уламжлалт аргаар биеэ торддог байж. Хөдөөгийн хөх өвгөд, хөгшдийг харахад одоо ч эм тан гэдэггүй, тэр хэрээр бие хаа сайтай. Харин өнөөгийн бид, бидний хүүхдүүд антибиотикт дасаж, эмийн зохистой хэрэглээ гэж юу болохыг мэдэхгүй өсөж байгаа нь харамсалтай.
ЭМИЙН САНГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ БАРУУН, СОЛГОЙГҮЙ “ЦАЦДАГ”
Эм бол үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг, бас онцгой бүтээгдэхүүн. Эрдэмтэд үүнийг химийн хор ч гэж тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд шинэ эм болгоныг толгой дараалан улс бүртгэж, зах зээлд илүүдэл үүсгэсэн нь иргэдийг эм уух хүсэлтэй болгосон гэж мэргэжлийнхэн хэлдэг. Монголчуудын сайн мэдэх парацетамолыг л гэхэд худалдааны 30 өөр нэрээр зах зээлд борлуулж байна.
Дэлхийн жишгээр 10 сая хүнтэй хотод эм ханган нийлүүлэх 6-7 байгууллага байхад иргэдийн хэрэгцээг бүрэн хангана гэж үздэг юм билээ. Гэтэл гурван сая гаруйхан хүн амтай манай улсад ийм 390 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлд гэхэд одоогоор 1100 гаруй эмийн сан ажилладаг бөгөөд жилд дунджаар 150-200 тусгай зөвшөөрөл нэмж олгосоор. ЭМЯ, ШӨХТГ, нийслэлийн Эрүүл мэндийн газар үүнийг чөлөөт өрсөлдөөний зах зээлийн зарчим гэх халхавч үгээр тайлбарладаг. Ачир дээрээ эмийн сангийн стандарт (MNS 5260:2015)-ыг үгүй хийчихээд, тусгай зөвшөөрлийг хэн дуртайд нь олгох болжээ.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, хангамж, хяналт, төлөвлөлт, эмийн сан хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатар “Улсын хэмжээнд 2000 орчим эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Одоо ч гэсэн тусгай зөвшөөрөл хүссэн хувь хүн, байгууллагын маягт хэдэн зуугаараа байна. Өмнө нь мөрдөж байсан MNS 5260:2015 стандартад 5000 хүн тутамд нэг эмийн сан байх ёстой, хоорондын зай нь 500 метрээс ойргүй байна гэж заасан. Гэвч ШӨХТГ энэ стандартыг үгүй хийсэн. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн юм байх. Тэд
“Танайх аль нэг байгууллагад давуу эрх олгоод байна. Зах зээлийн жамаар өрсөлдөх боломжийг нь олгож, шалгарсныг нь дэмжээд, чадахгүйнх нь үйл ажиллагааг зогсоох ёстой”
гэсэн зөвлөмж манайд ирүүлсэн. Зах зээлд энэ төрлийн үйлчилгээ эрхлэгч олшрох тусмаа өрсөлдөөн бий болж, үнэ буурна гэж ШӨХТГ-ынхан үзсэн бололтой. Одоогийн мөрдөж буй хуулиар байраа бэлдсэн, тоног төхөөрөмжөө оруулаад ирчихсэн, боловсон хүчнээ бэлтгэсэн аж ахуйн нэгжид эмийн сан эрхлэх тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан. Үүнээс болж хэн дуртай нь хүссэн газраа эмийн сан байгуулснаар эцэстээ хөл, толгой нь мэдэгдэхээ больжээ.
