Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Гэхдээ иргэд халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрдөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүржээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ.
Энд, тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-өө анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол байдал ямар байгааг биеэрээ очоод нэг хараарай.Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны түрүүнд, хамгаас эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” сонин чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.
Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж, гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдэе, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий. Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар л ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Дотор ч ялгаагүй зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс.
“Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.
Хэд хоногийн өмнө нэг хүнд учиргүй “загнуулж”, бас “загнав”. Өөрийгөө “Чингэлтэй дүүргийн иргэн, 60 настай” хэмээн танилцуулсан тэрбээр “Эрхэм сэтгүүлч та Хавдрын эмнэлгээр үйлчлүүлж үзсэн үү” гэж асуугаад хариулахын завдалгүй “Өнөөдөр” сонин ХСҮТ-ийн талаар цувралаар нийтэлж байгаа нь сайшаалтай гээд “Хавдрыг “давраагч” нь та өөрөө” гэсэн гарчигтай сурвалжилгаар хөндсөн асуудалд жаахан бухимдаж, ийнхүү асууснаа учирлах нь тэр. “Иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүй, өөрийн эрүүл мэндэд хайнга ханддаг. Эрүүл байх нь таны үүрэг” гэдэг хэрнээ ХСҮТ-ийн эмч нар 13 дугаар маягтгүй бол үздэггүй, хүнд сурталтай, олон дахин явуулдаг. Энэ мэтийн хүнд суртлаас болж иргэд төвөгшөөгөөд үзүүлэхээс халширч явсаар өвчнөө даамжруулж байна” гэж ярьсан түүнд болон ийм бодолтой хүмүүст учирлан хэлье.
Аливаа хууль, дүрэм, журмаа мөрдөхгүй бол нийгэм хөл, толгойгүйтэй адил болно. Авто замын хөдөлгөөнийг зохицуулах дүрэм, гэрлэн дохио, гарц, тэмдэглэгээ байхгүй бол юу болохыг төсөөлөөд үзээрэй. 13 дугаар маягтгүй бол аль ч эмнэлэгт тийм л замбараагүй байдал үүснэ. Сайн гэсэн эмнэлэгт хандахыг хүсэхгүй хэн байх билээ. Тэр тусмаа ХСҮТ-ийн л эмч нарт үзүүлье гэсэн иргэдийг буруутгахгүй. Гэхдээ “Дүрэм, журмын дагуу үйлчилнэ” гэсэн эмч, эмнэлгийн ажилтнуудыг буруутгаж болохгүй. Харин ном ёсоор нь яваад үйлчлүүлэхэд “оочир” гэж айхтар зүйлтэй тулах нь гарцаагүй. Тэр нь зөвхөн танд л тохиолдох хүндрэл биш.
Улсын хэмжээнд үйлчилдэг ХСҮТ-ийн барилга байгууламж 1980-аад оных учраас өнөөдрийн нөхцөл байдалд даац нь хэтэрсэн, монголчуудын дунд хавдрын өвчлөл гаарсан, хүн амын тоо өссөн зэрэг тодорхой шалтгаан “оочрыг сунгаж” байгааг иргэд зөв ойлгоосой. Ийм л учраас “Өнөөдөр” сонин “Монголчууд хавдарт идүүлж байна” цувралаа эхэлсэн. Тэр эмнэлгийн эмч, сувилагч нар ямар нөхцөлд хэрхэн, хэдэн цаг ажиллаж, хэр ачаалалтай байдгийг хүмүүст зах зухаас нь ойлгуулахыг зорьсон.
Өглөө 08.00 цагт ажлаа эхэлдэг тэдний олонх нь үүрээр гэрээсээ гараад, үдшийн бүрийд биш, бүр шөнө дүлээр харьж байна. Ажлынх нь ачаалал тэднийг ийнхүү “чангааж”, гэрээ “мартахад” хүргэж буй. ХСҮТ-ийн эмч нар робот биш, бидэнтэй л адил ядарч цуцдаг бие махбодтой, баярлаж, гунигладаг сэтгэл, зүрхтэй. Хагалгааны өрөөний хүрэлцээнээс болж өвчтөнд орой, шөнө мэс засал хийхдээ “Илүү цаг ажиллачихлаа, ядарч байна” гэж хэлэх эрхгүй зүтгэдэг тэднийг элдвээр хэлэх нь ёсгүй аашилснаас ялгаагүй.
