Шинэ жилийн үеэр Манчестер хотын галт тэрэгний буудалд хүмүүс рүү хутгатай дайрсан явдлыг Их Британийн хууль сахиулагчид террорист халдлага хэмээн үзжээ. Мягмар гарагийн өглөө Манчестер хотын Цагдаагийн газрын дарга Иан Хопкинс “Өнгөрсөн үдэш шинэ жилээ тэмдэглээд явж байсан хүмүүс рүү дайрсан аймшигт хэрэг гарлаа” хэмээн мэдээлж, хүндээр шархадсан хижээл насны хохирогчдод санаа зовж байгаагаа илэрхийлэв. Үүний дээр Зам тээврийн цагдаагийн ажилтан хэргийн газар авхаалж самбаа, эр зориг гаргасныг онцолсон бол Цагдаагийн газрын орлогч дарга Роб Поттс “Сэжигтэн гэмт хэрэг үйлдэж байхдаа хэлж байсан үгний талаар хэвлэл мэдээллээр их шуугиж байна. Тиймээс бид нөхцөл байдлыг сайтар судлах хэрэгтэй. Бид энэ хэргийг террорист халдлага гэж үзэж байна” хэмээжээ. Цагдаа нар сэжигтэн этгээдийг Их Британийн иргэн мөн эсэхийг судалж байгаа аж. Гэхдээ гэмт этгээдийн үйлдэл хэтэрхий хилэнтэй байсныг үзвэл түүнийг сэтгэцийн өвчтэй гэж үзэж магадгүй аж. Сэжигтэн өнгөрсөн сарын 31-ны орой гал тэрэгний буудалд байсан хүмүүс руу хутга барин дайрч хижээл насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг, мөн түүнийг болиулах гэж оролдсон цагдаагийн ажилтныг шархдуулсан байна.