МАНАН бүлэглэлийн эсрэг тайван жагсаал Төв талбайд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд болон иргэний нийгмийн төлөөллүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдыг огцрохыг шаардсан хоёр дахь жагсаал болж байна. Монголчууд хилэгнэн уурлаж байна. Бид ийм ардчиллыг хүсээгүй. Жагсаал цаг 30 орчим хугацаанд үргэлжлэх байх. Үргэлжлээд суулт зарлана. 250 орчим хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Хэрэв их хэмжээний хүн өлсгөлөн зарлавал УИХ-ын гишүүдээ төлөөлж бид ч нэгдэнэ.
УИХ-ын гишүүн Л.Болд: Хугацаагүй суулт хийнэ. Улс төрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг ашиглаж М.Энхболдыг унагаж, МАНАН-г татан буулгана. М.Энхболдод ганц л гарц үлдсэн. Өөрөө огцроод энд ирж огцорч байгаагаа мэдэгдэж, ард иргэдээ баярлуулах ёстой. М.Энхболд унах нь гарцаагүй болоод ирэхээр УИХ-ыг тараая гэдэг зүйлийг гаргалаа. Өнөөдөр 250 хүн албан ёсоор өлсгөлөнд оролцох өргөдлөө өгсөн. Тэр дунд УИХ-ын таван гишүүний нэр бий.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Өнөөдөр бид МАНАН-гийн барьцаанд орсон газар нутгаа эргүүлэн авахаар цуглаад байна. Монгол түмэн төр засгаас олон зүйл хүсээгүй. Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрүүл агаараар амьсгалуулж, эмнэлгийн шалан дээр биш орон дээр хэвтүүлэхийг хүсэж байгаа юм. Бизнес эрхлэгчид ч шударга өрсөлдөөнийг хүсэж энд жагсаж байна. Гурван тэс сумынхан ч бидэнтэй нэгдэж буйгаа мэдэгдлээ. Монголын ард түмэн сэрсэн. МАНАН бүлэглэлийн бүтэлгүй оролдлого бүрийг ард түмэн мэддэг болсоон. Бид босно, Монгол босно оо. Монголын үнэтэй болгоныг гутааж байгаа МАНАН-тай тууштай тэмцэх ёстой. Бид 28 жил хангалттай тэвчсэн. Үнэгүйдэж байгаа Монгол бүрийг үнэтэй болгохын төлөө тэмцье.