УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би хэдэн зүйлийг хэлэхийг хүссэн юм. Нэгдүгээрт, том жижиг хулгайч гэх нэр томёог Ганболд гэдэг хүн гаргаж ирсэн. Тэр Голомт банкны талаар ноцтой зүйлүүдийг ярьж байна лээ. Энэ талаараа эзэн холбогдогч нь тайлбар хийх нь зүйтэй.
Хоёрдугаарт, Ардчилсан намынхан танхимыг тараахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулж байна. Үүнд нь би гарын үсэг зурах эсэх нь чухал биш. Үүнийг МАН л шийднэ. Манай намын 76 гишүүн ажил хийе гээд сонгуульд оролцоход ард түмэн "Та ганцаараа хий. 75 нь гадаа байж бай" л гэсэн шүү дээ. Тиймээс би ажлаа хийе гэж хэлж байгаа. Гэтэл тэд ажил хиймээргүй байна гээд гарын үсэг зур гээд байх юм. Би ажил хиймээр байна. Ипотекийн зээлийн хүүг буулгамаар байна.
Би дөнгөж сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, гурван асуудлаар ярилцсан.
- Үндсэн хууль гурван өөрчлөлт хий, төрийн албыг улс төрөөс хараат бус болгох эрх зүйн зохицуулалт хийх,
- Сонгуулийн тогтолцоог тодорхой болгох,
- Утаанаас салж, улс орноо хөгжүүлье гэж зорьж байгаа бол хотын статусаа баталгаажуулаад өгөөч гэж хүссэн.
Сүүлийн үед ЖДҮ-гийн асуудлаар хоёр талд өөр өөр зүйл яриад байна. Буцаагаад өгчихнө шүү дээ гэж ч ярих хүн байна. Зээл бол буцаагаад өгч болох ч хулгай бол өөр шүү. Энд гурван төрлийн хулгай явагдаад байна. Нэг нь зуучилсны хөлс гээд 50-иас дээш сая төгрөгийн авлига авсан шүү дээ. Хоёр дахь нь, хуурамч төсөл бичсэн. Содбаатар гэдэг хүн малын хашаа барина гэж зээл авчихаад эмнэлэг барьчихсан байгаа шүү дээ. ХХААХҮЯ-наас эмнэлгийн төсөл санхүүжүүлнэ гэж байж болох уу. Гуравт, мөнгө угаасан. Эдгээрийг шийдвэрлэхгүй бол би тэмцэнэ.
60 тэрбумын асуудал байгаа. Мөнгө өгч ажилд орсон хүмүүс байвал надад албан ёсоор хандаарай. Ийм байдлаар ажилд орсон нэг хүн надад хандсан. Тэрээр "50 сая төгрөгийг МАН-д өгсөн ч тэд амласан ажлаа надад өгөөгүй. Тиймээс АТГ-т өгсөн" гэсэн. Иймэрхүү байдлаар тэмцэх хэрэгтэй" гэлээ.