...Гурван сая хүн амынх нь 15 000 гаруй нь хорт хавдартай гэж оношлогдсон, тэдний 5000 гаруй нь жил бүр хорвоог орхиж, үүнийг давах хэмжээний хавдрын тохиолдол жил бүр шинээр бүртгэгдэж байгааг Монгол Улсыг удирдаж буй хүмүүсийн хэд нь мэдэж байгаа бол. 195 улсын хүн амын дундах хорт хавдрын тохиолдол, үүнээс улбаатай нас баралтаараа бид дэлхийд толгой цохиж явааг мэдэх үү...
Өдөржин ажиллаад ядарсан бие, сэтгэлээ үл тоон хүний амь аврахаар мэс бариад хэрэв алдаа гаргавал яах вэ. “Хөөрхий, тэр эмч төчнөөн цаг ажиллаад ядарсан байсан” гэж хэн ч хэлэхгүй. “Эмчийн тангарагаа умартлаа, хүний амь хөнөөлөө” гэж бараг уралдан ярих биз. Уг нь ажлын цагаа яс бариад ажиллавал ХСҮТ-ийн эмч нарт л амар. Харин иргэд нэг сар биш, хоёр, магадгүй гурван сар дугаарлаж, хүлээхэд хүрнэ. Тийм байдалд хүргэхгүйн төлөө л ХСҮТ-ийнхэн шөнө ч хамаагүй хагалгаа хийгээд зогсож байна. Энэ бол арчаагүй төр, засгийн “ачлал”. Гэтэл иргэд “Хавдрын эмнэлгийнхний хүнд суртал” гэж ярьж байгаа нь харамсалтай.
Аав, ээж, ах, дүү, хамаатан, садан нь хавдраар өвчлөөгүй, үүний улмаас хагацал амсаагүй өрх Монголд байгаа болов уу. Гурван сая хүн амынх нь 15 000 гаруй нь хорт хавдартай гэж оношлогдсон, тэдний 5000 гаруй нь жил бүр хорвоог орхиж, үүнийг давах хэмжээний хавдрын тохиолдол жил бүр шинээр бүртгэгдэж байгааг Монгол Улсыг удирдаж буй хүмүүсийн хэд нь мэдэж байгаа бол. 195 улсын хүн амын дундах хорт хавдрын тохиолдол, үүнээс улбаатай нас баралтаараа бид дэлхийд толгой цохиж явааг мэдэх үү, өндөр сэнтийд залрагсад аа. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монголд хавдрын шинэ тохиолдол 7000 гаруй бүртгэгджээ. Энэ бол эмнэлэгт хандсан иргэдийн тоо. Хавдартайгаа мэдэхгүй яваа хүн цаана нь хэд байгаа бол. Үүнийг тооцвол том тоо гарах нь ойлгомжтой. Хавдарт идүүлж буй иргэдээ хүлээн авдаг ганц эмнэлэг нь элгээрээ мөлхөж байхад “Миний, чиний нам ингэж, тэгж иддэг” гэж хэрэлдсээр сууж байна. Нэг л их шударга ёс ярьсан хүмүүс. Үнэхээр л шударга гэдгээ харуулахыг хүсээд байгаа бол Хавдрын эмнэлгийн өргөтгөлийн барилгыг барих нэрээр зэрэмдэглээд, хөрөнгийг нь завшчихсан нэр бүхий компани, алдааг нь засах нэрээр бас л баллаад хаячихсан байгууллагыг улсын мөнгө үрэн таран хийснийх нь төлөө шийтгээд өгөөч.
