МОНГОЛЧУУД ХАВДАРТ ИДҮҮЛЖ БАЙНА
Хавдрын эмнэлэг хүнээр хахжээ. Энэ бол монголчууд хавдарт хэр “дарлуулж” буйн илрэл. Хөл гишгэх зайгүй шахам эмнэлэгт очоод гайхаж, цочирдсон талаараа иргэд өдөр бүр л ийнхүү ярьж байна. Ярьсаар бүр дасал болжээ. Ийм зүйлд дасах нь буруу. Гэхдээ иргэд нь халаглаж, нөхцөл байдлыг мэдэрч, мэдэж байгаа нь нэг талаар сайн. Харин төрийн гурван өндөрлөг минь ээ, Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа, Хавдрын эмнэлгийн байдал, монголчуудын өвчлөл харанга дэлдэх хэмжээнд хэдийн хүрчихжээ. Хэзээ энэ байгууллагад ирж, ажилтай нь танилцах вэ. Энд тэнд бүтээн байгуулалт хийнэ гэж тууз хайчлахаас илүүтэй ХСҮТ-ээ анхаарч, гараа сунгахгүй бол улс үндэстний хэмжээнд сүйрэл болоход ойрхон байна. Хэтрүүллээ гэж байгаа бол биеэрээ очоод хараач, халаглах нь лавтай.
Монгол хүнийг чадавхжуулна, энэ тэр улсын сургалтын тогтолцооноос суралцъя, ийм ч гоё, тийм ч сайхан бүтээл, бүтээгдэхүүн хийе, ургацаа төдөн хувь авъя, эдийн засгаа солонгоруулъя л гэнэ. Энэ бүхнийг хүн гэдэг баялаг бүтээдэг шүү дээ. Ажилчин зөгий үгүй бол үүрэнд бал хуримтлагдах уу. Үүн лүгээ адил эрүүл, ажлын чадвартай иргэн цөөрчихвөл энэ улс хөгжих үү. Юу юуны түрүүнд, хамгийн эхэнд тавих асуудал бол нийгмийн хөдөлгүүр болсон хүний эрүүл мэнд билээ. Хором бүрээр хэмжигдэж буй монгол амь бүхний төлөө “Өнөөдөр” чанга дуугарч байна. Энэ улсын эд, эс болсон хүн бүр дэмжээрэй.
Биднийг, бидний хайртай дотнын хэн нэгнийг аварч, сэхээхийн төлөө нойр, хоолоо хугаслан зүтгэхдээ аавын, ээжийн үүргээ дутуу хагас гүйцэтгэж гэр бүлээ өнчин мэт байлгаж буй энэ цагийн эгэл баатрууд болох эндхийн ажилтнуудын төлөө бүгдээрээ нэгдэе, дуугаръя. Овойтол нь мөнгө цуглуулж өгч чадахгүй ч төр, засгийнхны чихэнд дуу хоолойгоо хүргэх боломж бидэнд бий. Өвчин эд баялаг, зэрэг, цол, баян, ядуу гэж ялгахгүй ирдэг хатуу, хахир зүйл. Өнөөдөр ХСҮТ ачааллаа дийлэхгүй байгаа нь байр байшингийн хүрэлцээтэй нэлээд холбоотой. Орох, гарах гарц нь нэг Хавдрын эмнэлгийн хашаагаар ороход л газар, хашлага дээр сууж, хэн нэгнийхээ төлөө залбирч байгаа олон хүнийг та харах болно. Дотор ч ялгаагүй хар зах дээр байгаа мэт хүн багширсаар л. Аавыгаа, ижийгээ, ах, дүүсээ түшсэн, эсвэл тэднээрээ түшүүлсэн өвдсөн зовсон хүмүүс. “Ёо ёо”...Монголд минь хавдрын өвчлөл газар авчээ. Бид энэ өвчнөөр дэлхийд толгой цохиж явна.
“Өнөөдөр” ХСҮТ-ийн үйл ажиллагаа, тэндхийн эмч, сувилагч, ажилтнуудын ажлын талаар цувралаар нийтэлж, сурвалжилж буй.
