Анагаахын сургуулиуд мөдхөн их эмч бус, сувилагч бэлтгэнэ гэвэл та тэгтлээ гайхаад хэрэггүй л болов уу. Учир нь одоогийн байдлаар Монголд 11 мянга гаруй сувилагч, 10 500 их эмч байгаа нь олон улсын жишгээс гурав дахин бага үзүүлэлт тул холбогдох яамд энэ чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлж эхлээд буй. Жишээ нь, эмч мэргэжлээр элсэгчдийнхээ тоог нэмэхгүй, харин сувилагч болохоор элсэгчдийг хоёр дахин өсгөж, 1000-д хүргэх тухай асуудлаар их, дээд сургуулийн удирдлагад чиглэл өгөх саналаа Эрүүл мэндийн сайд БСШУС-ын сайдад өнгөрсөн тавдугаар сард хүргүүлсэн билээ.
Дэлхийд нэг эмч, гурван сувилагч гэсэн зарчим баримталдаг бол манайд нэг эмч нэг сувилагч гэсэн харьцаатай байгаа бөгөөд олон улсын жишгийг дагавал одоо Монголд даруй 20-иод мянган сувилагч хэрэгтэй гэсэн үг. Гэвч жилд 600 гаруй сувилагч төгсөж буй өнөөгийн хурдаар бол 30 жил шаардлагатай болно. Тэр хооронд их эмчийн тоо 10 мянга дээрээ байвал шүү дээ. Монголд сувилагч мэргэжлийг хэрхэн моодонд оруулах тухай салбарын яамд анхаарч эхэлсэн талаар бид өнгөрсөн намар хөндөн бичиж байв.
Сувилагч мэргэжлээр суралцагчдыг “Оюутны хөгжлийн зээл”-д нэн тэргүүнд хамруулах, зээлийн шалгуурыг илүүтэй хөнгөвчлөхөөс гадна сургалтын төлбөрийнх нь тодорхой хэсгийг төрөөс хариуцдаг болоход дэмжлэг үзүүлэхийг хүссэн Эрүүл мэндийн сайдын албан тоотод БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа энэ талаар бодлого, зорилтдоо тусган хэрэгжүүлэх боломжтой гэсэн хариу бичгээр илгээсэн байна билээ. Манайд эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх тогтолцоо өөр өөр яаманд (төгсөлтийн өмнөх сургалт нь БСШУСЯ-нд, төгсөлтийн дараах нь ЭМЯ-нд) харьяалагдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн боловсон хүчнээ бэлтгэхэдхүндрэл учруулж буйг мэргэжилтнүүд шүүмжилдэг. Харин БСШУСЯ-ныхан өнгөрсөн жилээс эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр шинэ анги, сургууль нээхдээ салбарын яамных нь саналыг харгалздаг болсны зэрэгцээ эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх шинэ хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд ЭМЯ-ны төлөөллийг оролцуулдаг болсон нь том дэвшил гэнэ.
Ямартай ч улс төрийн үймээнтэй, цаг төр ороо бусгаа байгаа энэ үед хоёр яамныхан хоорондоо зүгээр нэг цаас шидэлцээд суух бус, тал талдаа асуудлыг боломжоороо шийдэх гарц хайж эхэлжээ. Тухайлбал, Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн аравдугаар сард “1:2” зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг гардан хийж буй сувилагчийн тоог нэмж, нэг эмчид хоёр сувилагч ногддог болгохоор зорьсон байна. 2020 гэхэд одоо байгаа 10 500 эмчийн ядаж тал хувийг нь хоёр сувилагчтай болгож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нийт байгууллагын 50 хувь нь эмч, сувилагчийн харьцаа 1:2 болсон байх зорилтыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө хэдийн гарчээ.
Ингээд сувилагч мэргэжилтэй ч өөр ажил алба хашиж асан хүмүүсийг хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хүчин зүтгэх, мэргэжлээрээ буцаж ажиллах боломж олгохоор өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэд хэдэн удаа сургалт зохион байгуулахад нийт 232 хүн хамрагдсан аж. Тэдний 133 нь сувилагчаар ажиллаж эхэлсэн гэх таатай мэдээ байна. Сургалтад хамрагдсан сувилагч нараа ажлын байраар бүрэн хангахыг зорьж буйгаа ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн хэлсэн. “Сувилахуйн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтуудыг цаашид хөдөө орон нутагт үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөсөн гэнэ лээ. Хэдийгээр салбарын яам нь өнөө жил сувилагчийн тоог 400-гаар нэмэгдүүлэх зорилт тавьсан ч одоогоор Сангийн яамныхан төсөв мөнгийг баталж өгөлгүй, нэгнийхээ ажилд тээг саад тавьсан сурагтай. ЭМЯ-ныхан хийх боломжит ажил энэ хүрээд зогсож буй гэх. Харин одоо энэ салбарынхныг хүний нөөцөөр хангадаг “гол цутгал” буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ямархуу төлөвлөгөөтэй ажиллаж байгааг сонирхъё.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид нөлөөлөх гол үзүүлэлтүүдийн нэг нь эмч, сувилагчийн тооны харьцаа байдаг. Сувилагч хүрэлцээгүй оронд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн тухай яриад ч хэрэггүй гэдэг юм билээ. Тиймээс л дэлхий дахинд одоо хамгийн эрэлттэй байгаа, хойшид бүр ч их “моодонд” орох мэргэжлийн жагсаалтад сувилагч дээгүүр эрэмбэлэгдсэн хэрэг. Манай Засгийн газраас 2014 онд баталсан “Тэргүүлэх чиглэлийн 20 мэргэжил”-ийн жагсаалтад ч сувилагч багтсан. Багтах багтахдаа бүр тэргүүн эгнээнд нь оройлж яваа. Гэтэл яагаад энэ мэргэжлийг сонгон суралцах хүсэл сонирхол хүүхдүүдэд төрөхгүй байна вэ. “Төгсөөд шууд ажлын байртай болно, дээрээс нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт, зээл, тэтгэлэгт хамгийн түрүүнд хамрагдах боломжтой гэхчлэн сувилагчаар сурвал ийм давуу талууд бий” гэдэг хөшүүрэг энд үгүйлэгдээд байгаа хэрэг. Нөгөөтээгүүр, сувилагчийг эмчийн “зарц” гэж үздэг хуучин сэтгэхүйгээсээ салаагүй цагт, энэ мэргэжлийн үнэ цэн, ач холбогдлыг ойлгуулаагүй нөхцөлд тэдний сонголтод нөлөөлөх бараг л боломжгүй. Хэдийгээр Засгийн газрын 2018 оны 263 дугаар тогтоолоор сувилагчийн албан тушаалын ангилал зэрэглэлийг 1-2 шатлал ахиулан, цалинг 20-30 хувиар өсгөсөн ч монголчуудын оюун сэтгэхүйд 50, 60 жилийн тэртээгээс суусан ялгаварлал шууд арилахад бэрх биз.
