Монголчууд хавдарт идүүлж байна
Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрдөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-өө анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач.
Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.
Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдэе, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий.
Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Дотор ч ялгаагүй зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.
“Өнөөдөр” сонин 2018 онд эхлүүлсэн “Монголчууд хавдарт идүүлж байна” цувралаа үргэлжлүүлэх болсон учир нь Монгол Улсын Засгийн газар эл өвчлөлөөр дэлхийн тавцанд тэргүүлэх “зорилготой” байгаатай холбоотой. Одоо шийдвэр гаргагчид л анхаарч, энэ өвчнийг дарах бодлого боловсруулж, анагаах ухааны салбарынхнаа дэмжиж, ажиллах орчин нөхцөлийг нь сайжруулахгүй бол өнөөдөр “цоорсон толгой”-той мянган эмч байгаад ч нэмэргүй болсныг бид ахин дахин бичих болно. Тэгж байж “тэнгэрийн” хэдийн чихэнд хонх уяна.
Хүн төрөлхтөн хэзээнээс хоёр оны заагт нойроо хугаслан баярлаж, “шинэ” амьдралаа эхлүүлдэг уламжлалтай болсныг хэлж мэдэхгүй. Ямартай ч бэлгэдэл юугаан бодож шинэ оныг гялалзаж, гялтганасан гэрэл, чимэглэлтэй, өөдрөг сэтгэлээр угтан, баяр хөөр болдог ёсоор бид хэд хоног сөрөг бүхнийг “мартан”, баярлаж цэнгэсэн. Өнөөдөр нэгдүгээр сарын 8. Баярын уур амьсгалаа “гөвсөн” энэ өдөр бодит амьдралын “саарал”, гунигтай мэдээнээс зоригтой дуулгая.
Дэлхий нийтээрээ оргилуун дарс буудуулж, амттанд умбасан баярын өдрүүдэд хүн төрөлхтний дундаас нэг сая орчим нь хорт хавдрын улмаас хорвоог орхисон байна. Элэг, ходоод, умайн хүзүүний хавдрын өвчлөл, түүгээр нас барагсдын тоогоороо дэлхийд дээгүүрт цохиж яваа Монгол Улсад өнгөрсөн оны сүүлчийн болон өнөө жилийн эхний 2-3 өдрийн байдлаар 11 (албан бус мэдээллийг оруулаагүй) хүн эл шалтгаанаар үүрд явжээ.
ДЭМБ-ын шинжээчдийн мэдээллээр, хүн төрөлхтний цаг бус үхлийн шалтгаануудын нэгдүгээрт элдэв өвчин, өвчлөл ордог бөгөөд тэдгээрээс хамгийн их тохиолддог нь зүрх, судасных. Удаахад нь бичигддэг хорт хавдрын улмаас жил бүр дунджаар есөн сая хүн нас бардаг гэсэн статистикийг тус байгууллагын тайлангаас харж болно. Хэд хоногийн өмнө халаагаа өгсөн 2018 онд гэхэд нийт 9.6 сая хүн энэ л шалтгаанаар таалал төгссөнийг ДЭМБ-ын тайланд дурдсан байна. Манай гаргийн оршин суугчдын зургаан хүн тутмын нэг нь гэсэн үг. Үүнээс гадна 2018 онд дэлхийн хэмжээнд хавдрын 18 сая тохиолдлыг шинээр бүртгэжээ. Монголын хувьд өнгөрсөн онд 7000 орчим тохиолдол бүртгэгдсэн.
Хавдар хэмээх өвчнийг анагаах, уг шалтгааныг нь тогтоох, өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зэргээр олон талаас нь дэлхийн эрдэмтэн, судлаач, эмч нар судалж буйн дүнд эмчилгээний арга, технологи нь улам боловсронгуй болсоор байна. Тийм ч учраас хавдрыг төгс эмчлэх боломжтой болсон. Хавдрыг гарцаагүй үхэл хэмээн хүлээн авдаг байсан үе аль хэдийн өнгөрсний баталгаа энэ. Хамгийн гол нь эрт үед нь илрүүлбэл шүү дээ. Олон улсын судлаачдын тогтоосноор, хавдартайгаа мэдсэн 100 хүний 80 нь таван жил амьдарч чаддаггүй гэсэн сэрдхийм статистик бий. Эл тоо харьцангуй наашилж байгаа аж. Хорт хавдартайгаа анх оношлуулснаас хойш таваас дээш жил амьдарсан хүмүүсийн тоо 43.8 саяд хүрсэн нь сайн үзүүлэлт гэдгийг ч ДЭМБ-ын тайланд дурджээ. Хөгжингүй орнуудад эл тоог 60-д хүргэж чадсан талаар ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн ярьсан.
Манайд энэ үзүүлэлт зарим хавдрын тохиолдолд буурахгүй байгаа нь харамсалтай. Монголчууд маань мэдээлэл, мэдлэг дутуугаасаа, хэнэггүй зангаасаа болж хавдрыг “тэжээж”, амиа өгөхдөө тулж байгаагийн тод жишээ энэ. Үүнд дорой төр, засгийн харалган байдал ч нөлөөтэй.
