Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдлуудыг сонирхуулъя.
МАНАН-гийн эсрэг бүх нийтийн тайван жагсаал болж өнгөрлөө
МАНАН дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн хоёр дахь жагсаал өнгөрөгч пүрэв гарагт Төв талбайд болсон. Цуглааныг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар зохион байгуулсан бөгөөд тэд 2018 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн жагсаалаас олон хүн цугласан хэмээн дүгнэж байв. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболд гишүүдтэй уулзалт хийхийг зөвшөөрсөн. Ингэхдээ өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөхгүй, зөвхөн хуулийн дагуу суудлаа хүлээлгэж өгсөн гэдгээ мэдэгдсэн. Үүний дараа УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийдээ "УИХ-ын даргад гишүүд өмнө нь шаардлага тавьсан байсан. Нэг хуудасны хэмжээтэй тэр шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагын дагуу албан ёсны хариуг гардуулж өгсөн. УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан ярилцах бодолтой, төлөвлөгөөтэй байсан. Гэвч гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. УИХ-ын дарга жагсагчдын шаардлагад хариу өгсөн 30 хуудас биш гурван хуудас материал байгаа. Гэвч УИХ-ын даргатай уулзахаар орж ирсэн төлөөллүүд УИХ-ын даргын хариултыг сонсоогүй. УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон" гэв.
Өдөр 12.00 цагаас эхэлсэн жагсаал цуглаан суултаар үргэлжилж, 250 орчим иргэн Сүхбаатарын талбайд 35 гэр барьж өнөөдрийг хүртэл суулт хийж буй.
Хоёр сар "эзэнгүй" явсан ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улаан томилогдлоо
УИХ-ын өнгөрөгч баасан гарагийн чуулганаар Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Тус сайдад нэр дэвшигчийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав. Тэрээр, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах саналаа хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн өргөн мэдүүлсэн хэмээлээ.
Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй. 1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч, 1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга, 2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд, 2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд, 2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан бөгөөд 1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа гэлээ.
Ерөнхий сайдын санал болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа УИХ-ын гишүүн Ч.Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилуулах тухай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр УИХ-ын гишүүн Ч.Улаан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогджээ.
УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ
Улсын Их Хурлын чуулганы энэ сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг үргэлжлүүлэн хэлэлцсэн. Энэ үеэр Б.Ундармаа гишүүний холбогдох асуудлаар АН-ын бүлэг зургаан цагаан завсарлага авснаар үүрийн 02.00 цагийн орчимд эхэлсэн чуулган өндөрлөсөн. Харин маргааш өдрийн чуулган 15.30 минутаас эхэлж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн.
УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаарх Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тус тус танилцуулав. Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороод УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй хэмээн үзсэн байна.
Эцэст нь нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ.
H1N1, H3N2 вирус тархжээ
Гахайн ханиад буюу томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) тархсан талаар Эрүүл мэндийн яам мэдэгдээд буй.
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны өдрийн байдлаар, амбулаторийн үзлэг 7.3 хувьд хүрч, дүүргийн эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нийт батлагдсан 977 хүүхдийн орон дээр нэмэлтээр 723 орыг дэлгэн зохицуулалт хийгээд байна. Гэтэл уг вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул хүүхдийн орны ачаалал цаашид ч нэмэгдэх хандлагатай юм. Тиймээс энэ асуудалд дорвитой анхаарч, хүүхдийн ор төдийгүй эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хангалттай хэмжээнд хүргэх нь зайлшгүй чухал болохыг энэ сарын 12-ны өдрийн хурлаар Эрүүл мэндийн сайд онцолсон юм.