Монголд нэг сувилагч ойролцоогоор 20 гаруй хүнд үйлчилж байхад бусад улсад энэ үзүүлэлт 5-7 байдаг гэнэ. Ийм их ачаалалтай ажилладаг хэрнээ эмчээсээ хамаагүй доогуур буюу “туслах”-ын цалин авдаг шоовдор мэргэжлээр орчин үеийн хүүхдүүд суралцахгүй байгаа нь тэдний буруу биш гэлтэй. Их эмчтэй л адилхан бакалаврын дипломтой төгсөж, ажлын талбарт нэг гараанаас зэрэг хөдөлдөг атлаа амьдрал дээр үнэлэмж нь тэнгэр, газар шиг ялгаатай болчихдог нь нууц биш. Сүүлийн жилүүдэд оюутан элсүүлэх квотыг их, дээд сургуулиудын Удирдах зөвлөлөөс өөрсдөө тогтоодог болсноор “Сувилагчаар сурснаас их эмч болбол илүү нэр хүндтэй” гэсэн олон нийтийн сэтгэхүй дээр “тоглолт” хийж, дур дурандаа их эмчийн анги нээх таатай орчин бүрдүүлсэн нь гал дээр тос нэмсэн явдал болжээ. Хэдийгээр бид ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэмд амьдарч буй ч гэлээ дотоодынхоо эрэлт хэрэгцээ, салбарын чадамж, нөөц, хүн хүчний бодлоготой эрүүл мэндийн боловсролыг уяхын тулд салбарын яамныхны санал зөвлөмжийг авч, хамтрах шаардлага зүй ёсоор тулгарах болсон байна. Тиймээс БСШУС-ын болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийнхэн саяхан нийслэлд эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа явуулж буй их, дээд 12 сургуулийн ажил байдалтай танилцсан нь түүхэн гэж үнэлж болохуйц үйл явдал байсныг мэргэжилтнүүд онцоллоо.
Монголын эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн чадварлаг сувилагч дутагдалтай байгаа хэдий ч анагаахын чиглэлээр суралцагчдын олонх нь эмч мэргэжлийг сонгон суралцаж буй нь дээрх шалгалтын явцад ч илэрхий байжээ. “Сувилагчийг Монгол Улсын тэргүүлэх чиглэлийн мэргэжилд 2014 оноос багтаасан шүү дээ. Түүгээр суралцвал хэрэгтэй” гэж элсэгчдээ шууд “шахаанд” оруул хэмээн улайм цайм сургуулиудад үүрэгдэх нь хаашаа юм. Гэхдээ л их эмч мэргэжлээр зарим жил элсэлт авахгүй, оронд нь зөвхөн сувилагч бэлтгэх бодлого баримтлах асуудал нь яалт ч үгүй БСШУСЯ-ныханд хамаатаж таарна. Хүн амын эрүүл мэндийн үзүүлэлт нэлээд доогуур гардаг манайх шиг улсад эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд хэдий хэмжээний, ямархуу мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатайг тэд л тооцож бэлтгэх, бодлогоор зангидах учиртай билээ.
Нөгөөтээгүүр, хөдөө орон нутгаас ирж суралцаж буй хүүхдүүд төгсөөд нутагтаа очиж ажиллах сонирхол тун ховор байгаа гэдэг үг анагаахын аль ч сургуулийн удирдлагын амнаас унаж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, эмчээр ч байна уу, сувилагчаар ч байна уу төгссөн дээд боловсролтонгуудыг орон нутагтаа очиж ажиллах боломж нөхцөлөөр хангах шинэ хөшүүрэг бас хэрэгтэй гэсэн үг. Эрүүл мэндийн хөтөлбөрөөр дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол олгож буй төр, төрийн бус өмчийн сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах зорилготой ажлын хэсгийнхний шалгалтын дүнг нэгтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд удахгүй танилцуулах аж. Үүний дараа олон зүйл, хийх ажил ч тодорхой болох найдлага тавьж буй бололтой.