“Фитнесээр хичээллэж эхэлснээсээ хойш би хамрын ханиад ч хүрээгүй” хэмээн бодибилдинг, фитнесийн дэлхийн дөрвөн удаагийн аварга, Гавьяат тамирчин бүсгүй хэлсэн. Түүн шиг аварга болж алдраа дуурсгах нь байг гэхэд завтай цагтаа гүйж, харайн биеийн тамираар хичээллэдэг, хичээллэх сонирхолтой хүн олон бий.
Тэдэнд зориулсан спорт клубүүдийн тоо нэмэгдсээр буй бөгөөд одоогоор нийслэлд 130 орчим фитнес клуб, том, жижиг 10-15 бассейн байна. Тэдгээрийн үйлчилгээний үнэ ханш харилцан адилгүй. Иргэд хамгийн багадаа нэг сараар төлбөрөө төлж болох бол зарим том клуб гурван сараас бага хугацаагаар гишүүн элсүүлдэггүй. Нэг сарынх нь төлбөр хамгийн хямд нь 50 000-80 000 бол үнэтэй нь 250 000-350 000 төгрөг.
Холбогдох байгууллагынхан нь иргэдийг эрүүл мэндийн даатгалаараа спорт клубүүдэд хөнгөлөлттэй үнээр хичээллүүлэх тухай сүүлийн хоёр жил ярьсан. Хэчнээн яриад ч хөрөнгө мөнгө нь шийдэгдэггүй байсан эл ажил энэ жил хэрэгжих болсон нь төсвөөс хоёр тэрбум төгрөг зарцуулах болсонтой холбоотой. Харин аль фитнес кулбт хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх талаар БСШУСЯ, ЭМЯ-ны холбогдох хүмүүс нь зөвлөлдөж байгаа гэлээ.
Дээрх яамд юуны түрүүнд клубүүдийг магадлан итгэмжлэх журам боловсруулж буй аж. БСШУСЯ-наас журамд тавих шаардлагаа боловсруулж ЭМЯ-нд хүргүүлсэн бөгөөд энэ долоо хоногт эцэслэн батлах юм байна. Магадлан итгэмжлэлд тавих шаардлага болон иргэд хэдэн хувийн хөнгөлөлт, хэзээнээс эдлэх талаар БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг “Заавал фитнес гэлтгүй улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бөх, теннис, сагс болон гар бөмбөгийн секц, усан бассейн зэрэг бүхий л спорт клубийг даатгалын хөнгөлөлтөөр иргэдэд үйлчлэх боломж бүрдүүлнэ.
Тэдгээрээс юуны түрүүнд мэргэжлийн багш, дасгалжуулагч, орон тооны бус байж болох ч эмчтэй, эсэхийг харгалзан үзнэ. Тохилог заал, шаардлага хангахуйц тоног төхөөрөмж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл зэрэг наад захын шаардлага тавих юм. Одоогоор иргэдэд спорт клубийн төлбөрийн хэдэн хувийн хөнгөлөлт эдлүүлэх талаар хэлэх болоогүй. Хэчнээн тооны, ямар чиглэлийн клуб сонгон шалгаруулснаас хөнгөлөлтийн хувь хэмжээ тодорхой болох болов уу.
Мөн клубүүдийн одоо мөрдөж буй үнийг сайтар судалж даатгалын хөнгөлөлтөөр бодитой хямдрал үзүүлэх талаар анхаарч байна. Хөнгөлөлт эдлэх журмыг ирэх гуравдугаар сарын эхнээс хэрэгжүүлнэ гэж ойлгож болно” гэсэн юм. Харин ихэнх фитнес клубийнхэн сонгон шалгаруулалтад орох тухайгаа мэдээгүй заавар, зөвлөмж ч аваагүй байна.
Нийслэлд таван салбартай спорт клубийн захирал “2-3 жилийн өмнөөс л үүнийг ярьсан. Хэрэгжүүлбэл хэн, хэндээ ашигтай. Клубүүд магадлан итгэмжлэгдэн, үйлчлүүлэгчийн хүрээгээ тэлэхийн тулд орчин нөхцөлөө сайжруулж, боловсон хүчнийхээ асуудалд анхааран, өрсөлдөөн үүсэх болов уу. Иргэдийг бүх нийтээр нь эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, биеийн тамирт дурлуулахад төрийн зүгээс санаа тавьж байгаа нь сайшаалтай” гэлээ.