Монголын ууган улс төрийн хүчин хэмээн өөрсдийгөө өргөмжилдөг МАН 100 жилийнхээ босгон дээр дахин эвлэхээргүй хагарчээ. Шинэ, хуучин хоёр дарга нь эрх мэдэл, байр сууриа булаалдсанаас үүдэлтэй эрх баригч хүчний хэрүүл тэмцэл Төрийн ордонд, УИХ дахь бүлгийн эргэн тойронд өрнөж байсан бол тэндээсээ хальж, гудамжинд гарлаа.
ДОЛДУГААР САРЫН 1-НИЙ ТҮҮХ МАРТАГДАХ БОЛООГҮЙ ШҮҮ, Ж.БАТЗАНДАН ГИШҮҮН ЭЭ
Монголын улстөрчид үзэл баримтлалаараа биш, эрх ашгаараа нэгддэг гэдгийг улам тодоор мэдрүүлсэн өдрүүд үргэлжилж байна. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд шинэ, хуучин даргаа даган хуваагдаж, тэдэн дээр АН-ын зарим гишүүн нэмэгдэн хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг гацаагаад удлаа. Өмнө нь МАН, АН-ынхан талцлаа гэж ярьдаг байсан бол одоо М.Энхболдын болон У.Хүрэлсүхийн талынхан хэмээн улстөрчдийн чиг баримжааг тодорхойлдог болов.
...Энд хэн нэгнийг буруутгах, жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох эрхийг нь хөндөх гэсэнгүй. Харин болгоомж хэзээд илүүдэхгүй, хаана, хаанаа хариуцлагатай, бодолтой байхыг сануулсан төдий. Хуучин МАНАН-г задалж, тараана гэсэн хөөргөн үгсээр туг хийсэн шинэ МАНАН бүрдэж буй юм биш биз, тэдний хөлд жирийн иргэд чирэгдэж, хохирох вий хэмээн болгоомжлох хүртэл, хэрийн зүйлд итгэхээргүй хашир суулгажээ, манай улстөрчид. Жагс гэж албадах, битгий жагс гэж хориглох эрх хэнд ч үгүй. Гагцхүү өөрийнхөө итгэл үнэмшлээр, эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө жагсдаг баймаар байна...
Эрх баригч хүчний шинэ, хуучин хоёр даргыг даган хуваагдаж, төрийн ажлыг гацаасан тэдний самуурал Төрийн ордноос хальж, мөрөөрөө яваа иргэдийг татан оролцуулахаар оролдож эхлэв. Ам хэлээрээ учраа олохоосоо өнгөрч, хонь, чоно болсон хоёр талын нэг нь гишүүд, дэмжигчдийнхээ нэрийг барин холбоо байгуулж, нөгөө нь ард түмний нэрийг барин жагсаал цуглаан зохион байгуулахаа зарлаад байна.
УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нар өнөөдөр цуглаан зохион байгуулна. Тэд үүнийгээ зүгээр нэг тайван жагсаал биш, хувьсгал хэмээн зарлаж буй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Бид Ардчилсан хувьсгалын шинэ давлагааг эхлүүлж байна. Энэ бол монголчууд эх орондоо эзэн суух, өмчөө МАНАН бүлэглэлээс буцааж авах, 1990 оныхоос дутахгүй ач холбогдолтой хувьсгал байх болно. Монгол хүн бүр МАНАН-гийн эсрэг тэмцэх цаг ирсэн. Мориндоо, монголчууд аа” хэмээсэн.
Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан “УИХ-ын гишүүд нам харгалзахгүйгээр нэгдэж байгаа энэ үйл явц бол хувьсгалт тэмцэл юм. Эх орноо аварч, босгох тэмцэл. Монголын бүх эх орончийг талбайд гарч ирэхийг, МАНАН бүлэглэлийн эсрэг нэгдэж чадна гэдгээ харуулахыг уриалж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “МАНАН бол эдийн засаг, хууль хяналтын байгууллагад нөлөөгөө тогтоосон том систем. Эзэндээ үйлчилдэг төрийн тогтолцооны өмнө бидний хүч мөхөстөж байгаа учраас олон нийтийн дэмжлэгийг авахаар энэ цуглааныг зохион байгуулж байна” гэсэн.
