Энэхүү асуултад ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн их эмч Б.Бат-Амгалан хариулжээ.
“Хэрвээ хүүхэд чинь халуунтай хэрнээ онцын зовиургүй бол халууныг нь буулгах шаардлага байхгүй. Харин зовиуртай бол парацетамол шахмал, сиропоор (худалдааны нэршил нь Panadol, Tylenol) уулгах эсвэл лаагаар хэрэглэнэ. Хамгийн ойрхондоо дөрвөн цагийн зайтай хэрэглэж болно. Ибупрофен (Hypoфен)-ыг ДЭМБ гурван сараас доош, харин АНУ-д зургаан сараас доош насанд хэрэглэхийг хориглодог гэдгийг анхаараарай.
Халуун бууруулах эмүүдийг дийлэнх тохиолдолд цагаар уулгадаггүй, худалдаж авсан эмээ дуустал уулгаж болохгүй. Халуун бууруулах сиропуудыг нарны гэрэл тусахгүй газар, тасалгааны хэмд онгойлгосноос хойш нэг жилийн хугацаанд хадгалж болно. Манайхан халуурч байгаа хүүхдийн арьсыг спиртээр арчих аргыг хэрэглэдэг. Ингэхэд халуун буурах боловч спирт арьсаар цусанд шимэгддэг болохыг анхаарна уу. Яг л “архи уусан” мэт болж болно гэсэн үг. Энэ аргыг буурай орнуудад хэрэглэсэн хэвээр байгаа. Өндөр хөгжилтэй орнууд аль хэдийнэ энэ аргаас татгалзсан байдаг. Халуурч буй хүүхдэд шингэн зүйл сайн уулгах, чичрэх нь аюултай тул дааруулахгүй байх, гэхдээ бас халууцуулж бас болохгүй гэдгийг санаарай” гэжээ.