Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийг өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар баталлаа. Хэрэгжүүлэх арга хэмжээг нь жил бүрийн Үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжаас гаргах юм. 2019-2023 онд хэрэгжүүлэх уг хөтөлбөрт 166.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, мэргэжлийн холбоодыг чадавхжуулах, кластерын системд шилжүүлэх, өндөр ашиг шимтэй мал, амьтан импортлох, нутагшуулах, тэжээл, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, технологи нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэхэд энэ хөрөнгийг зориулах юм байна.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сүү боловсруулах үйлдвэрийн хүчин чадлын ашиглалт 35, нэг малаас авах сүү, махны гарц 20, үйлдвэрийн аргаар боловсруулах сүү, махны хэмжээ 30 хувь, өсгөн үржүүлэх үхрийн тоо хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцжээ. Мөн шингэн сүүний импортыг тэглэж, хуурай сүүний импорт 30, бусад сүүн бүтээгдэхүүнийхийг 15 хувиар буурна гэж үзэж буй юм байна.
Үүнээс гадна өндөгний импорт 90, зөгийн балных 70 хувиар буурах бол эрчимжсэн мал аж ахуйн тэжээлийн хангамж 40, техник, технологийн шинэчлэл 30 хувиар нэмэгдэх гэнэ. Ташрамд дурдахад, 2016 онд манай улс малын гаралтай хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл гадаадаас авахад 41 сая ам.доллар буюу 98 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Түүнчлэн өнгөрсөн оны байдлаар энэ тоо 1.6 дахин өсөж, 160 орчим тэрбум төгрөгт хүрчээ.
ДЭД САЙД Б.ЭНХБАЯРЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Юутай ч тэрбээр өөрөө чөлөөлөгдөх өргөдөл өгөөгүй аж. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн тухайд Б.Энхбаяр “Таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс мэдлээ” хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн юм.
Саяхан болсон МАН-ын бага хурлын хуралдааны үеэр тэрбээр “ЖДҮ-чидтэй хариуцлага тооцох ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлж байсан удаатай.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООВ
Ирэх онд тухайн ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрөв, үүнээс ажил олгогч хоёр, ажилтан хоёр байхаар тогтов.
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон холбогдох хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 3200, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ алба хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн сарын шимтгэлийн хэмжээг 6400 төгрөгөөр тогтоолоо.