Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан болж, агаарын бохирдлыг бууруулахаар хийж буй ажлын талаар мэдээлэл сонсон, шийдвэр гаргалаа. Тухайлбал, “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь УУХҮЯ, ЭХЯ байхаар шийдвэрлэв. Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг нь танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов. Бас шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгалаа.
Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шаардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын байгууллагын хатуу хяналтын доор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд, дарга нарт анхааруулав. “Тавантолгой түлш” компани ирэх оны есдүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг үйлдвэрлээд байна.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаарх танилцуулгаас үзвэл гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагч 2300 гаруй ширхгийг хилээр оруулж ирсэн байна. “Улаанбаатар цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн эрүүл мэндийн 142 төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5(нарийн ширхэгт тоосонцор)-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ. Өнгөрсөн онд 45, энэ онд 68 уурын зуух буулгасан байна. 10 зуухыг төвийн шугамд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ. Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн дүн гарчээ. Энэ онд 421 мянган өрхийг дөрвөн кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломж бүрдүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлүүлээд байгаа аж. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянга, PM2.5-ыг 150 тонноор бууруулах нь.