Түүнчлэн ийм үйлчилгээ эрхлэгчид “Хажууханд эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгож, орлого хаалаа” гэж гомдоллодог. Тиймээс бид ШӨХТГ-ынхантай зөвлөлдөж, импортын болон бөөний худалдаа эрхлэгчдэд жижиглэнгийн наймаа эрхлэхийг хориглох болсон. Эм ханган нийлүүлэх байгууллагууд бөөний, эмийн сангууд жижиглэнгийн худалдаагаа эрхлээд явахад аажимдаа цэгцрэх байх. Тэгэхгүй бол ханган нийлүүлэгчид бөөний үнээр оруулж ирсэн бүтээгдэхүүнээ хувийн эмийн сангаараа худалдахаар бусад жижиг, дунд бизнес эрхлэгчийн өсөх боломжийг хязгаарлаж, зах зээлд давуу эрх эдлэх болж. Манайх МХЕГ-ын дүгнэлтийг үндэслэн, тусгай зөвшөөрлөө сунгах хүсэлт ирүүлсэн байгууллагуудыг өдгөө шалгаж байна. Ажлын байр, тоног төрөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, анхан шатны бичиг баримтаа хөтөлж байгаа, эсэхийг нь комисс нягтлаад, тусгай зөвшөөрлийг нь сунгадаг. Эмийн сан, ханган нийлүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр эм хангамжийн зах зээлд нийлүүлэлт ихсэж, эмийн зохисгүй хэрэглээ, хор хөнөөл, гаж нөлөө нэмэгдэж байна. Тиймээс бид эмийн сангийн тоог цаашид цөөлнө. Шалгуурыг өндөрсгөж, тэргүүлэх чиглэлийнхэд нь эрх олгоно. Эрүүл мэндийн сайд эмийн сангийн үйлчилгээ хүрээгүй газарт тусгай зөвшөөрөл олго гэж үүрэгдсэн. Комисс хуралдаад шийдвэрлэх байх. Мөн улсын эмнэлгүүдийн дэргэд эмийн сан байгуулах талаар ярьж байна. Гол нь иргэдэд хямд үнээр эм олгох зорилготой” гэж ярив.
НЭГ КОМПАНИ 100 ЭМИЙН САН БАЙГУУЛАХ НЬ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН ҮҮ
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11.1.5-д “Эм ханган нийлүүлэх байгууллага иргэдэд эм, эмнэлгийн хэрэгсэл худалдахыг хориглоно”
гэж заажээ. Энэ нь эм импортлогч компаниуд дэргэдээ эмийн сан байгуулан, жижиглэн худалдаа эрхлэх нь хуулиар хориотой гэсэн үг. Гэвч ханган нийлүүлэгчид хуулийн энэ заалтаас хөнгөхөн бултаж, охин компаниудынхаа нэрээр тусгай зөвшөөрөл авчихдаг аж. Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар 2018 оны дөрөвдүгээр сард ¹ 325 дугаар тушаал гаргаж, импортын болон бөөний худалдаа эрхлэгч эм ханган нийлүүлэх байгууллагад эмийн сангийн тусгай зөвшөөрөл олгохгүй болсныг мэдэгджээ. Гэвч Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо, гишүүн байгууллагууд нь үүнийг эсэргүүцэж, одоогоор эл шийдвэрийг мөрдөж буй компани алга.
Эм ханган нийлүүлэгчид өнөөдрийг хүртэл дэргэдээ эмийн сан ажиллуулсаар байна. “Эм” холбооны ерөнхийлөгч Ж.Рэнцэн-Амгалан “Ханган нийлүүлэгчдийг эмийн сантай байхыг хориглож байгаа бол үүнийгээ нарийн хуульчлах хэрэгтэй. Жишээлбэл, эмийн үйлдвэртэй, эм ханган нийлүүлэх байгууллага нь бас өөр нэртэй, эмийн сан нь тусдаа үйл ажиллагаа явуулдаг давуу эрхтэй компаниудыг яах вэ гэдгээ тодорхой болго. Нэг компани тухайн салбарын зах зээлийн 10 хувийг ганцаараа эзэмшиж байвал энэ нь монопол болдог. Гэтэл манай эм хангамжийн салбарт томд тооцогддог аж ахуйн нэгжийн зарим нь сүлжээ 70-80 эмийн сантай, 100 болгоно гэсэн зорилт тавьчихсан ажиллаж байна. Энэ нь нийслэлийн хэмжээн дэх зах зээлийн 10 хувийг дангаараа бүрдүүлнэ гэсэн үг. Гэтэл ОХУ-д нэг аж ахуйн нэгжийг 20-иос илүү эмийн сан байгуулахыг хориглодог. Давуу эрх олгохгүй, шударга өрсөлдөөнийг дэмжиж байгаагийн жишээ энэ. Манайд хэн нь давуу эрхтэй юм, бүү мэд. Төр тусгай зөвшөөрлийг тодорхой бодлогоор хянаж чадвал үнэд ч нөлөөлнө” гэсэн юм.