Өндөр хөгжилтэй орнуудад хавдрын өвчлөл их (тодорхой хэмжээнд) ч, нас баралт нь харьцангуй бага байдаг нь төрийн бодлоготой шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ухаалаг бодлогоор болзошгүй үхлийг зайлуулж, өвчтэй иргэдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлж чадаж байна. Уг нь энэ айлыг удирдан залж буй хүмүүс ухаарч, ойлгож, анхаарвал хавдрын өвчлөл болон түүгээр нас барах тохиолдлыг бууруулах боломж манайханд бий.
2019 оны эхний долоо хоногт дэлхий дахинд цацагдсан таатай нэгэн мэдээнд дурдсанаар Британийн эрдэмтэд амьсгалын биопси буюу тухайн хүний амьсгалаар хорт хавдрыг илрүүлэх технологи боловсруулан, туршиж эхэлжээ. Энэ бол ердөө ганц үлээлтээр л бие махбодод хавдрын эс байгаа, эсэхийг тогтоох боломжтой гэсэн үг. Анагаах ухаан ийм л өндөр түвшинд хүрчихжээ. Манай ХСҮТ-ийнхөн энэ мэт сайхан зүйлийг, тодруулбал, хавдрын эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэх гээд олон арга, технологийг боломжийнхоо хэрээр судалж, нэвтрүүлсээр ирсэн. Удахгүй амьсгалын биопси хэмээх оношилгоог ч нэвтрүүлэх буй за. ХСҮТ өнгөрсөн онд гэхэд дэлхийн стандартад нийцсэн олон эмчилгээ, оношилгоог хэрэгжүүлж, заримынх нь нөхцөл, суурийг бүрдүүлсэн юм билээ.
2018 онд хорт хавдраар нас барагсдын гуравны нэг орчим нь амьдралын буруу хэвшил, хорт зуршил (архи, тамхины хэрэглээ, буруу хооллолт)-тай байсныг ДЭМБ-аас анхааруулжээ. Гэтэл монголчууд маань эрсдэлт хүчин зүйлстэй “андын барилдлагатай” шүү дээ. Мөн агаар, хөрс зэргээр орчны бохирдол хорт хавдрын нэг шалтгаан, нэгэнт өвчилсөн бол эрчимтэй даамжрах гол нөхцөл гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан. Гэтэл бид утаандаа “төөрч”, уснаасаа хордох шахам л тууж яваа нь гарцаагүй үнэн. Өнөөдөр бид хавдартай дэндүү “дотносох” болсон нь Монголын анагаах ухааны салбарын тогтолцооны гажуудалтай бас холбоотой гэдгийг эмч, эмнэлгийн ажилтан, мэргэжилтнүүд хэлдэг. Хавдрыг эрт илрүүлж байж л эмчилнэ. Эс бөгөөс мундаг эмч, маш сайн тоног төхөөрөмж байгаад ч нэмэргүй. Тиймээс эрт илрүүлэх тусламж, үйлчилгээг орон нутагт хийдэг болох нь хамгийн чухлыг ХСҮТ-ийнхөн ярьж байна. Үүнийг иргэд ч дэмждэг.
Хаа байсан зах хязгаарын малчин Бат “Би хавдартай байна уу” гэж Улаанбаатарыг зорих магадлал тун бага. Бага ч гэж дээ. “Мал хуй харах хүнгүй” гээд хаяад нь шахам байгаа аймаг, сумынхаа төвд сурч байгаа хүүхдээ эргэж очиж чадахгүй байгаа малчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаар хэдэн мянган км туулж, нийслэлд ирээд, нэг сарын дараа үзүүлэх “ноймроо өвөртлөөд” буцах уу. Тиймээс л орон нутагт нь хавдрын эрт илрүүлгийн үзлэг хийх нь цаг хугацаа, мөнгө санхүү гээд олон талын тустай. Энэ тал дээр ХСҮТ-ийнхөн нэлээд ажил төлөвлөж, захаас нь хэрэгжүүлж буй. Жишээ нь, орон нутгийн эмч, сувилагчдыг ажлын байрандаа дадлагажуулдаг, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг найман жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулсан зэрэг ажлыг дурдаж болно.
Хавдар халаасанд хэр халгаатай өвчин болохыг АНУ-ын судлаачид гаргасан байна лээ. Тус улс жилд дунджаар хоёр тэрбум долларыг хавдарт “хандивладаг” байна. Үүний хүчээр болон иргэдийнх нь эрүүл мэндийн боловсрол сайн зэрэг хүчин зүйлээс шалтгаалан эл өвчнөөр нас барах нь харьцангуй буурсан аж. Харин манай улсад энэ үзүүлэлт эсрэгээрээ буюу нас барах нь нэмэгдсээр. Одоо ийм уруу, дорой, муу мэдээг хүмүүс цочирдохгүй хүлээн авдаг болсон нь манай нийгмийн бас нэгэн эмгэнэл. “Өө, Монголд хавдар хавтгайрсан шүү дээ”, эсвэл “Хавдрын эмнэлэгт хөл тавих зай алга” гэж хэдий болтол халаглах вэ. Уг нь эл өвчнийг хэрхэн эмчлэх, оношлох, урдьдчилан сэргийлэхийг нь мэддэг, чаддаг эмч, боловсон хүч нь манайд хангалттай байна. Гагцхүү төр, засгийн дэмжлэг, төсөв мөнгө л дутаад байна, удирдлага минь ээ.
