Улаанбаатар хотын иргэд ханиадандаа дарлуулж, хүүхэд, хөгшид эмнэлгээс салахаа болив. Зуны хэдхэн сард ор тас мартагддаг уг өвчин хүйтний эрч чангарснаас хойш гаарч, онц байдал зарлах хэмжээнд хүрсэн нь утааны уршиг гэх хүн олон байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нэгдсэн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдэдээ эмчилгээг нь хийлгэх гэсэн эцэг, эхчүүд эмнэлгийн хонгилд хэвтэх болов. Хамгийн олон хүн амтайд тооцогддог Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиход хөл гишгэх зайгүй багшралдаж байсан юм.
3-4 урт сандал тавьсан, давчуухан жижиг өрөөнд, дарааллаа хүлээн суух эцэг, эхчүүдийн олонх нь бага насны хүүхэд тэвэрсэн байв.
Зарим нь нэг хүүхдээ хөтөлж, нөгөөг нь тэвэрсэн харагдана. Тэдний нэг, тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн н.Чимгээ “Энэ өвөл дүүргийн эмнэлэгт гурван удаа хэвтсэн. Одоо дөрөв дэх удаагаа хэвтэн эмчлүүлэх бичиг авчихаад сууж байна. Болдог бол гэрээрээ эмчилгээ хийлгэмээр байх юм. Би хоёр хүүхэдтэй. Нэгийг нь аваад эмнэлэгт хэвтчихээр нөгөөг нь хэн харах вэ гэдэг асуудал тулгардаг. Түүнээс гадна эмнэлэгт хэвтээд ч нэмэр алга. Өмнө нь гурван ч удаа хэвтсэн ч дээрдээгүй. Олон хүүхэд эмчлүүлж байгаа болохоор эмч нар ачаалал ихтэй байдаг бололтой.
Түүнчлэн “Өвчнөөр далимдуулж бизнес хийгээд байна уу” гэж хардах дээрээ туллаа. Учир нь бичиж өгсөн эм нь тэнгэрт хадсан үнэтэй, олдохгүй байна. Эмч эм бичиж өгөөд заавал нэг эмийн сан зааж өгнө. Өөр газарт тэр эм нь байхгүй. Энэ мэт хүндрэл их бий” гэсэн юм. Тус эмнэлэг 165 ортой бөгөөд одоогоор 268 хүүхэд хүлээн аваад байгаа аж. Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихэссэнтэй холбоотойгоор дэлгэмэл 85 ор нэмж гаргажээ. Энэ сарын 13-нд 160 хүүхэд эл өвчний улмаас тус эмнэлэгт хандсанаас 38 нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байлаа. Тухайн өдөр есөн хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан бол 18 хүүхэд эмнэлгийн хонгилд тусламж, үйлчилгээ авч байсан юм. Хүүхдээ үзүүлэхээр удаан суусан 30 орчим насны эрэгтэй эмчийн өрөө рүү оров уу, үгүй юү буцаад гараад ирэв. Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суудаг түүнийг Б.Лхагвасүрэн гэнэ. Тэрбээр “Миний хүүхэд арванхоёрдугаар сард ханиад хүрсэн. Тухайн үед хоолой нь жаахан өвдсөн байсан учраас эм өгч, тариа хийлгээд дарагдсан. Харин одоо бүр хоолой нь сөөчихсөн, халуун нь 40 хэмээс давчихаад байна. Шөнө хоолой нь боогоод, амьсгал нь тасалдаад байх юм. Түргэн тусламж дуудаж үзүүлтэл шууд дүүргийн эмнэлэгт аваад ирсэн. Гэтэл эхлээд Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-дөө хандаагүй учраас үзэхгүй гэнэ. Уг нь 14 хоногт нэг удаа ӨЭМТ-д үзүүлдэг” гэлээ.
