МАН-ын Бага хурлын гуравдугаар хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд өндөр хамгаалалт доор, хэвлэл мэдээллийнхэнд хаалттай боллоо. 369 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурлын хуралдаан 70 орчим хувийн ирцтэй эхэлж, намын дарга У.Хүрэлсүх улс төрийн илтгэл тавив. Тэрбээр “Шударга бусын хонгил”-ыг бид эвдэх ёстой. Манай нам нам дамжсан хэдхэн бүлэглэлийн гарт орчихож.
Өнгө мөнгөнд хууртдаг, улсын өмч, газрын баялгаар баяжсан бүлэглэлийн нам болж хувирсан байна. Үүнийг таслан зогсоох ёстой гэдэгт намын дарга миний бие хатуугаас хатуу байр суурьтай байгаа. Намын эв нэгдэл шударга ёсонд тулгуурлаасай. Болохгүй, бүтэхгүй байгаагаа нуудаг, хаадаг, хуурамч эв нэгдлийг би огт хүсэхгүй байна. Энэ нь манай улсын ирээдүйд гай болно. Тиймээс хуурамч эв нэгдлийг задлахаар шийдсэн” хэмээн илтгэлдээ онцолж, УИХ-ын дарга М.Энхболдыг албаа өгөх ёстой гэжээ.
Тодруулбал, “Хуулийн дагуу М.Энхболдыг огцруулах боломжгүй юм билээ. Иймээс намын хамт олныхоо шаардлагыг хүлээж аваад, ажлаа өгнө гэж бодож байна. “Мордохын хазгай” гэдэг шиг 2016 онд намын дарга М.Энхболд Ерөнхий сайд болох байсан ч тэгээгүй. Ингээд 2017 оны сонгуульд ялагдсан. М.Энхболд “60 тэрбум”-ын гэх хэрэгт холбогдсон.
Төрийн албыг зарсан, үгүйг нь мэдэхгүй ч завдсан нь үнэн. Зүрх сэтгэлд минь нөхрөө гэх бодол бий. М.Энхболд хийсэн юмтай хүн. Гэвч би шударгын төлөө байхаас аргагүй. Энэ зарчмыг одоо биш бол хэзээ ч ярихгүй. Тиймээс ч гурван хүнийг хариуцлага хүлээ гэсний төлөө Засгийн газрыг огцруулах гэсэн. Огцруулах гэсэн 27 хүн бүгд муу биш ээ. Шалтгаан байснаа өөрсдөө хэлсэн. Төрийн үйл ажиллагаа гацчихаад байна” хэмээсэн аж.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг УИХ-ын дарга М.Энхболдоор үг хэлүүлэх санал гаргаснаар тэр байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Би намын даргын албаа өгөхөд “60 тэрбум”-ын гэх хэргийг хуулийн байгууллагууд шийдчихсэн байсан. 2016 оны зургадугаар сарын эхээр энэ шуугиан дэгдсэн ч бид УИХ-д 65 суудал авсан. Орон нутгийн сонгуульд ч амжилттай оролцсон. “60 тэрбум”-ын гэх хэргээс бүх зүйл боллоо” гээд байгааг нь гайхаж байна.
Бидний нүүрэнд батга мэт наалдсан энэ зүйлийг салгах боломж байсан ч өөрсдөө аваад хаячихсан тэр батгаа эргээд наачихлаа. Энэ танхимд байгаа хүмүүс тэр “60 тэрбум”-ын схемийн дагуу хэнд хэдэн төгрөг өгч, албан тушаалд томилогдсоноо ярих хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны хариуцлагыг үүрч, дараагийн хүнд нь намын тамгаа шилжүүлээд явсан. Энэ их хэл амнаас хол байя гэж бодвол УИХ-ын даргын албаа өгөхөд болохгүй зүйлгүй. Гэхдээ одоо цаг нь биш. УИХ-д үүссэн өнөөгийн нөхцөл, цаашлаад Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юү гэдэг нь хөндөгдөж байгааг харгалзан асуудлаас зугтааж буй мэт өргөдлөө өгөөд явах нь буруу. ҮАБЗ-ийн гишүүний хувьд би тэнд хэлэлцэж байгаа зарим асуудалд байр суурийн хувьд ганцаардаж байна” гэв.
Ийнхүү намын даргын илтгэлтэй холбогдуулан гишүүд үг хэлсэн. Улмаар УИХ-ын дарга М.Энхболд албаа, өгөх эсэх асуудлаар санал хураалт явуулах гэхэд Засгийн газрыг огцруулах гарын үсэг УИХ-ын 27 гишүүн танхимыг орхин гарсан юм. УИХ-ын даргаас чөлөөлөгдөхтэй холбоотой асуудлыг намын хурлаар хэлэлцэх нь хууль зөрчсөн хэрэг гэж тэд үзэж буй юм. Тэд хуралдааныг орхисны дараа түр завсарлаж, Удирдах зөвлөл хуралдаж эхэлсэн. Тус хуралдаан дугаар шилжсэн 23.20 цагт үргэлжилж байлаа.