Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа доголдож, тасралтгүй үргэлжлэх ёстой хууль тогтоох ажил таг гацаад байна. Хэн нэгэн хорлон сүйтгэгч ирээд тусгаар улсын минь төрийн эрх барих дээд байгууллагыг гацаачихаагүй, Монголын улстөрчид, тэр дундаа эрх баригч хүчнийхэн өөрсдөө л ийм байдалд хүргэчихээд буй билээ. Ирэх оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 16-ны хуралдаанд Засгийн газрын гишүүд зохион байгуулалттайгаар оролцоогүй бөгөөд үүнээс хойш тус байнгын хорооны хуралдаан гурван удаа ирц бүрдээгүйн улмаас хойшилсноор хууль тогтоох байгууллагын ажил гацаж эхэлсэн.
ЭРХ БАРИГЧДЫН “ГАЛЗУУРЛЫН” ТӨЛӨӨС БОРЧУУДЫН БОР ХОДООДОНД ТУСНА
Байнгын хороо хуралдаагүй тул Ерөнхийлөгчийн хоригийг маргаашийнх нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж чадаагүй. Дараа долоо хоногт нь буюу өнгөрсөн сарын 22-нд уг асуудлыг хэлэлцэх гэтэл Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, Сангийн сайд гээд хариуцах ёстой хүмүүс нь орж ирээгүй. УИХ-д 64 суудалтай эрх баригч хүчний дотоод хагарал, бүлэглэлүүдийн талцал төрийн ажлыг гацааж буй нь энэ. Тэд өнгө төрхөө олж, төлөвшихөөр унаж босон бэдэрч яваа Монгол Улсын парламентыг улам ч арчаагүй, өрөвдөлтэй дорой байгууллага болгон харагдуулж байна. Түүгээр зогсохгүй хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж, өдгөө УИХ, Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унаж ч мэдэх нь.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох хуулийн хугацаа хэтрээд арав гаруй хонож буй, энэ нь Засгийн газрын тухай хууль, Үндсэн хууль зөрчиж байгаа талаар бид өмнө нь хөндсөн. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайдыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг шийдэх хуулийн хугацаа хэтрээд цөөнгүй хонож байна. Энэ нь УИХ, Засгийн газарт хууль дээдлэх зарчмыг үл хайхарч, хууль зөрчсөн хэмээн зэм тулгах хангалттай үндэслэл болох юм.
УИХ-аар хэлэлцэгдэх дарааллаа хүлээж буй тулгамдсан, цаг хугацаанд хавчигдсан асуудал сайд нарын томилгоогоор хязгаарлагдахгүй. Засгийн газраас өнгөрсөн сард нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслийг энэ сардаа багтаан хэлэлцэж, шийдвэрлэхгүй бол алт олборлох явцад эрх зүйн тодорхойгүй нөхцөл байдал үүснэ. Мөн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ирэх оны эхний өдрөөс дагаж мөрдөнө. Үүнээс өмнө Төрийн албаны зөвлөлийн бүтэц, төрийн албаны ангилал гэх мэтийг тогтоосон дөрвөн журмыг УИХ батлах ёстой.
Энэ мэтийн олон асуудал шийдлээ хүлээж байхад эрх баригчид хоёр талд хуваагдаж суучихаад “Ямар нэг юм болбол хариуцлагыг нь танай тал хүлээнэ шүү” гэсэн бичиг шидэлцсээр сууна. Ингэж бичилцэж л буй болохоор угтаа тэд хариуцлага хүлээхгүй. Харин тэдний өөрсдийн өчүүхэн эрх ашгийг хамгаалахын төлөө хууль цааз, төрт ёсыг уландаа гишгэн, эх захгүй галзуурсны төлбөрийг хоногийн хоолоо арай гэж залгуулдаг борчууд бор ходоодоороо хариуцна гэвэл үнэнд дөхнө.
Улстөрчдийн төр засгаар айл гэрдэж тоглосны төлөөс бидний нуруун дээр л буулга болж ирдэг билээ. Төр засаг нь тогтворгүй, улстөрчид нь итгэж болохгүй улс гээд хөрөнгө оруулагчид Монголыг хялайж харахаа байж, эдийн засаг доройтлоо гэхэд хэрүүл хийж, хоёр талд гарсан хэдийн идэж, уух багасахгүй. Жирийн иргэд л ажил, орлогогүй болно.