Дүүргүүдийн эмнэлгийн олонх нь энэ мэт ачаалалтай ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг нийт 80 ортой. Ханиад, томуу ихтэй энэ үед мэдрэл, уламжлал, хөнгөвчлөх эмчилгээний тасгаа суллаж, хүүхдийн тоглоомын өрөөнд хүртэл дэлгэмэл ор тавьж нийт 180 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж буй аж. Харин Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн ачаалал бусад дүүргийнхтэй харьцуулахад бага байв. Өөрөөр хэлбэл, хонгилд нь хүн хэвтээгүй байлаа. Тус эмнэлэг 200 ортой бөгөөд өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас буюу томуу, томуу төст өвчин нэмэгдэх үеэс эхлэн дэлгэмэл 100 ор байрлуулсан байна. Одоогоор нийт 226 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгааг тус эмнэлгийн хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан ерөнхий зохицуулагч Д.Бямбадалай хэллээ. Тэрбээр “Манайх 24 цагаар амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өдрийн цагаар 50-60, оройн цагаар 100 гаруй хүүхэд үзүүлдэг. Харин амралтын өдрөөр 200 орчим болж нэмэгдэж байсан ч өнгөрсөн долоо хоногоос ачаалал арай багассан. Өнгөрсөн жил томуугийн B хүрээний вирус дэгдсэн бол энэ жил А хүрээнийх тархаж, өндөр халуурсан хүүхэд олон ирж байна” гэлээ.
Ханиад, томуу ихэссэн энэ үед ӨЭМТ-ийн ачаалал ямар байгааг сурвалжлахаар Баянгол дүүргийн 22 дугаар хорооны “Сайн чагнуур” ӨЭМТ-ийг зорьсон юм. Бүртгэлтэй 8500 гаруй, түр оршин суугчтайгаа нийлээд 9000 гаруй иргэнтэй тус хороо нь гэр хороолол дунд байрладаг учир өвчлөл гарах нь элбэг гэж байлаа. Тус төвийн их эмч Э.Хулан “Манай эмнэлэг дөрвөн эмчтэй. Он гарахаас өмнө нэг эмч өдөрт 30 гаруй хүн үзэж байсан бол он гарснаас хойш өвчлөл эрс нэмэгдэж, дээрх тоо 50-60-д хүрлээ. Хүүхдэд илэрч буй нийтлэг шинж тэмдэг нь өндөр халуурах, татах, нус гоожих зэрэг байна. Томуугийн шинж тэмдэг дөнгөж илэрсэн хүүхдэд вирусийн эсрэг эмчилгээ бичиж өгөөд, маргааш нь үзэхэд л хатгалгаатай болж, хүндэрсэн байна. А хүрээний H1N1 вирусийн үүсгэгчээр халдварласан тохиолдолд ингэж хурдан хүндрээд байгаа юм.
Мөн иргэд хүүхдээ ханиад хүрэнгүүт дур мэдэн эм уулгаж, ялангуяа антибиотек өгөх юм. Антибиотик вирусийн эсрэг үйлчилдэггүй учраас хүүхдээ эмчлэх биш, хордуулаад байна гэсэн үг.
Манай эмнэлэгт хандсан өвчтөнүүдийн 70 орчим хувь нь гурав хүртэлх насны хүүхдүүд. Мөн 0-2 сартай хүүхэд тав, 3-5 насныхан 15 хувийг нь эзэлж байна” гэв. Дүүргийн эмнэлэгтэй харьцуулахад дугаарлаж, шавсан хүн байхгүй ч чамгүй ачаалалтай байгааг Э.Хулан эмч хэлэв. Мөн ачаалал ихэссэнтэй холбогдуулан уртасгасан хуваариар буюу 07.00-22.00 цагт ажиллаж буй аж. Тус хороонд амьжиргааны түвшин доогуур өрх олон тул бичиж өгсөн эмийг нь уухгүй орхисноос өвчнөө хүндрүүлж, зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай болгох хүн цөөнгүй гэнэ. Он гарснаас хойш тус төвөөр дамжин дүүргийн эмнэлэгт хэвтсэн дөрвөн хүн байгаа бөгөөд үүнээс гадна хувийн эмнэлэг, мөн ӨЭМТ-өөр дамжилгүй шууд дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хэчнээн иргэн байгааг мэдэхгүй гэдгийг хэлсэн.
