АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлан “АТГ-т айдасын хонгил бий боллоо. Энэ хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна” гэсэн сэдвээр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, Зөвлөлийн гишүүд Д.Пүрэвбаатар нараас дараах тодруулгыг хийлээ.
Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан:
Өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлах болсон шалтгаан юу вэ?
Энэ хэвлэлийн хурлыг Хонгилын түлхүүр Х.Энхжаргалын гарт байна гэсэн сэдвээр хийлээ. Уг хэвлэлийн бага хурлыг зарласан шалтгаан нь АТГ авлигатай тэмцдэггүй “Айдсын хонгил” бий болгосон. Тэр хонгилын хаалганы түлхүүр Х.Энхжаргалын гарт байна. Харин Х.Энхжаргал УИХ-ын дарга М.Энхболдын мэдэлд байна гэсэн дүгнэлтийг олон түмэнд мэдээлэхийг зорьсон юм. Энэ хэвлэлийн хурал үндэслэлгүйгээр хийгдээгүй. Үүний ард 60 тэрбум, оффшор зэргээр маш их авлигын асуудал байна. Бидний хувьд АТГ эдгээр хэргүүдийг шийдэж чадах байх гэж их найдлага тавьж байсан. Гэвч тэд шийдэж чадсангүй. Улс төрчдийн нэр холбогдсон томоохон хэргүүд огт шийдэгдсэнгүй. Дээрээс нь АТГ улс төрийн зорилгоор хэвлэлийн хурал хийдэг боллоо. Тийм учраас АТГ-т “Айдсын хонгил” үүссэн гэх дүгнэлтэнд хүрлээ. Иймд бид энэ хонгилыг нураах ёстой гэж үзлээ.
Шийдэгдэхгүй байгаа олон авлигын хэргүүд байна гэж та үзэж байна?
Авлига, албан тушаалын хэргүүд нэрлээд дуусахгүй их байна. Үүнд банк-санхүү болон уул уурхайн салбар хамгийн их холбогдож байна. Мөн татвар төлөгчдийн бүрдүүлдэг сангуудтай холбоотой. Дээрээс нь төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг бол тухайн төр өөрөө дээрмийн шинжтэй төр гэсэн утга санаа юм. Энэ хэргүүдийн жагсаалтын нэгд 60 тэрбумын асуудал байна.
60 тэрбумын хэрэгтэй холбогдсон А.Ганбаатар одоо хаана байгаа вэ?
Тэр хүнийг хаана байгааг хонгилын эзэд л мэднэ. Тэдэнд хариуцлага тооцох ёстой. Харин бид энэ хонгилыг нураахгүйгээр хариуцлага тооцож чадахгүй.
Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.Пүрэвбаатар:
Эдгээр хэргүүд тогтоогдвол ямар хариуцлага хүлээлгэх вэ?
Энэ авлигын хэрэгт 12-20 жилийн ялын хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй. Мөн МАН-ын дарга М.Энхболд намынхаа удирдлагуудын хийсэн хэргийг хэдий нь хүлээн зөвшөөрсөн.
Х.Энхжаргал АТГ-ын даргын суудлаасаа огцорсноор УИХ-ын дарга М.Энхболдыг шалгах үндэслэлтэй болох уу?
УИХ-ын даргын хууль бус үйлдлүүд, үүнээс гадна намтайгаа, УИХ-ын гишүүдтэйгээ ажиллаж чадахгүй байгаа байдал нь цаашид даамжрах юм бол улс оронд хүндхэн байдал үүснэ. Тийм учраас М.Энхболд даргын асуудал шийдэгдвэл АТГ-ын даргын асуудал яригдана. АТГ-ын дарга бүхэл бүтэн бүлэглэлийг хамгаалж буй байдалтай байгаа учраас тэр хүн “Хонгилын түлхүүр”-ийн эзэн. Тийм учраас нийгэмд үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад тэр хүнийг огцруулах шаардлагатай.
Г.ТЭМҮҮЛЭН