Монгол Улс Хавдрын ганц эмнэлэгтэй. 1982 онд өдгөөгийн барилгатайгаа “золгосон” тус эмнэлэг тухайн үед мэс заслын, туяа, хими эмчилгээ, эмэгтэйчүүдийн тасагтай байсан бол одоо хавдрын мэс заслын, өвөрмөц эмчилгээний, яаралтай тусламжийн гэсэн гурван чиглэлийн клиник бүхий 17 тасагтай болон өргөжжээ. Тодруулбал, үйл ажиллагаа нь тэлсэн ч өнөөх “муу” байшин нь бахь байдгаараа. Мэдээж, улсын хүн ам нэг саяар хэмжигдэж байх үед барьсан эмнэлгийн авто замын орц, гарцыг нэгээр шийдсэнийг өнөөгийн нөхцөлд “залруулан”, тусад нь шийдэх боломжгүй. Уг нь шийдэх гэж үзсэн ч ойр орчмынх нь газрыг хувьчлаад, орон сууц босгочихсон, бүр бөөрөнд нь наах шахам. 1980-аад онд Монголд хавдраар нас барах тохиолдол олон байгаагүй учраас тус эмнэлгийн цогцос хадгалах өрөө хүчин чадлаасаа хэтэрдэггүй байсан талаар ахмад эмч, сувилагч нар ярьдаг юм билээ. 4-5 цогцостой үеийг асар их “ачаалалтай”-д тооцдог байж. Гэтэл өнөөдөр энэ тоо заримдаа 9-10-т хүрдэг гэсэн. энэ мэтээр зовлон тоочвол барагдахгүй. Монголчууд саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Хэдийгээр энэ нь сүү сааль арвин авахын тулд хувин саваа бэлд гэсэн утгатай ч хавдрын өвчлөл гаарсан манайд сав нь том байж л эмчилгээ, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэнэ гэдэг утгаар нь жишлээ, уучлаарай.
Өнөөдөр 563 ажилтантай (120 нь эмч, 185 нь сувилагч, 14 нь сувилагчийн туслах) тус эмнэлгийнхэн өргөн хүрээ хамарч нийгмийн өвчин болтлоо “томорсон” хавдрыг хазаарлахаар ДЭМБ-тай олон жил хамтран ажиллаж буй. Үүний хүрээнд 2019 онд умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Эл өвчнийг үүсгэгч вирусийг тестээр илрүүлэхээс гадна хавдар болохоос нь өмнө вакцинаар сэргийлэх аргыг эх орондоо нэвтрүүлэх болсон талаараа дуулгаж байсан. Энэ нь өдгөө ажил хэрэг болж эхэлсэн сайхан мэдээ байна. ДЭМБ умайн хүзүүний хорт хавдрыг 2030 он гэхэд нийгмийн өвчин биш болгох буюу 100 мянгад дөрвөөс ихгүй тохиолдох хүртэл бууруулна гэсэн зорилт тавьсан аж. Энэ зорилтот төсөл, хөтөлбөрт нь ХСҮТ хамтрах болсон нь энэ юм.
Хорт хавдрын улмаас элэг шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо, монгол эмч нараараа хийлгэсэн долоон хүн, тэдний гэр бүлийнхний талархлыг энэ ташрамд ХСҮТ-ийнхөнд дуулгая. “Өнөөдөр” зөв асуудал хөндөж байгаад тэд бидэнд талархал илэрхийлсэн юм.
Ийм, тийм юм л хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй нь, бүтэхгүй нь гэж шалтаглан суулгүй энэ мэтээр олон ажил хийж байна, энэ төвийнхөн. Хэдийгээр ийм байгаа ч аливаа ажилд, ялангуяа улсын халааснаас хамааралтай эмнэлгийн ганц эд хогшлыг шийдэхэд хүртэл төр, засгийн толгойд суугаад, шийдвэр гаргадаг хүмүүсээс хамаардаг болсон. Ийм байхад шинэ технологи нэвтрүүлье, шинэ зүйл хийе гэж хэчнээн санаачилгатай, зүтгэлтэй байгаад ч тэр бүр ажил хэрэг болж, өндөр авах боломжгүй мухарддагийг төрийн байгууллагын наад захын нэг нь хэлнэ.
Тиймээс монголчуудын дундах хавдрын өвчлөлийг бууруулахад, энэ эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн нөхцөлд явуулахад төр, засгийн оновчтой бодлого хэрэгтэй учраас Хавдрын эмнэлгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцчих ухаантай хүн энэ төрд байна уу. Ингэж шаардаж, гуйж буйн цаад утга, зорилго нь монгол хүний эрүүл мэнд, цаашлаад улс орны ирээдүйн төлөө билээ.