...Мөн суурь өвчтэй, зорилтот бүлгийн хүмүүст хүндээр тусаж буйг санууллаа. Жишээлбэл, өнгөрсөн амралтын өдөр томуугаас болж нэг хүн нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Эл асуудлаар Эрүүл мэндийн яамныхнаас лавлахад “Суурь өвчтэй байсан нэг хүн нас барсан ч томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвараас шалтгаалсан гэдэг нь тогтоогдоогүй” гэсэн юм...
Зөвхөн хүүхэд гэлтгүй томчууд ч эл өвчнөөр өвдөж, хурдан хүндэрч байгаа талаар эмч нар хэллээ. Насанд хүрэгчдэд өндөр халуурч, хоолой нь өвдөх шинж тэмдэгээр илэрч буй аж. Мөн цээж хөндүүрлэлээ гэх нь бий. Ийм тохиолдолд эмч нар цээжний зургийг нь авч, оношлоход хатгалгаа болж хүндэрсэн байдаг аж. Мөн суурь өвчтэй, зорилтот бүлгийн хүмүүст хүндээр тусаж буйг санууллаа. Жишээлбэл, өнгөрсөн амралтын өдөр томуугаас болж нэг хүн нас барсан гэх мэдээлэл байгаа юм. Эл асуудлаар Эрүүл мэндийн яамныхнаас лавлахад “Суурь өвчтэй байсан нэг хүн нас барсан ч томуугийн А хүрээний H1N1 вирусийн халдвараас шалтгаалсан гэдэг нь тогтоогдоогүй” гэсэн юм.
Улсын эмнэлгийн ачаалал, дарааллыг хүлээж чадахгүй зарим хүн хувийн эмнэлгийг зорих нь ч бий. Зарим хувийн эмнэлгийн дугаарлалт ч улсынхтай дүйж очихоор болжээ. Баянгол дүүрэг, X хороололд байрлах, эцэг, эхчүүдийн зорьж очих болсон “Анхлан бээби” эмнэлэгт 12.00 цагийн үед очин, цаг авах гэтэл “18.30 цагаас хойш л ирэх боломжтой” гэсэн юм.
Өнгөрсөн амралтын өдөр Эрүүл мэндийн яамныхан томуу, томуу төст өвчний асуудлаар хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан. Хуралдаанаар А хүрээний H1N1, H2N3 вирусийн идэвхжил цаашид нэмэгдэх хандлагатай байгаа талаар хэлэлцэж, энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх зайлшгүй шаардлагатайг Эрүүл мэндийн сайд онцолсон. Нийслэлийн хэмжээнд одоогоор дүүргийн Эрүүл мэндийн төв болон Нэгдсэн эмнэлгийн нийт 977 хүүхдийн орыг 723-аар нэмэгдүүлсэн аж. Гэтэл томуугийн вирус дөнгөж энэ жил идэвхжиж, хүүхдүүд энэ жил л өвдөөд байгаа асуудал биш. Жил жилийн арванхоёр, нэгдүгээр сард идэвхжиж, эцэг, эхчүүд эмнэлгийн хонгил бараадсаар ирсэн. Олон жил үргэлжилж буй эл асуудлыг харьяа яамныхан онцгой анхаарах цаг нь болж. Хэд хэдээр нь эмнэлэг барих, төсөв хөрөнгөгүй гэх хариултыг наад захын мэргэжилтэн хэлэх нь ойлгомжтой.
Анхны үзлэг нь 50 мянган төгрөгөөс эхэлж, эмчилгээ бичиж өгөхөд 20-30 мянган төгрөг, 7-10 хоног хэвтэн эмчлүүлэхэд нэг сарын цалингаа шавхаад ч хүрэхээргүй, зудтай жилийн зоолсон нохой шиг болсон хувийн эмнэлгүүдийг дайчилж ажиллуулах эрх зүйн зохицуулалт хийж болмоор.