Уг нь тэр барилга ХСҮТ-ийн ачааллыг тодорхой хувиар бууруулах байсан. Ядаж л хагалгааны хоёр өрөө нэмэгдэж, дэлхийн стандартад нийцсэн өндөр хүчин чадалтай техникүүдийнхээ үр дүнг үзэх байсан гэхчилэн олон ажил цэгцрэх байлаа. Харамсалтай нь, тэрхүү байгууламжийг хүлээсээр ес дэх жилтэйгээ золгох нь. Өнгөрсөн хугацаанд хавдрын өвчлөл улам нэмэгдэж, одоо түүнээс ч том байгууламж хэрэгтэй болжээ. “Өргөтгөлийн барилгыг цаг хугацаанд нь ашиглалтад оруулсан бол тухайн үеийн ачааллыг бууруулж, иргэд сар гаруй хүлээхгүй байх боломж бүрдэх байсан. Одоо харин ачааллыг бууруулахад тэр “сав” хангалтгүй. Бидэнд хагалгааны 10 өрөө шаардлагатай” гэж Хавдрын эмч, ажилтнууд ярьж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад хавдраар нас барах хувь бага байгаа нь зөв бодлогын үр дүн гэдгийг ДЭМБ-ын шинжээчид онцолдог. Эрүүл мэндийн үйлчилгээ сайн учраас иргэдээ хавдраас аварч чадаж байна гэсэн үг. Уг нь эрт үед оношлогдвол хавдар эдгэрэх боломжтой. Шинжлэх ухаан тийм амжилтад хүрчихсэн. Тэр ч бүү хэл, вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж хавдрын тохиолдлыг бараг тэглэсэн туршлага ч байна. ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийнхан ДЭМБ-ын санаачилгаар эл туршлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хамгийн гол нь иргэд маань биеэ гаргуунд нь хаяж, хожуу үед хавдартайгаа мэдэж байгаа нь эл өвчнөөр нас барах нь 70 гаруй хувиас буурахгүй байгаагийн гол шалтгаан юм. Тиймээс иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхийн зэрэгцээ Хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулахад шат дараалсан бодлого үгүйлэгдэж байна. Монголд хавдар хэр газар авсныг ганцхан айлаар жишээлэн ярьсан ХСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Минжидмаа “Өөрөө хөхний хавдартай хэрнээ элэгний хавдартай нагац ахаа асарч халамжлаад, явдаг манай нэг өвчтөн үнэхээр хэцүү. Үүн шиг нэг өрхөд хавдрын хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Манайхан тамхи, архинаас татгалзахгүй бол хавдрыг хөхиүлэн дэмжиж байгаагаас ялгаагүй. Гэтэл Монголд архины үйлдвэр хамгийн орлоготой. Хавдар бол зөвхөн эрүүл мэндийн боловсролын асуудал биш. Тогтолцооны гажуудал” гэж хэлснийг бодох л хэрэгтэй.
Хавдар гэр бүлийн, улсын эдийн засагт асар их дарамттай, нийгмийн сэтгэл зүйд хөнөөлтэй өвчин гэдгийг ДЭМБ сануулдаг. Тиймээс л хавдрыг манайх шиг үндэсний гамшиг болтол нь “хөгжөөхгүйн” тулд ухаалаг бодлоготой ажиллаж байна, дэлхийн улсууд. (Зарим улс эл дарамтыг бууруулахад, нөгөөтээгүүр хаяанд ирсэн тавилантайгаа эвлэрч, өвдөлт, шаналлаас ангижрах хүсэлтийнх нь дагуу өвчтөнийг үүрд нойрсуулах Эвтазийн тухай хууль ч баталсан). Ер нь Монголын эрүүл мэндийн тогтолцоог үндсээр нь өөрчлөхгүй бол ганц ХСҮТ бус, бүх эмнэлэг гамшгийн байдалд хүрэхэд ойрхон болсныг энэ салбарынхан хэлдэг. Өнөөдөр Монголд төрөл бүрийн өвчлөл нэмэгдэж, иргэд нас бараах нь их байгаа нь нийгмийн тогтолцооны гажуудал хэдий ч иргэн та эрүүл байх нь гэр бүлээ хайрлаж, хамгаалж байгаа хэрэг. Үр хүүхэд, аав, ээждээ дарамт болохыг хэн ч хүсэхгүй. Тиймээс өвдөхгүй байх нь таны үүрэг, хариуцлага.
Хавдар ердөө нэг, хоёр жилийн хугацаанд бий болж, өсөж, томроод, эцсийн шатандаа ордоггүй. Хүний амь авч одох хүртлээ 15-20 жил болдгийг ХСҮТ-ийн эмч А.Эрдэнэжаргал ахин дахин хэлж байсан нь “Эмнэлэгт үзүүлээд өгөөч” л гэсэн утгатай. Эс бөгөөс нэг л өдөр муу мэдээ сонсоно, та бидний хэн нь ч ялгаагүй. Яагаад гэвэл, бид хөрс, агаар, орчны бохирдлоороо дэлхийд мөн л толгой цохиж буй. Хавдрын тохиолдол эрс нэмэгдэж буйн нэг шалтгаан нь орчны бохирдол гэдгийг эмч нар хүлээн зөвшөөрдөг, ДЭМБ-аас ч анхааруулсан.
