Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ долоо хоногт гурван хүнд элэг солих хагалгаа хийхээр төлөвлөжээ. Тус багийн зөвлөх, доктор, профессор Д.Нямсүрэн “Энэ сарын 11-нд манай эмч нар 61 дэх хүндээ элэг шилжүүлэн суулгасан бол 12, 14-нд дараагийн хоёр хагалгааг хийх гэж байна.
Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хоёр, энэ долоо хоногт мөн хоёр, нийт 172 дахь хүндээ бөөр шилжүүлэн суулгалаа. Улсын нэгдүгээр төв эмнэлэг жилд 15-20 хүнд ийм хагалгаа хийхээр төлөвлөдөг. Он гарсаар 27 хүнд бөөр шилжүүлэн суулгасан нь зорилтоо давуулан биелүүлсэн гэсэн үг” хэмээв.
Элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан бие даан 31 хүнд энэ нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд буй юм. Хагалгааны зардал нь 85 орчим сая төгрөг бөгөөд 2017 оноос улсын төсвөөс нийт өртгийн 90 хувийг нь санхүүжүүлэх болсноор иргэдийн нуруун дахь ачааг хөнгөлсөн юм. Тодруулбал, өвчтөн өдгөө 8-10 сая төгрөг төлөөд элэг шилжүүлэн суулгуулж байна.