Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар нар Баянзүрх дүүргийн 27 өрхийн эрүүл мэндийн төвд нярайн шарлалт хэмжих аппарат, ургийн хөдөлгөөн, зүрхний цохилт болон эхийн умай агшилтыг хэмжих аппарат, шарлагын аппаратыг гардуулж өглөө.
Нийслэлийн хэмжээнд хамгийн олон хүн амтай буюу 347 мянган хүнд нийгмийн эрүүл мэнд болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг тус дүүргийн ӨЭМТ тус бүрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ЭМЯ-наас нийт гурван төрлийн 81 ширхэг тоног төхөөрөмжийг олгож байгаа юм.
Нярайн шарлалт хэмжигч, ургийн зүрхний цохилт, хөдөлгөөн хэмжих аппаратууд нь ӨЭМТ-д нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн нэг байсан бөгөөд ийнхүү тус бүртээ аппараттай болсноор жирэмсэн эх болон нярайн эмгэгийг эрт үед нь оношлох бүрэн боломжтой болжээ. Мөн УВЧ буюу шарлагын аппаратаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдийн тоо олон тул физик эмчилгээний хүртээмжийг сайжруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээг илүү ойр, хүлээгдэл чирэгдэлгүй хүргэж чадахуйц болсон байна.