Умард Солонгосын шоронд тус улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулсан хэрэгт буруутгагдан хоригдож байсан Отто Вомбиер эх орондоо эргэж ирээд удалгүй нас барсан билээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Вомбиерын ар гэр Умард Солонгосын эрх баригчдын эсрэг АНУ-ын Колумб дүүргийн шүүхэд гомдол гаргасан аж. Тэд БНАСАУ Отто Вомбиерыг хууль бусаар хорьж тамлан зовоосны улмаас нас барсан хэмээн үзэж Пхеньянаас 1,0 тэрбум долларын нөхөн олговор төлөхийг шаардсан байна.
2016 оны нэгдүгээр сард Отто Вомбиер БНАСАУ-д жуулчиллаар явж байхдаа зочид буудлын хананд байсан зурагт хуудсыг хуулж авсныхаа төлөө дайсагнасан үйлдэл хийсэнд буруутгагдан Пхеньяны шүүхээс 15 жилийн хорих ял сонссон аж. Умард Солонгосын эрх баригчид шүүхийн шийдвэр уншсанаас хойш түүний талаар бүтэн жил гаруй ямар нэгэн мэдээлэл хийгээгүй бөгөөд АНУ-ын төлөөлөгчдийг ч уулзуулаагүй байна.
Америкийн болон олон улсын хүний эрхийн байгууллагуудын удаа дараагийн шаардлагын дараа Пхеньяны хууль сахиулагчид Америкийн хоригдол руу Шведийн дипломатуудыг оруулжээ. Отто Вомбиерийн биеийн байдлыг харсан шведууд АНУ-д нэн даруй мэдээлсэн байна.
2017 оны долдугаар сард Умард Солонгосын эрх баригчид “хүмүүнлэгийн үүднээс” Отто Вомбиерыг Америкийн талд ухаангүй байдалтай хүлээлгэн буцаажээ. Солонгосын талын мэдэгдсэнээр бол Вомбиер 2016 оны хавар төв мэдрэлийн системийг гэмтээдэг ботулизм гэдэг хордлогын чанартай өвчнөөр өвчилсэн гэжээ.
Харин эх оронд нь түүнийг тархины хүнд гэмтлийн улмаас тархины эд эсийн үхжилт болсон гэж эмч нар оношилсон байна. Отто Вомбиер гэртээ ирээд 10 хоногийн дараа нас баржээ.
АНУ-ын Холбооны шүүх гомдлыг авч үзээд Пхеньяныг Отто Вомбиерын ар гэрт 500,0 сая долларын нөхөн олговор төлөх тогтоол гаргажээ.