“БИД АЧААЛАЛДАА ДАСЧИХСАН, АЖЛЫН НӨХЦӨЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ Л САЙН БОЛ АЖРАХГҮЙ”
Орчин цагийн анагаах ухааны олон ололтын нэг нь ухаалаг техникийн тусламжтайгаар хагалгаа хийх. “Төмөр хүн” мэс засал хийх нь дэлхийд тийм ч содон зүйл байхаа больсноос гадна дурангийн хагалгаа хэмээх дэвшлийн талаар мэдэхгүй хүнгүй болсон. ХСҮТ-ийн Дурангийн мэс заслын тасгийн үйл ажиллагааг сурвалжиллаа. Энэ төрлийн мэс ажилбар, хагалгаанд болон “машины хэлж байгааг” зөв тайлан уншихад эмчийн мэдлэг, боловсрол, мэдрэмж юу юунаас чухал. Хүний биеийн тодорхой хэсгийг “онгойлгож” харах, дурангийн тусламжтайгаар “битүү” харах хоёрт алд дэлэм ялгаа бий. Тиймээс л хүмүүс “Тэндхийн, эндхийн дурангийн эмч илүү сайн, түүнд л нэг үзүүлж, “дурандуулмаар” байна” гэдэг шүү дээ. Яг ийм зорилгоор ХСҮТ-ийн Ж.Оюунчимэг эмчийг зорин ирэх нь олон байдгийг түүний өрөөний гадаа дугаарлан зогсох хүмүүсээс мэдэж болно. Өөрөөр хэлбэл, түүнийг жинхэнэ мэргэшсэн эмч гэдгийг энэ салбарынхан төдийгүй иргэд ч мэддэг юм билээ. Дурангийн оношилгоо, эмчилгээ хийдэг тасаг дөрвөн эмч, мөн тооны сувилагчтай бөгөөд амбулатори болон тасгийн үйл ажиллагаагаа зэрэг явуулдаг өвөрмөц онцлогтой. Энэ утгаараа ачаалал асар их. Тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэг ажлынхаа ачаалалд бус, ажиллах орчин нөхцөл, техник, тоног төхөөрөмждөө л илүү “анхаарч”, “Манай эмнэлгийн эмч, сувилагч нар ачаалалдаа бүр дасчихсан. Ямар ч үед ачааллаас айж, зугтахгүй. Хамгийн гол нь эмч, эмнэлгийн ажилтан болон иргэд, өвчтөнүүдэд аюулгүй, тав тухтай байх нөхцөл бүрдүүлэх ёстой” гэлээ. Ингэж хүсэх нь аргагүй аж.
Түүний өрөө тун давчуухан. Зүйрлэн хэлбэл, гал тогоо, зочны, унтлагын болон ариун цэврийн өрөө нь нэг дороо байх оюутны умгар өрөөг санагдуулам. Гэтэл энэ чинь бүхэл бүтэн улсын Хавдрын эмнэлэг шүү дээ. Өнөө өглөө (өнгөрсөн даваа гараг) 09.00 цагт тус кабинетад нэг хагалгаа хийсэн. Энэ өрөөний эмч, сувилагч дээр унтуулгын эмч аппараттайгаа нэмэгдчихээр ёстой л бөгс эргэх зайгүй шахам болохын зэрэгцээ агаар солилцоо ямар байх нь ойлгомжтой. “Мэс заслын өрөө хүрэлцээгүй учраас хоргүй хавдрын хагалгаагаа ингэж хийхээс аргагүй. Иймэрхүү ажилбартай өдөр хүлээгдэл багагүй нэмэгдэж, хүмүүс үүд онголзуулж, загнах нь энүүхэнд” хэмээн тэрбээр учирлав.
Улаан хоолой, ходоод, нарийн гэдэсний үрэвсэлт болон хавдрын урьтал өвчнүүдийг оношлохоос гадна хортой, хоргүй хавдрын зарим мэс засалд ашигладаг, тухайн эд эрхтний зургийг маш нарийвчилсан нягтралтай гаргадаг “Олимпус” (Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар ирсэн) хэмээх аппарат энэ эмнэлэгт ердөө ганцхан байдаг нь Ж.Оюунчимэг эмчийн кабинетад бий. Түүнийгээ хагалгааны тасаг, яаралтай тусламжийн хэсэгт гэхчлэн хэрэгцээтэй гэсэн газар руу зөөдөг нь эдэлгээг богиносгох, эвдэрч, гэмтэх нөхцөл бүрдүүлдэг гэсэн. Ийм сүрхий эд ХСҮТ-д 10-аас дээш байх шаардлагатай. Үүнээс гадна дурандуулах хүн хэвтдэг орыг дээш, доош болгох тохируулагчтай байдаг. Эднийх тийм биш учраас гурван гишгүүртэй, модон шат тавьчихаж. Хөл муутай, хөдөлж чадахгүй хүнд бол хэцүүхэн л даваа санагдлаа.