...Энэ оны эхний зургаан сарын байдлаар Монголд хавдрын шинэ тохиолдол 7000 гаруй бүртгэгджээ. Энэ бол эмнэлэгт хандсан иргэдийн тоо. Хавдартайгаа мэдэхгүй яваа хүн цаана нь хэд байгаа бол...
Ижий, аавдаа ирээд удаагүй нялхас, дэгэж дэрвэж яваа хүүхэд, багачууд, эх орондоо хүчээ өгөх идэр залуучууд, улсдаа бие, сэтгэлээ зориулчихаад гавьяаныхаа амралтыг эдэлж буй ахмад, буурлууд гээд толгой дараалан үе үеэрээ хорт хавдрын “идэш” болсоор үндэсний хэмжээний гамшигтай тулахгүйн тулд одоо л хөдлөхгүй бол оройтох нь ээ, Ерөнхийлөгч өө, Гүйцэтгэх засаглалын тэргүүн минь ээ.
Ийм хар түүх бичихгүйн тулд бүгдээрээ биеэ хайрлая. Нэгэнт өвдсөн иргэдээ, амьдрал нь өдөр, хоногоор хэмжигдэж буй нэгэндээ хүний ёсоор хандан, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлье. Үүний тулд эхний ээлжинд ХСҮТ-ийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай байна. “Бидний хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулаад өгвөл өдөр, шөнөгүй ажиллахад бэлэн. Ачаалал бол асуудал биш” гэдгийг ХСҮТ-ийнхөн хэлээд байна. Энэ бол зөвхөн эмнэлгийнхнийг баярлуулах асуудал биш. Өвчтөнүүд “оочирлохгүй”, ор хүлээж байгаад нүд анихгүй нөхцөл бүрдэнэ гэсэн үг.
ХСҮТ-ийн хашаагаар ороод л түгжирдэг нь хэвийн үзэгдэл болжээ. Монголын хүн ам нэг саяар хэмжигдэж байсан цаг үед барьсан тус эмнэлгийн орц, гарц нь нэг учраас ийнхүү “бөглөрдөг”. Ямар сайндаа л түргэний тэрэг эмнэлгийн үүдэнд хүрч чадахгүйн улмаас Яаралтай тусламжийн тасгийнхан өвчтөнийг дамнуургатай нь түрээд гүйж байх билээ. Хэд хэдэн удаа ийм явдал болсон, бүр өвчтөн амьсгал хураасан гашуун түүх бий гэсэн.
Үүний зэрэгцээ эмнэлгийн өрөө хооронд явах гэж түлхэлцэж, нудралцах нь ердийн үзэгдэл болсон. Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмчид аавыгаа үзүүлэхээр ирсэн нэгэн бүсгүй чац өндөртэй залуугийн суганд эгээтэй л хавчуулагдчихаагүйг би нүдээрээ харсан. “Энд ёстой дайн болдог юм байна шүү дээ. Ах минь, тан шиг том биетэй хүн л ирэхгүй бол хэцүүдэх нь, би аавыг хамгаалах уу, өөрийгөө гэх үү, аймаар юм бэ” гэж уйлахаас наагуур ярьж байсан юм, тэр эмэгтэй. Энэ бол үргэлж хүнээр хахдаг барааны зах биш, Монгол Улсын Хавдар судлалын үндэсний төв шүү дээ. Ийм дүр зураг саяхнаас бий болоогүй. Хэдэн жилийн өмнө уушгины гялтангийн хавдартай аавыгаа тус эмнэлгийн Хөнгөвчлөх эмчилгээний тасагт хэвтүүлэхээр хэдэнтээ очихдоо нөгөөх бүсгүйн зовлонг биеэрээ мэдэрсэн. Гэхдээ энэ бол юу ч биш байсан. Аав минь “оочирлож” дийлэлгүй ойчоод өгсөн. Тэр үед би Хавдрын эмнэлгийнхэнд гомдоогүй ч “Яагаад ийм цөөхөн ортой байдаг юм бэ” гэж гайхаж билээ. Өнөөдөр харин хариултыг нь олсоон, ХСҮТ ачааллаа дийлэхээ болиод удаж байна. Энэ байдлаараа явбал улам л дордоно.
Уучлаарай, иргэдийг ч, эмч, ажилтнуудыг нь ч ингэж “тамлаж” байхаар ХСҮТ-ийг бүр татан буулгаад, хавдрыг үндэсний “брэнд” болгон, зарлан тунхаглах уу.