Түүнчлэн Л.Оюун-Эрдэнэ “Нэг албан тушаалтанд бууж өгдөг ард түмэн, илэрхий авлигын хэрэгт бууж өгдөг шударга ёс байж болохгүй... Энэ удаагийн тэмцэл хоорондоо ярилцаж, хий бухимдаад өнгөрөх хэмжээнийх биш байгаасай гэж хүсэж байна” хэмээсэн. Мөн тэрбээр цахим хуудсандаа “Нэгдэгтүн!!! Бүхнийг хойш тавь!!! Ганцхан өдөр л тэмц!!! Уудам их талыг чинь ухан сэндийлж, хүртэх арвин баялгийг чинь тонон дээрэмдэж, тэнгэр заяа чинь өрийн дарамтад нар өөд харахаа байжээ. Босоо хийморь чинь боолын хөдөлмөрт нухлагдаж, үр хойч чинь утаанд хордох болж. Хатан заяа чинь харь эрийн энгэрт өнжиж, хар МАНАН бүлэглэлийн эрхшээлд хамаг Монголоороо оржээ, бид. Нэгэн цагт дэлхийг эзэлж явсан түүхтэй бус уу, бид!? Мафижсан МАНАН-гийн урхинд дөнгөлөгдөх ёстой бил үү, бид!? Бүхнийг хойш тавь, ганцхан өдөр л тэмц. Монголчууд аа, мориндоо морд! Монгол сэрж байна! 2018 оны арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатарын талбайд нэгдэгтүн!!! Тэмцдэггүй ард түмэн мөхдөгийг сана” хэмээн олон нийтийг илт уриалсан харагдсан.
Жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгэмд амьдарч буй иргэдийн гол эрхийн нэг. Харамсалтай нь энэ эрх маань сүүлийн жилүүдэд итгэл үнэмшлээрээ очсон олон нийтэд биш, зорилго төлөвлөгөөтэй зохион байгуулсан цөөнхөд л ашиг тусаа өгдөг болсон. Энэ гажгийг улстөрчид илүүтэй ашиглаж, ашиг хонжоо харах болсон тул олон нийтийг илт уриалсан эдгээр үг эрхгүй болгоомжлол төрүүлж буй юм.
Иргэдийн 97-98 хувь нь шударга ёсыг хүсэмжилж байна гэсэн судалгааны дүн гарсан. Нийгэм бүхэлдээ бухимдалтай байгаа ийм үед ийнхүү бослого тэмцэлд уриалж, турхирах нь дарьтай торхонд шүдэнз зурахтай адил гэдгийг дээрх гишүүд бүгд биш юм гэхэд Ж.Батзандан мэдэхтэйгээ л баймаар. Тэрбээр “Жагсаалыг үймээн самуун болгох зорилготой МАНАН бүлэглэлийн хатгаасанд автахгүй байхыг иргэдээсээ хүсье. Монгол төр үүнд онцгой анхаарч ажиллах ёстой” хэмээн арьсаа хамгаалсан нь аргагүй хал үзэж, халуун чулуу долоосон хүний үг. Тэрбээр тэртээх долдугаар сарын 1-ний хар үйл явдлын дараа дээлээ нөмрөх дээрээ тулж, амь зулбан АН-д элсэж явсан намтартай нэгэн билээ. Түүний зохион байгуулж, өдөөн турхирсан жагсаалын гашуун түүх хуучраагүй байна. Улс төрд тодрох гэсэн хэдэн хүний сэтгэл хөдлөлөөр хийсэн бодлогогүй алхам, санаандгүй турхиралт таван халуун амийг авч одсон тэр явдлыг мартах хугацаа хараахан өнгөрөөгүй сэн. Тэр жагсаалд итгэл үнэмшилдээ хөтлөгдөн ирсэн жирийн иргэд амиа алдаж, үүнийг зохион байгуулж, нийгмийг эмх замбараагүй байдалд уриалан турхирсан хүмүүс өнөөдөр эрх мэдэл, албан тушаалаа чамлан том дуугарцгааж байна. Жагсаал цуглаан зохион байгуулахдаа гаршсан, бухимдсан олныг турхирах нь ямар аюултайг хэн хүнээс илүү мэдэх тэрбээр дээрх үгээрээ хариуцлагыг өөрөөсөө холдуулна гэж бодоогүй гэдэгт найдъя. Энд хэн нэгнийг буруутгах, жагсаал цуглаан зохион байгуулах, оролцох эрхийг нь хөндөх гэсэнгүй. Харин болгоомж хэзээд илүүдэхгүй, хаана, хаанаа хариуцлагатай, бодолтой байхыг сануулсан төдий. Хуучин МАНАН-г задалж, тараана гэсэн хөөргөн үгсээр туг хийсэн шинэ МАНАН бүрдэж буй юм биш биз, тэдний хөлд жирийн иргэд чирэгдэж, хохирох вий хэмээн болгоомжлох хүртэл, хэрийн зүйлд итгэхээргүй хашир суулгажээ, манай улстөрчид.