Энэ мэтээр “өөлбөл” зөндөө л юм ярих байна. Гэхдээ байгаа нөхцөлдөө зохицон, аль болох чирэгдэлгүй үйлчлэхийн тулд ажиллаж буйгаа энэ тасгийнхан хэлсэн. Өглөө ажлаасаа хоцрохгүйн тулд үр хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь хүргэх, нийтийн унааны хүлээгдэл, замын түгжрэлийн “зангилаа” зэргийг тооцоолон гэрээсээ гардаг гэнэ. Ингэсний хүчинд өглөө бүр 07.30 цаг гэхэд бүгд ажилдаа ирсэн байдаг. Тэгээд ажлын цаг эхлэхийг хүлээлгүй хүмүүсээ авдаг талаараа ч ярилаа. Өнөөдрийн байдлаар тасгийн эрхлэгч, эмч 20 хүн үзнэ гэдгийг цахим бүртгэлээс харж болно. Заримдаа дурангийн гурван эмч кабинетад ажиллаж, өдөртөө дунджаар 90 хүнд үзлэг, оношилгоо хийдэг нь олон улсын стандартаас давсан үзүүлэлт аж. Энэ бол ердийн л ачаалал болсныг эмч нар ярив. Ачаалалд олон хүчин зүйл нөлөөлдөг. Үүний нэг нь тоног төхөөрөмжийн хүрэлцээ дутмаг байдал. Ажлынх нь гол хэрэгсэл болох багаж, төхөөрөмжүүд нь нэлээд элэгджээ. Байгууллага боломжийнхоо хэрээр сольдог ч элэгдэл хорогдлын улмаас байнга шинэчлэх ёстой тул захиалга өгдөг байна. Гэсэн ч цаг хугацаандаа ирэхгүй саатдаг нь хүмүүст хүртээмжтэй, шуурхай үйлчлэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэсэн. Мөн үнэтэй төхөөрөмжөө өөр өрөө рүү зөөхдөө эвдэрчих вий гэж “айж, ичих” зэргээр аж ахуйн гэмээр зүйлд ч эмч нар сэтгэлээ чилээдэг ажээ. Энэ бол зөвхөн ХСҮТ бус, Монголын бүх эмнэлэгт байдаг түгээмэл асуудал гэж Ж.Оюунчимэг эмч дурдав. Тэрбээр оношилгоо, эмчилгээ сайн байх нь чухал шиг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь хавдрыг эрт үед илрүүлэхэд тустай гэлээ. Тэгж чадвал хавдар эмчлэгддэг өвчин гэдгийг иргэд ойлгоосой хэмээв.
“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДАХ НЬ ИРГЭН ТАНЫ НЭГ ҮҮРЭГ”
Хавдрын эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн эмч А.Эрдэнэжаргал ийнхүү хэлснийг гарчиг болгон онцолсны учир нь хүн өөрийнхөө төлөө өөрөө л санаа тавих ёстой. Энэ бол төр, засгийн, эсвэл бусдын хийх ажил биш, иргэн таны үүрэг юм шүү. Өөртөө хайртай байж, эрүүл амьдрах нь гэр бүл, үр хүүхэд, цаашлаад нийгэмдээ оруулж буй хувь нэмэр гэдгийг ухамсарлаасай хэмээн тэрбээр ахин дахин хэлсэн. Дурангийн тасгийн эрхлэгч Ж.Оюунчимэг ч “Иргэдийнхээ эрүүл мэндэд төр, засаг анхаарах учиртай ч хувь хүн өөрийгөө эрүүл байлгах үүрэгтэй” гэж онцлон захиж байв.
