Нийслэлийн Гаалийн газраас гаалийн хяналтын бүсэд 2019 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНАСАУ-аас тус улсын иргэн С-ийн нэр дээр ирсэн эрүүл мэндийн гэх бараанд гаалийн хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад тус бараа нь “Панаксадиол” гэх нэртэй ампултай тариа байсныг илрүүлсэн байна. Энэ нь “Гаалийн тухай хууль”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, “Зөрчлийн тухай хууль” зэрэг хуулиудын зүйл заалтыг зөрчсөн байсан тул нотлох баримт цуглуулах, гэрч холбогдогчоос тайлбар авах, зөрчилд холбогдсон барааг шинжилгээнд хамруулан гаалийн хяналтын бүсэд битүүмжлэн саатуулжээ.
Гаалийн газраас зөрчлийн талаарх мэдээллийг харьяалагдах Прокурорын байгууллага болох Нийслэлийн Прокурорын газарт нэн даруй мэдэгдсэн бөгөөд тус бараанд зөрчлийн хэрэг нээн шалгахаар ажиллаж байгаа ажээ.