УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮ-г хөгжүүлэх сангаас өөрийн дүүдээ зээл авч өгснийг нотлох баримт надад байна. Тодруулбал, сангаас 1.3 тэрбум төгрөгийн зээлийг өөрийн дүүдээ авч өгсөн нь баримтаар нотлогдож, ЖДҮ-чидийн загалмайлсан эцэг байсныг нотоллоо.
Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед авсан бөгөөд 200, 300 саяар хуваан нийт 1.3 тэрбум төгрөгийг өгсөн гэв. Тухайн үед манай дүүгийн компанийг дэмжиж өгнө үү хэмээн явж байсныг би сүүлд мэдсэн. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 03-нд авсан байсан бөгөөд одоогийн байдлаар 561 сая төгрөгийг авсан нь тогтоогдоод байгаа. Үлдэгдэл 800 орчим сая төгрөгийг авсан нь тодорхой. Энэхүү нотлох баримтыг шударга ёсыг эрхэмлэдэг нэгэн эмэгтэй надад өгсөн.
Өөрөөр хэлбэл, энэ мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн өмнө олж авсан. Өмнө нь мэддэг байсан ч гагцхүү нотлох баримт л олдохгүй байсан юм. Баримтыг олж авсан даруйдаа өнгөрсөн мягмар гарагт хэвлэлийн хурал хийх байсан ч Монгол Улсын тэргүүн улсаа төлөөлөөд Япон улсад айлчилж, улс төрийн зүтгэлтэн Шинзо Абэтэй уулзах төлөвлөгөөтэй байсан юм билээ. Тийм болохоор нэр хүндэд нь халдаж, ЖДҮ-чин Ерөнхий сайдаараа цоллуулахыг хүссэнгүй. Тэгээд цаг хугацааны хувьд өнөөдөр таарчихлаа.
Ингээд бид ЖДҮ-чин Ерөнхий сайдтай боллоо. Үүнээс гадна Ерөнхий сайдын ХОМ-т мэдүүлсэн олон тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгүүдийг амьдралдаа бизнес хийж үзээгүй хүн яаж авснаа тайлбарлах цаг нь болжээ. Иймээс У.Хүрэлсүхийг өөрөө огцрох өргөдлөө өгөхийг шаардаж байна. Үгүй бол ЖДҮ-гийн асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах саналыг би өөрөө өргөн барина.
Ц.Нямдорж сайд ажлаа хиймээр байна. Эрх мэдэлтний өмнө толгой бөхийлгөж болохгүй. Хууль хяналтын байгууллага ч ажлаа хиймээр байна. Хийж байгааг ч үгүйсгэхгүй.
Би 48 цаг хүлээе гэж бодож байна. Өргөдлөө өгөхгүй бол огцруулах ажил руугаа орно" гэлээ.