Тус эмнэлгийн Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг 10 эмч, 15 сувилагчтай. Мөн сувилагчийн туслах нэг бөгөөд 25 ортой. Эмч нар нь тасагтаа болон амбулаторид гурван кабинетад ээлжлэн ажилладаг юм байна. Нэг эмч амбулаториор өдөр бүр дунджаар 30 хүнд үйлчилдэг аж. Өөрөөр хэлбэл, өглөөнөөс эхлэн ажил тартал үдийн завсарлагагүй, 15 минутын зайтай “нүдүүлдэг” гэсэн үг. Зарим хүнийг дурандаж, ЭХО-д харж, эсийн шинжилгээ авах шаардлагатай учраас эл хугацаанд багтааж үзлэг хийх боломжгүй. Тэглээ гээд дугаар авсан дараалалтай хүмүүсийг “Ажлын цаг дууссан” гээд явуулах эрх байхгүй. Кабинетууд нь стандартаар бол 2-3 тасалгаатай байх ёстой юм билээ. Өөрөөр хэлбэл, үзлэгийн өрөө нь тусдаа байх учиртай ч өнөөгийн нөхцөлд эднийхэн хөшгөөр тусгаарлаад л нь “үзэж тарж” байгааг эмч нар дуулгалаа. Гэтэл хавдрын улмаас өвчтөнүүдээс тодорхой хэмжээнд үнэр ялгардаг учраас үйлчлүүлэгч, эмч, сувилагч нарт хүндрэлтэй, цаашлаад ариун цэврийн шаардлагад тохирохгүй нь мэдээж. Өөр нэг зүйл гэвэл, аппарат, тоног төхөөрөмж нь нэлээд хуучирсан гэдгийг ч тэд хэлсэн. Сүүлийн үед монголчууд эрүүл мэнддээ дэндүү хайнга, хариуцлагагүй ханддаг болсон нь хавдрыг эцсийн шат хүртэл нь “хөгжүүлэн, дэвжээх” гол шалтгаан гэдгийг В.Сувдмаа эмч онцолсныг уншигч та болгоох биз ээ.
Өнгөрсөн пүрэв гарагт тус тасгийн эмч нар уламжлал ёсоор зөвлөгөөнтэй байлаа. Үүнд тасгийн зөвлөх, Гавьяат эмч Д.Авирмэд ч оролцсон. 10.30 цагт эхэлсэн уг зөвлөгөөнөөр орсон 28-60 насны 16 өвчтөний олонх нь умайн хүзүү, өндгөвчний хавдартай гэсэн оноштой бөгөөд ирэх долоо хоногт хагалгаанд орох болов. Монгол эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний хавдрын өвчлөл их байгаа нь тун тоогүй.
Эмэгтэйчүүдийн үзлэгийн ор бүхий 114 дүгээр өрөөнд 10 гаруй эмчээс гадна 2-3 резидент эмч, зөвлөгөөнөөр “асуудлаа” шийдүүлж буй эмэгтэйчүүд “багширна”. Өвчтөн болгоны умай, өндгөвчний хаана, ямар хэмжээтэй, хэчнээн хавдар, уйланхай байгааг хэрхэх талаар эмч нар зөвлөлдөх өрөөнд бүгчим, бас эвгүй үнэртэй, ажиллахад хүндрэлтэй байсан ч эмнэлгийнхэн ажрах “сөхөөгүй”, эсвэл бүр дассан бололтой. Зарим өвчтөн эмч нарын үгийг сонсох биш, өөрийн дураар шийдүүлэхээр ирсэн мэт аашлах нь сонин. Бүр “Одоо хэвтээд, хагалуулчихъя” гэж “зөрүүдлэх” хүн ч байлаа. Монголчуудын минь араншин ийм бөлгөө.
Анагаах ухааны доктор Э.Амарсанаагаар ахлуулсан тус тасгийнхан ДЭМБ-тай хамтран умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлээд хэдэн жил болсон бөгөөд өдгөө оношилгооны шинэ арга нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эл өвчнийг үүсгэгч вирусийг тестээр илрүүлэх, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд вакцинжуулах нь өндөр үр дүнтэй болох нь олон улсад батлагдсан сайхан хөтөлбөр аж. Энэ талаар А.