2018 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн шөнийн 01 цаг 10 минутад Хан-Уул дүүргийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна гэсэн дуудлагын дагуу түргэн тусламжийн эмч очиж үзлэг хийжээ. Үзлэгийн явцад дуудлага өгсөн эмэгтэйн нөхөр нь согтууран танхайрч тусламж үзүүлж буй эмчид хүндрэл учруулсан талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ талаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дуудлагын дагуу эмч өвчтөнийг үзэж байх зуур нөхөр нь эмчийг хэл амаар доромжилсон. Энэ үед өвчтөнийг зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч, эмнэлэг хүргэх замд нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон түргэн тусламжийн автомашины араас мөргөсний улмаас машин дотор тусламж үзүүлж явсан эмч гэмтэл авч, автомашинд их хэмжээний эвдрэл учруулсан. Энэ үед үйлчлүүлэгчид тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан байна. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн" гэв.
Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа согтуу болон янз бүрийн авиртай улсын халдлагад өртөх эрсдэлтэй байна. Сүүлийн зургаан сарын хугацаанд эмч нарыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь дайрах, цохих, зодох асуудал олон гарсан. Өвчтөний нөхөр үнэхээр гомдолтой байгаа бол хүч хэрэглэх бус холбогдох байгууллагад хандаж шийдүүлж болоогүй юм бэ. Эмч зүй бусын шаардлага тавиагүй. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл эмч нар ажлаа хийж явсныхаа төлөө доромжлуулж, халдлагад өртөж байна. Тиймээс иргэд энэ мэт тохиолдолд тайван хүндэтгэлтэй хандахыг хүсч байна” гэв.