Манай улсын эмч нар эх орондоо элэг, бөөр, ясны чөмөг, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгадаг болоод удлаа. Эдгээр мэс засал нь өндөр технологи, үнэтэй эм, тариа, ороох боох материал шаарддаг. Тиймдээ ч хагалгааны зардал нь өндөр үнэтэй. Саяхныг хүртэл өвчтөн мэс заслын төлбөрөө бүрэн даадаг байв. Харин 2017 оны сүүлчээс эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны нийт өртгийн 80 хувийг улсын төсвөөс, 10 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх болсон. Ингэснээр иргэн эмчилгээнийхээ зардлын 10 хувийг л гаргаж буй. Тодруулбал, элэг солих хагалгаа 85 орчим сая төгрөг бөгөөд өвчтөн өдгөө 8-10 сая төгрөг төлдөг болов. Тэгвэл энэ онд эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний зардалд хэдэн төгрөг зарцуулах болсныг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархасаас тодруулахад “2018 онд улсын төсвөөс 2.8 тэрбум төгрөг гаргаж, 25 хүнд бөөр, 35 хүнд элэг, долоон хүнд ясны чөмөг, 15 хүнд нүдний эвэрлэг солих мэс засал хийсэн. Энэ онд 60 гаруй хүний эрхтэн шилжүүлэх эмчилгээний зардлыг төр хариуцахаар боллоо. Тухайлбал, 34 хүнд элэг, 23 өвчтөнд бөөр, зургаан хүнд ясны чөмөг шилжүүлэн суулгахад улсын төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөсөн” гэж ярилаа.