Эрдэнэжаргал эмч “Европын орнууд, мөн Америк, Канад зэрэг өндөр хөгжилтэй улсад умайн хүзүүний хавдрыг эрт үед нь илрүүлэн, эмчилдэг болсон учраас энэ талын өвчлөл маш их буурсан. Хавдар болохоос нь өмнө вакцинаар сэргийлэх боломжтойг тэдгээр улсын туршлагаас харж болно. Бид эл туршлагаас суралцах ёстой. Тиймээс ДЭМБ-ын санаачилгаар “Умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлэх” төсөл хэрэгжүүлэхээр эхний шатны буюу бэлтгэл ажлаа бараг дууссан. Ер нь умайн хүзүүний хавдар 1-2 жилийн хугацаанд бий болчихдоггүй. Хавдар болтлоо 15-20 жил явдаг гэхээр иргэн та эмнэлгийн үзлэг, эрт илрүүлгийн оношилгоонд тодорхой хугацааны давтамжтай хамрагдаад явбал эрүүл байх боломжтой гэсэн үг. Улсаас үнэ төлбөргүй хавдрын илрүүлэг хийе, үзлэгт хамруулъя гээд байхад л иргэд “мэдээгүй, завгүй” гэж явсаар өвчилсөн хойноо, хожуу үедээ эмнэлэгт ирж байна. Тэгээд зогсохгүй “Би өвчин зовлонтой, дараалал дугааргүй үзүүлэх ёстой, эмнэлгийнхэн намайг харахгүй, үзэхгүй байна” гэхчлэн хүндрэл үүсгэдэг. Хандлага, ухамсраас тань их зүйл хамаарахыг ойлгоосой” гэж захилаа. Үүнээс гадна хэвлэл мэдээллийнхэн болон иргэд “Хавдрын үед ямар зовиур, шинж тэмдэг илэрдэг вэ” гэж асуудаг. Хавдрыг шинж тэмдгээр оношилдоггүй. Хожуу үедээ л ямар нэгэн зовиур мэдрэгдэж эхэлдэг. Тэгэхээр өвдөөгүй, шинж тэмдэг илрээгүй гээд эмнэлэгт хандахгүй байх нь л хамгийн уршигтайг сануулсан. Мөн тэрбээр эмнэлэг болон тэндхийн ажилтнуудын ачаалал их байгаа нь олон шалтгаантай талаар ярив. Хавдрын өвчлөл нэмэгдсэн нь хүн амын өсөлттэй холбоотой. Техник технологийн дэвшил, мөн иргэд ямар нэгэн байдлаар эмнэлэгт хандаж байгаа нь ч эл өвчнийг илрүүлэхэд их нөлөөлдөг гэлээ.
ХСҮТ-ийн барилгыг 1980-аад онд хүн ам нэг сая гаруйхан байхад барьсан. Өнөөдөр ийм хэмжээний хүн Улаанбаатарт оршин сууж байна. Энэ бол тус эмнэлгийн барилга байшингийн даац хэтрэхэд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг мөн. Үүнээс гадна ХСҮТ-ийн ачааллыг бууруулж, хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхэд өрөө, эмч, боловсон хүчнээ нэмэхээс илүүтэй Монголын эрүүл мэндийн тогтолцоог эрс өөрчлөх ёстойг А.Эрдэнэжаргал эмч онцлон дурдсан. Энэ салбарыг удирдаж буй хүмүүс үүнийг сонордож байгаа гэж найдъя.
“Ийм, тийм юм хэрэгтэй, болохгүй, бүтэхгүй байна” гэж шалтаг, шалтгаан тоочилгүй өөрсдийн зүгээс боломжийн хэрээр ажиллаж байгаа болон иргэдэд сониноор дамжуулан шинэ мэдээлэл түгээх нь чухал хэмээсэн, ХСҮТ-ийн Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Э.Амарсанаа “Улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорт хавдрын мэс заслыг зөвхөн манайд хийдэг. Үүнээс гадна хүсэлтийнх нь дагуу зарим тохиолдолд хоргүй хавдрын хагалгаа хийнэ. Энэ утгаараа манай ачаалал их ч гэсэн аль болох хүлээгдэлгүй үйлчлэхийг хичээдэг. Мөн үйлчлүүлэгчдийнхээ нас, сарны мөчлөг зэргээс хамаарч хагалгаагаа төлөвлөдөг онцлогтой” гэлээ.
Тус тасгийнхан жил болгон дурангийн мэс заслын тоог нэмэгдүүлж иржээ. Өдгөө нийт хагалгааны 26 орчим хувийг энэ төрлийнх эзэлж байна. Ингэснээр ор хоногийн эргэлт богиносож, тэр хэрээр хүлээгдэл буурах нь ойлгомжтой. Нөгөөтээгүүр, дурангийн хагалгаа нь тухайн хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг, гоо зүйн талаасаа ч давуу талтайг олон улсын эмч, мэргэжилтнүүд онцолдог юм билээ. “Мэс заслын зориулалттай, нэг удаагийн, өндөр өртөгтэй багаж, хэрэгслийн үнийн 20-25 хувийг иргэн төлөхөөр зохицуулсан нь дэвшилт хагалгаануудыг нэвтрүүлэхэд нэлээд дэм болж байна” гэж Э.Амарсанаа эмч ярилаа.
