УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд, Б.Ундармаа нарыг ЖДҮХС-гаас хамаарал бүхий этгээддээ нэн хөнгөлөлттэй зээл авч өгсөн асуудалд нь шалгахын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх саналаа ерөнхий прокурор энэ сарын 8-ны 14.15 цагт УИХ-д өргөн барьсан. Гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн, улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулсан бол ажлын хоёр өдрийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэх хуультай. Гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор эхлэн хэлэлцэх дэгтэй тул өчигдөр тус дэд хороо хуралдав. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ч.Улаан, Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй дэд хороо 100 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан оролцож, санал гаргасан үндэслэлээ танилцуулсан. Мөн бүрэн эрхийн асуудал нь хөндөгдөж буй дөрвөн гишүүний гурав нь хуралд оролцон, тайлбар өгсөн юм. Гишүүд хурлаас гарч ирээд нэр холбогдсон хэргийнхээ талаар байр сууриа илэрхийлснийг товчлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Би тойргийнхоо компанийг дэмжээд өгөөч гэсэн бичиг явуулсан. Бичиг хийж өгсөн компани надтай ямар ч хамааралгүй. Харин бусад гишүүний өөрийнх нь хамаарал бүхий компани байх шиг байна. Энэ талаараа би өмнө нь мэдүүлэг өгөхдөө ч хэлсэн, сая ч хэллээ. 30 гаруй гишүүн ийм бичиг явуулсан байхад яагаад зөвхөн бидний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж байгаа юм бэ гэж прокуророос асуухад ямар ч хариу хэлэхгүй байна” гэсэн бол Л.Энхболд “Надад банк бус санхүүгийн байгууллага бий ч ЖДҮХС-гаас авсан зээлийг түүгээр дамжуулаагүй. Надтай “Хас говь транс” гэдэг компанийг холбож байгаа юм байна. Би тус компанитай ямар ч хамаагүй. Улс төрийн зорилгоор ингэж байна” хэмээлээ.
Харин УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Прокурор ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн талаар болон ЖДҮХС-гаас зээл авахад компанид нөлөөлсөн, эсэх талаар асуулаа. Би үүнд ямар нэг байдлаар нөлөөлөөгүй. Дэд хороо болон УИХ-аас ямар ч шийдвэр гарсан би хүлээж авахад, бүрэн эрхээсээ түдгэлзэн шалгуулахад бэлэн байна” гэсэн.
Харин УИХ-ын гишүүн Г.Солтан орон нутагт ажиллаж буй гэсэн шалтгаанаар ирээгүй, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг өөрийг нь байхгүйд хэлэлцэж болохгүй учраас дэд хороо дүгнэлт, шийдвэр гаргаж амжсангүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдорж энэ талаар товч мэдээлэл хийхдээ “УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүн Г.Солтантай холбогдон, мэдээлэл өгч, маргааш өглөө гэхэд ирсэн байхыг сануулсан байна. Ирэх байлгүй. Дэд хороо маргааш (өнөөдөр) дахин хуралдана” гэлээ.
Дэд хорооны хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо хуралдахаар төлөвлөсөн байсан ч мөн хойшиллоо. Ингээд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо болон холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган маргааш 14.15 цагаас өмнө хуралдаж, ерөнхий прокурорын саналыг давчуу хугацаанд эцэслэн шийдвэрлэх “хэцүү даалгавар”-тай үлдэв.