Армений парламентын ээлжит бус сонгуулийн урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Никол Пашиняны тэргүүлдэг “Миний алхам” улс төрийн хүчин саналын 70%-ийг аван ялалт байгуулж байна. Түүний араас “Армений цэцэглэлт” нам 8,3% -ийн санал, “Армений гэгээрэл” нам 6,45%-ийн саналтай явж байна. Сонгуулийн төв хорооны мэдээллээр сонгуулийн ирц 48,63% хувьтай явагдсан бөгөөд өмнөх 2017 оны сонгуультай харьцуулахад бага байсан аж. Эл сонгууль тус улсын анхын ээлжит бус сонгууль гэдгээрээ онцлог бөгөөд энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн өнгөт хувьсгалын дуусгавар гэж болох юм. Өнгөт хувьсгал өрнөх гол шалтгаан Армен Улсын Ерөнхийлөгч асан Серж Саргсяныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн явдал болжээ. Саргсян тус улсын Ерөнхийлөгчийн албыг хашиж байхдаа 2015 онд тус улсад Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах санал асуулга явуусны дүнд 2018 оны дөрөвдүгээр сард ерөнхийлөгчийн суудлыг ерөнхий сайдад шилжүүлэх боломжийг гаргасан бөгөөд тухайн үеэдээ эл арга хэмжээг улсынхаа ардчилал, эрх чөлөөний төлөө хийгдэж байгааг батлан өөрөө ерөнхийлөгчид ч ерөнхий сайдад ч нэр дэвшихгүй хэмээн ам гарч байжээ.
Нийтийг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөний шахалтаар Серж Саргсян дөрөвдүүгээр сарын 23-ны өдөр албан тушаалаасаа огцорч, тавдугаар сарын 8-нд оронд нь сөрөг хүчний тэргүүлэгч Никол Пашинян ерөнхий сайд болсон байна. Гэсэн хэдий ч тус улсын хууль тогтоогч байгууллагын ихэнх суудлыг Бүгд найрамдах нам эзэлж байсан тул Пашинянд парламентын дэмжлэг дутаж байлаа. Парламентыг тарааж, ээлжит бус сонгууль явуулахын тулд Пашинян өнгөрөгч аравдугаар сарын 16-нд ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн ч үүрэг гүйцэтгээгчээр үлдсэн байна. Түүний хаврын эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр өгч байсан гол амлалт нь парламентын ээлжит бус сонгуулийг явуулах явдал байжээ. “Жинхэн утгаараа цэвэр, тунгалаг, ардчилсан сонгууль явуулах зорилгодоо бид хүрлээ” гэж тэрбээр саналаа өгч байхдаа сэтгүүлчдэд хэлсэн байна.