ХСҮТ мэс заслын дөрвөн өрөөтэй. Тэдгээр нь Элэг, цөс, нойр булчирхайн, Толгой, хүзүүний, Цээжний хөндийн, Эмэгтэйчүүдийн болон Ерөнхий мэс заслын гэсэн таван тасгийн дундын (хэдийгээр тухайн нэг тасгийнх гэсэн хаягтай ч) өмч. Тасаг болгоны эмч нар өдөр бүр багадаа 2-3 хагалгаатай байдаг гэхээр хагалгааны өрөөний хүлээгдэл хэр байх нь ойлгомжтой. Яаралтай мэс заслын тохиолдлыг тооцохгүйгээр шүү дээ. Үүн дээр нэмж хэлэхэд, хавдрын хагалгааны цар хүрээ өргөн учраас үргэлжлэх хугацаа нь урт. Нэг мэс засалд дунджаар 4-5 цаг зарцуулдаг талаар тасгийн эрхлэгч ярив. Үүнээс гадна мэс заслын тоног, төхөөрөмж, багажууд нь элэгдэж хуучирсан тул “ээлжээ” хүлээж буйг энэ эмнэлгийн эмч бүр л хэлдэг. Ажлынх нь өрөө, багаж хүрэлцээтэй бол эндхийн эмч, сувилагч нар өдөр, шөнөгүй, “завсар, зайгүй” мэс засал хийхэд бэлэн гэсэн.
Энэ тасгаас онцлох өөр нэгэн чухал зүйл бий. Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил эзэмшиж буй оюутнууд, энэ чиглэлээр сургалт явуулдаг сургууль, байгууллагынхны сургалтын бааз болдог. Үүний зэрэгцээ эднийхэн эмэгтэйчүүдийн хавдар судлаачийг ажлын байранд нь сургаж, “төрүүлдэг” юм билээ. Энэ бол ХСҮТ-ийн сургалт ямар эрэлттэй хийгээд чухал болсныг илтгэх буй за.
ХСҮТ-д 33 жил ажилласан, өдгөө тус тасгийн ахлах сувилагч Б.Мөнхжаргал “Манайх 15 сувилагчтайгаас нэг нь боолтынх, гурав нь амбулаторид ажиллаж байна. Тасагтаа гурван ээлжээр 10 сувилагч байх ёстойгоос хоёр дутуу. Тиймээс дутуугаа “нөхөж” бусад тасгаас сувилагч ажиллуулж, хоёр ээлжээр явдаг. Ажлынхаа онцлогоос шалтгаалан манай тасаг мэс заслын өмнөх, дараах гэсэн хэсэгт хуваагддаг. Уг нь нэг сувилагч хагалгаа хийлгэсэн хоёр өвчтөнд үйлчлэх стандарттай ч өнөөгийн байдлаар энэ тоо 5-6 байна. Сувилагч дутуугаас энэ мэтээр манай ачаалал их. Байгууллага маань шөнө ажилласан сувилагчдынхаа илүү цагийн мөнгийг аль болох бодож олгодог ч заримдаа төрийн сангийн “гацаанаас” болж “унжих” нь бий” гэлээ.
Аливаа эмнэлэгт сувилагчийн туслахын үүрэг чухал гэдгийг иргэд мэднэ. Тэр дундаа хавдраар өвдсөн хүмүүст тэдний асаргаа, халамж маш их дэм болдгийг энэ тасгийн өвчтөнүүд хэлсэн. “Хагалгааны дараа хөдөлж, явж чадахгүй, “нойрноосоо бүрэн сэрээгүй” байхад гар, хөлийг минь арчиж, барьж, дулаацуулаад, толгой илж “Одоо бүх зүйл сайхан болсон. Удахгүй босоод гүйнэ” гэхчлэн урмын үг хэлдэг Баасанжав сувилагч ажилдаа их сэтгэлтэй ханддаг” гэж магтсан бол тэрбээр “Манай тасгийн өвчтөнүүд сахиургүй байдаг учраас надаас шалтгаалах зүйлийг чадлаараа хийж, тусалж, сайхан үйлчлэхийг хүсдэг. Ажил их байдаг ч “ёоё, ёох” гэж өвчин зовлонтой хүмүүст нэрмээс болохгүйг хичээдэг” гэсэн. Тэрбээр ХСҮТ-д 15, энэ тасагтаа 10 жил ажиллаж буй.
Энэ мэтээр ХСҮТ-ийнхөн эрвийж, дэрвийхээрээ ажиллаж байна. Ажлынх нь нөхцөлийг сайжруулаад, дэмжээд өгвөл монгол эмч нар минь дэлхийд гологдохгүй мэдлэг, чадвартай болсныг хэн хүнгүй мэдэх билээ.