Нийслэлийн хэмжээнд ханиад, томуу хурдацтай нэмэгдэж, хүүхдийн эмнэлэг, тасгийн ачаалал 42 хувь хэтэрсэн тул өнөөгийн нөхцөл байдал, өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ЭМЯ-ныхан өчигдөр мэдээлэл өглөө. Өнгөрсөн долоо хоногт томуу, томуу төст өвчин нийслэлд амбулаторийн нийт үзлэгийн 6.2 хувийг эзэлж байв. Өвчтөнүүдийн 87.6 хувь нь 15 хүртэл насныхан. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.9 хувиар нэмэгдсэн үзүүлэлт аж. Өвчин хурдан хүндэрч, эмнэлэгт хэвтэгсдийн тоо өмнөх жилүүдээс олширсныг салбарын мэргэжилтнүүд томуу үүсгэгч А хүрээний H1N1, H3N2 вирус дэгдсэнтэй холбон тайлбарлалаа. Уг вирусээр голчлон 0-5 насны хүүхдүүд халдварлаж, богино хугацаанд уушгины хатгалгаатай болон өвчин хүндэрч байгаа тул яамны удирдлага долоо хоног бүр дүүргийн эмнэлгүүдэд ажиллан, зөөврийн 419 ор нэмэлтээр гаргаж, өдгөө 1396 ор ашиглаж байгаа гэнэ.
Томуугийн болон хатгалгааны вакцинаас гадна ДЭМБ-д хүсэлт тавьж, хүүхдийн 1200, насанд хүрэгчдийн 500 хүн/тун тамифлю бэлдмэл нэмж авахаар болжээ. ХӨСҮТ-ийн нөөцөд байсан 500 хүн/ тун вакциныг эхний ээлжинд хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилсан байна. Уг бэлдмэл нь улирлын чанартай дэгдсэн томууд өвөрмөц үйлчилгээ үзүүлдэг, нэгээс дээш насныханд эмчийн заавраар хэрэглэдэг аж.
“Шинэ жилийн баярын үеэр ханиад, томуу огцом тархсан нь эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг олон нийтийн газраар авч явсан, дааруулсан, өөрсдөө халдварлаж, хүүхэддээ тараасантай холбоотой” гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв. Тэрбээр “Иргэд гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх, бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй, өөрсдөө ч зочин хүлээж авахгүй, хүүхдээ гаднын хүнд үнсүүлэхгүй байх хэрэгтэй. Эдгээрээс гадна гараа тогтмол угааж, дархлаагаа дэмжих, аарц, аньс, чацаргана, нэрс зэргийг халуун бүлээнээр нь уух, ам, хамар, хоолойгоо давс, соодын уусмалаар зайлах, цэвэр агаарт гарах, эмийг эмчийн заавраар хэрэглэх ёстой” гэж зөвлөв. Хэрэв хүүхэд тань амьсгаадах, цээж нь хонхолзох шинж тэмдэг илэрч, хоол ундандаа муудвал эмчид яаралтай хандаарай.