Булган аймгийн Бугат суманд энэ сарын 18-нд иргэн Б гэртээ бусдад зодуулж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хохирогч Б нь тус сумын Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч байсан бол хэрэгт холбогдсон О, Д нар нь Булган аймгийн МАН-ын хорооны гишүүд байсан талаар Ардчилсан намаас өнөөдөр мэдээллээ.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “АН-аас иргэдийг төлөөлж сонгогдсон, идэвхтэй гишүүн маань гэртээ бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Мөн талийгаачийн эхнэр зодуулж, эмнэлэгт хэвтэж байна. Тухайн айлынхан гэртээ амарч байхад нь гаднаас МАН-ын гишүүд очиж, зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр энэ хэргийг үйлдсэн. Энэхүү балмад явдлыг нуугаад өнгөрч болохгүй” гэлээ.
Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Нарийн шалгалтын ажиллагаа дууссаны дараа энэ талаар мэдээлэл өгнө. Гэмт хэргийн шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдлын хувьд хамаатан садны хүмүүс хоорондоо маргалдсан гэсэн мэдээлэл буй” гэсэн юм.