Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Бид ЖДҮ-чин Ерөнхий сайдтай боллоо" гэв
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн дүүдээ зээл авч өгснийг нотлох баримт надад байна. Тодруулбал, сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн дүүдээ авч өгсөн нь баримтаар нотлогдож, ЖДҮ-чидийн загалмайлсан эцэг байсныг нотоллоо" хэмээн мэдэгдсэн.
Тодруулбал, "Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авсан бөгөөд 200, 300 саяар хуваан нийт 1.3 тэрбум төгрөгийг өгсөн гэв. Тухайн үед манай дүүгийн компанийг дэмжиж өгнө үү хэмээн явж байсныг би сүүлд мэдсэн. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 03-нд авсан байсан бөгөөд одоогийн байдлаар 561 сая төгрөгийг авсан нь тогтоогдоод байгаа. Үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Энэхүү нотлох баримтыг шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад өгсөн.
Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн өмнө олж авсан. Өмнө нь мэддэг байсан ч гагцхүү нотлох баримт л олдохгүй байсан юм. Баримтыг олж авсан даруйдаа өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийх байсан ч Монгол Улсын тэргүүн улсаа төлөөлөөд Япон улсад айлчилж, улс төрийн зүтгэлтэн Шинзо Абэтэй уулзах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тийм болохоор нэр хүндэд нь халдаж, ЖДҮ-чин Ерөнхий сайдаараа цоллуулахыг хүссэнгүй. Тэгээд цаг хугацааны хувьд өнөөдөр таарчихлаа.
Ингээд бид ЖДҮ-чин Ерөнхий сайдтай боллоо. Үүнээс гадна Ерөнхий сайдын ХОМ-т мэдүүлсэн олон тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг амьдралдаа бизнес хийж үзээгүй хүн яаж авснаа тайлбарлах цаг нь болжээ. Иймээс У.Хүрэлсүхийг өөрөө огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Үгүй бол ЖДҮ-гийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг би өөрөө өргөн барина" гэлээ.
МАН-ын Бага хурал өндөр хамгаалалтад дунд ХААЛТТАЙ боллоо
МАН-ын Бага хурал өнгөрсөн лхагва гарагт олон нийтээс хаалттай хуралдлаа. Уг хурлаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Хотын захирагч асан С.Батболд нарын тэргүүтэй 13 хүнийг Удирдах зөвлөлөөс хассан байна. Мөн УИХ-ын даргыг огцруулах тогтоол баталсан бөгөөд энэ талаар "МАН-ын дарга У.Хүрэлсүх хуулийн дагуу УИХ-ын дарга М.Энхболдыг өөрөө огцрох өргөдлөө өгөх хэрэгтэй гэсэн саналыг намын бага хурлаар оруулж ирсэн. Уг саналыг бага хурлын гишүүд дэмжиж байна уу гэсэн томъёоллоор санал хурааж, тогтоолоо баталжээ.
Энэ үеэр МАн-ын дарга У.Хүрэлсүх "Ардын нам олигархиудынх биш, ардын нам л байх ёстой. Ард түмэн юу юунаас илүү шударга ёсыг хүсэж байна. Нам дотроо хариуцлага ярих зайлшгүй шаардлага байна. Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс намын толгойд гарч хууль бус зүйл хийж, Манан бий болсон байна. Үүнийг таслан зогсоох ёстой. Өнгө мөнгөнд автсан, газрын хэвлийн баялгаар баяжсан хүмүүс намд байна. Ийм байж болохгүй. Энэ миний хүслээс гадна ард түмний маань хүсэл. Манай нам хуурамч эв нэгдэлтэй байна, энэ бол хойч ирээдүйд маань хортой. Үүнийг таслан зогсооно" гэдгээ мэдэгдсэн юм.
УИХ-ын дарга М.Энхболд Ц.Нямдорж сайдыг шүүхэд өгч байгаагаа мэдэгдлээ
УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын Бага хурал болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ингэхдээ "ҮАБЗ дээр ганцаардах зүйл байдаг. ШХАБ-д элсэх асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцэх ёстой гэж би үздэг. Хуйвалдах замаар, хууль зөрчсөн аргаар асуудалд хандаж болохгүй ээ. Хуулийн хүрээнд л асуудлаа шийдье. Ц.Нямдорж сайд өчигдөр ор үндэсгүй гүтгэлэг хийлээ. Би энэ асуудлаар шүүхэд өгнө. Ярьсан зүйлээ шүүх дээр нотлох хэрэгтэй болох нь. Чадахгүй бол уучлалт гуй" гэлээ.
Мөн "60 тэрбумыг асуудлыг намын бага хурлаар ярьсан. Үүнийг хууль хяналтын байгууллага 3-4 удаа шалгасан. Энэ асуудлаар 7 хоногийн өмнө Нийслэлийн прокороос мэдээлэл хийсэн. Тагнуулын ерөнхий газар шалгаж байгаа" гэдгээ онцолсон.
Жирэмсэн эх, 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг рашаан сувилалд үнэ төлбөргүй амраахаар төлөвлөснөө цуцалжээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу жирэмсэн эх, 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг агаарын бохирдлоос хамгаалах зорилгоор нэр бүхий 29 амралт, сувиллын газарт байлгахаар төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Уг асуудлыг өнгөрсөн баасан гарагийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Гэсэн ч ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар "Эх хүүхдийг 5 хоног амраах тухай ТББ-аас ирүүлсэн саналыг Засгийн Газар дэмжихгүй. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас хассан" хэмээн мэдэгдсэн.