МОНГОЛЧУУД ГАНЦХАН ЖИЛД 347 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЭМ УУЖЭЭ
Манай улсын эм хангамжийн зах зээлд 600 гаруй тэрбум төгрөг эргэлдэж буйн 400 гаруй тэрбум нь эмийн өртөг. 2017 онд 441 тэрбум төгрөгийн эм импортолсон нь монголчуудын хэрэглээ ямар түвшинд очсоныг илтгэх буй за. Гайхмаар нь 347 тэрбум төгрөгийн эмийг бөөний үнээр борлуулсан гэсэн статистикийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргажээ. 2015, 2016 онд эмийн импорт 182-215 тэрбум байсан бол сүүлийн хоёр жилд 200 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Монголчуудын эрүүл мэнд тэгтлээ доройтсон уу. Улсын бүртгэлд өдгөө 59 улсын 6000 орчим нэр, төрлийн эм байгаа нь ганцхан жилийн дотор 1200-гаар нэмэгдсэн үзүүлэлт аж. ЭМЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУҮИС-ийн Эм зүйн сургуулийн эрдэмтэн, судлаачид 2017-2018 онд Монгол Улсын эмийн зах зээл дэх хуурамч, бүртгэлгүй эмийн тархалтыг тогтоох судалгаа хийсэн байдаг.
Ингэхдээ баруун, зүүн, төвийн болон хангайн бүсээс санамсаргүй түүврийн аргаар нэг аймгийг сонгон, 118 байгууллагыг шалгажээ. Зах зээл дэх нийт эмийн 19 хувь нь бүртгэлгүй, 14.6 хувь нь чанарын шаардлага хангахгүй байсан бол 15 нэр, төрлийн эмийн 1770 дээжийг шинжлэхэд хуурамч эм нэлээд хэд илэрсэн байна. Түүнчлэн 305 эмийн санд төлөвлөгөөт, 77-д гэнэтийн шалгалт хийхэд олонх нь жороор олгодог эмийг эмчийн бичиггүй, зарим нэр, төрлийн эмийг улсад бүртгүүлэлгүй худалдаж байсан нийтлэг зөрчил илэрчээ. Мөн эмийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр элдэв гаж нөлөө илрэх болсон. МХЕГ 2017 онд эм, биобэлдмэлийн 1800 дээж шинжлэхэд 236 нь чанарын шаардлага хангахгүй байж. Үүнээс гадна 2012-2018 онд улсын болон хувийн эмнэлгүүд эмийн гаж нөлөөний 800 гаруй тохиолдлыг бүртгэсэн байх юм.
Эмийг сүсгээрээ уудаг манайханд телевизээр өдөр, шөнөгүй хөврөх зарууд улам л “дарамт” болсоор. Өвчин ярьдаггүй эгч, дүү нар хүртэл “Үе мөч, нуруу, бөөр, давсагны үрэвсэлд энэ сайн гэнэ. Энэ нь тархины цусан хангамж сайжруулахад үр дүнтэй, тэр нь зүрх, судасны өвчинд тустай. Аав, ээжид авч өгье” гэнэ. Хүний эмийн зөвлөл 2015-2017 онд 152 эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлахыг зөвшөөрчээ. Эм зүйн салбарын энэ мэт гажиг тогтолцоо ард иргэдийн эм шүтэх сэтгэлгээг улам өрдсөөр байна.