Жагс гэж албадах, битгий жагс гэж хориглох эрх хэнд ч үгүй. Гагцхүү өөрийнхөө итгэл үнэмшлээр, эрхийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө жагсдаг баймаар байна. Ашиг хонжоо хайсан хэн нэгэн улс төрийн нүүдэлдээ иргэдийн нэрийг барьдаг явдлыг үгүй болгосон цагт иргэд итгэлтэйгээр жагсаж, эрхээ хамгаалдаг болох сон.
МАН-Д “УРГАСАН” ӨӨР
НЭГ “ЖИГҮҮР”
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат тэргүүтэй М.Энхболдын талыг баримтлагчид МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбоо гэгчийг байгуулснаа зарлаж, анхдугаар их хурал, бага хурлаа хийлээ. УИХ-д олонхын дэмжлэгээ алдсан М.Энхболдын талынхан дарга нарынхаа талцал, маргаанаас залхах тийшээ хандсан гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэгийг авах алхмыг түрүүлж хийсэн нь энэ. Уг холбоог үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын үгнээс ч энэ нь тодорхой харагдана. Тэрбээр “МАН-ын эв нэгдэл, нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг бид тууштай дэмжинэ. Намынхаа дотоод ардчиллыг бэхжүүлэхэд гишүүд, дэмжигчдийнхээ хувь нэмрийг оруулах нь бидний зорилго. МАН-ын өнөөгийн удирдлага, гишүүд, дэмжигчдийн хооронд нэлээд ан цав гарсан гэсэн шүүмжлэл гишүүдээс ирж байгаа учраас тэднийг холбох гүүр болж ажиллах шаардлага байгаа” хэмээн холбооныхоо зорилго, чиглэлийг тодорхойлсон.
Мөн тэрбээр “Манай нам үеийн үед иргэдээ төртэй холбодог, ард түмнийхээ оролцоог хангадаг гүүр байснаас, төрийн эрхийг хувьчилж авдаг, хуйвалдаж улс төр хийдэг бүлэглэл байгаагүй. МАН иргэдийнхээ итгэлийг олох гэж, дааж явах гэж зүтгэж байснаас, өнөөгийнх шиг иргэдийнхээ итгэлийг хулгайлж, хөсөрдүүлж яваагүй” хэмээн гишүүд, дэмжигчдээ намын өнөөгийн удирдлагын эсрэг чиглүүлэхээр оролдсон. Бас “Намын дарга У.Хүрэлсүх намын Бага хуралд тавьсан илтгэлдээ “2016 онд МАН сайндаа ялаагүй, АН муу байсан учраас ялсан” гэж хэлсэн. Би МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан хүний хувьд үүнтэй санал нийлэхгүй. Энэ ялалтын төлөө тавхайгаа эргэтэл явсан МАН-ын гишүүд, дэмжигчдээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх уучлал гуйх ёстой” хэмээн яс хаяж, тал зассан. Тэр намаа шинэчлэх хөдөлгөөнийг эхлүүлж, эх орныхоо өнцөг булан бүрт очиж, гишүүд, дэмжигчдийнхээ дэмжлэгийг авахаа зарлаад буй. Ийнхүү МАН-ын дарга нар хэрүүл, хагаралдаа гишүүд, дэмжигчид, жирийн олныг татан оролцуулахаар оролдож байна. Харин иргэд үүнд нь оролцох хэрэг байна уу.
Бэлтгэсэн: А.Амина