МАН-ЫН ХЭРҮҮЛ ТӨРИЙН ОРДНООС ХАЛИЛАА
УИХ-д “32а”, “32б” гэх албан ёсны бус хоёр бүлэгтэй болтлоо даамжирсан МАН-ын хэрүүл жил гаруйн өмнөөс эхэлсэн. Тэдний хэрүүл цаг хугацаа өнгөрөх тусам намжих нь бүү хэл улам хурцадсаар, хоёр талаас “эвлэрүүлэн зуучлах” ажлын хэсэг гаргатлаа өндрөө аваад байна. УИХ дахь МАН-ын албан бус хоёр бүлгээс гаргасан зөвшилцөх ажлын хэсэг гурвантаа уулзсан ч тэд эвлэрч ойлголцох бүү хэл хэрүүл нь улам цар хүрээгээ тэлэн өргөжиж байна.
Төрийн ордонд төвлөрч байсан эрх баригчдын хэрүүлд гишүүд дэмжигчид нь оролцож эхэллээ. Цааш хаа хүрэх нь одоогоор тодорхойгүй тэдний хэрүүлд төр нэрвэгдэж, улс хохирсоор байх уу.
Аливаа зүйлд хил хязгаар байх ёстой. Эрх барьж байгаа нэг намын дотоод дахь эрх ашгийн төлөөх тэмцэл төрийг, хуулийг гишгэлэх шалтаг болох ёсгүй. Хувийн эрх ашиг, өшөө хонзонгоо түр хойш тавьж, улс орны, төр, засгийн эрх ашгийг бодох ухамсартай лидер эрх баригч хүчнийхэнд байхгүй гэж үү. Ядаж л 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж байгаа, тулхтай, ноён нуруутай улс төрийн хүчин гэсэн намынхаа имижийг бодмоор сон доо.
ЭВ ЭЕИЙГ САХИУЛЖ ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЭЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ
УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын хэн нь айлын “нохой”, хэн нь манай “нохой” гэдгийг ялгах аргагүй байсан бол одоо хоёулаа “хээрийн чонотой нийлсэн золбин нохой” шиг харагдаж байна. Өөрийг нь томилсон үнэмлэхүй олонхын талаас илүү нь үргэлжлүүлэн хамтарч ажиллахгүй, итгэл хүлээлгэхгүй гээд байхад хөндлөн хэвтчихээд хөдлөхгүй байгаа УИХ-ын дарга, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг гацааж, зогсоочихоод жишим ч үгүй суугаа Ерөнхий сайд хоёрын хэн хэнд нь төрийн хүний шинж алга. Тэдний өчүүхэн атаа хорсол, эрх ашгаас болж төрийн ажил гацаж буй нь даанч харамсалтай. Төрийн хоёр гол институц хоорондоо “дайтаж”, УИХ-ын үйл ажиллагаа гацаад удаж байхад Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл Ерөнхийлөгч дуугүй харж суухын оронд эв эеийг сахиулж, зөвшилцөл, ойлголцол санал болгох ёстой биш бил үү.
Дотооддоо зөвшилцөж, учраа олж чадахгүй байгаа эрх баригчдаас, үйл ажиллагаа нь гацсан энэ парламентаас хүлээх зүйл үнэндээ алга. Тиймээс эртхэн тараагаад, шинийг эмхэлье гэх хандлага улам хүрээгээ тэлсээр байна. Гишүүд УИХ-ын нэгдсэн болон байнгын, дэд хороодын хуралд оролцохгүй, бойкотолж байгаа нь хууль зөрчиж буй хэрэг, зохион байгуулалттайгаар хууль зөрчдөг гишүүдтэй, төрийн ажлыг гацаадаг, үүргээ гүйцэтгэж ажлаа явуулж чаддаггүй үнэмлэхүй олонхтой энэ парламентыг тараах нөхцөл нь бүрдсэн гэж хуульчид ч хэлж буй. Тэгэхээр эрх баригчдын хэрүүлээс болж УИХ тарах тухай асуудал хөндөгдвөл гайхах зүйлгүй нь.
Бэлтгэсэн: А.Амина